Гавъяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын бие даасан “Ижил заяа” тоглолт болох гэж буйг сонсоод бэлтгэлийнх нь үйл явцыг сонирхохоор өдрийн 12 цагийн үед Бөхийн өргөөг зорилоо. Үүдээр нь очиход нэг жаахан охин хөгжилтэй нь аргагүй дуулах нь сонстов. Цааш ортол хоёр дуучин тэр охиныг дэмжин алга ташиж, нөгөө охин ч бүжиглээд тэдний тоглолтын бэлтгэл оргил үедээ явна. Энэ охин тэдний ач гэнэ. Гурван настай байхдаа дуулж байсан “Цагаан баавгайн бамбарууш” дуугаа давтаж байгаа нь энэ. Охиныг дуулж дуусангуут тэд тайз руу гарч дуугаа бэлдэж эхэллээ. Энэ хооронд ач охинтой нь уулзлаа. Тэрбээр хар багаасаа л өвөө эмээгээ дагаж аялан тоглолтоор явсаар тэдний шийрийг хатаах сайн дуучин болох шинжтэй, хүчтэй хоолойтой, хэвлүүхэн яриатай охин байлаа. Одоо дөрөвдүгээр ангид сурдаг бөгөөд дуучин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэнэ. Тэрбээр “Миний өвөө, эмээ, аав ээж, ах бүгд дуучин. Би ч дуучин болно. Намайг хүмүүс их мэддэг болсон. Гадуур явж байхад заримдаа гарын үсэг авдаг шүү” хэмээн бахархан ярив. Охинтой ярилцаж байх үеэр дуучин хос тайзнаас үзэгчидтэйгээ мэндлэх үгээ бэлдэж байв. Зарим дуучны яриаг сонсож байхад “Тайз засалтын хувьд тийм ийм байна, их анхаарч байгаа” гэхчлэн ярьдаг. Тэгвэл тэд энэ асуудалд тийм ч их анхаараагүй бололтой. Харин микрофон, дуу өсгөгчийн дуугаралт хэр байгааг анхааралтай шалгаж байна билээ. Энэ ч нь ч зөв биз. Тэдний бэлтгэлийг харахад яг л тоглолт болж буй мэт. Хоолой муудна ч гэж бодох юм алга. Хамаг чадлаараа дуулах юм. Хамгийн гол нь бэлтгэлдээ сэтгэлээсээ хандаж буй нь гар хөлийн хөдөлгөөн, хоорондоо харьцан дуулах зэргээс нь харагдаж байв.
   Бэлтгэлийн дундах завсарлагаанаар хоёр дуучинтай цөөн хором ярилцлаа. Тэд хослон дуулж эхэлснийхээ 30 жилийн ойд зориулж “Зуун дамжсан дуун эгшиг” нэртэй уран бүтээлийн тоглолт 2007 онд хийснээс хойш нийслэлийн үзэгчидтэй уулзаагүй байсан юм. Харин энэ хугацаанд 21 аймгийн 365 сумаар аялан тоглож, орон нутгийн үзэгчиддээ бэлэг бариад иржээ. Тэд хоёр хүүтэй бөгөөд аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж бас л дуучин болсон аж. Хоёр хүүгийнх нь гэргий ч мөн бүжигчин мэргэжилтэй урлагийн хүмүүс. Хуучин нийгмийн үеийн урлагийн жинхэнэ хоёр сүпер од одоо ч жавхаатай, өнгөлөг харагдана. С.Вандан гуай бэлтгэлийнхээ үеэр костюм пиджак өмсч, түүний брэнд гэж хэлж болох бүрх малгайгаа өмссөн байна. Харин Д.Дуламсүрэн гуай өндөр өсгийтөө өмсч, үсээ задгайлж бүжиглээд ёстой л арван наймт шиг жавхалзана. Урлагийн хүмүүс удаан хөгширдөг гэж үнэн бололтой. Тэд гуч гаруй жилийн өмнө олонд шагшигдаж явсан үеээсээ нэг их дутаад байхааргүй толиотой байна. Тэрбээр “Бид хоёр Бөхийн өргөөнд их хайртай. Залуугаасаа л энд тоглолтоо хийдэг байсан болохоор бүр дасчихсан. Их ч сайхан энергитэй газар” хэмээв.
   Хоёр уран бүтээлч урьд нь пянз, кассет гаргаж байснаас CD гаргаж байгаагүй гэнэ. Харин саяхан шинэ, хуучин 19 дуунаас бүтсэн анхны цомгоо өлгийджээ. С.Вандан гуай хэлэхдээ “Цомогт манай хоёр хүү, ач охины дуу багтсан болохоор гэр бүлийн цомог гэж нэрлэж болно. Цаашид ард түмний сонсож, дагаж дуулах дуртай хуучны дуу болон шинэ уран бүтээлүүдээ клипжүүлж, улам урам зоригтой ажиллана. Мөн хоёр хүүгийнхээ уран бүтээлийг дэмжиж, ард түмний хайртай дуучин болгохын төлөө хөдөлмөрлөнө. Энэ бид хоёрын үүрэг шүү дээ” гэсэн юм. Тэд жил бүр тоглолт хийхийг боддог ч аялан тоглолтоос болж гурван жил тасалджээ. Одоо энэ уламжлалаа алдахгүй гэж байсан. “Ижил заяа” нэртэй шинэхэн уран бүтээлээрээ нэрлэсэн энэ тоглолт тэдний бие даасан 24 дэхь тоглолт юм байна. Тэд 35 жилийн өмнө “Ханьсах заяа” дуугаар анх үзэгчидтэйгээ уулзаж байсан бол 35 жилийн дараа “Ижил заяа” нэртэй дуу дуулж, түүнийгээ хэдхэн хоногийн өмнө клипжүүлж, олны хүртээл болгожээ. Тиймээс энэ дуундаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа бөгөөд клипээ өөрсдийнхөө ажил амьдралын тухай өгүүлэмжээр хийлгэжээ. Тийм ч болохоор ард түмний сэтгэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
   Төв аймгийн “Монгол туургатан” театрт ажилладаг тэдний уран бүтээлийг хамт олон, найз нөхөд нь их дэмждэг бөгөөд тэднийхээ хүч, үзэгчдийн дэмжлэгээр өдий хүрсэн гэдгээ хэлж байсан. Мөн “Бид хоёрыг аялан тоглолтоор яваад их мөнгө төгрөг олдог гэж хүмүүс боддог байж магадгүй. Үнэндээ бид ард түмэнтэйгээ уулзаж, тэднийхээ сайхан дурсамжийг сануулахыг хүсдэг учраас л ингэж явна. Нэг дуу, клипийг хэчнээн төгрөгөөр хийдэг билээ. Дээрээс нь тоглож байгаа газрын тайзны хөлс гээд орлогоосоо илүү зарлагадах тохиолдол цөөнгүй шүү дээ. Бид мөнгөнд биш уран бүтээлдээ хайртай” гэсэн юм. Намайг явахад тэд бэлтгэлээ үргэлжлүүлсээр үлдсэн. Орой 19 цагаас болох тэдний тоглолт гурван жилийн турш хүлээлттэй байсан үнэнч үзэгчдийн халуун дулаан уур амьсгал, алаг ташилтын дунд сайхан болох байх аа.

Сэтгэгдэл (1)