Төв аймгийн иргэд газартай холбоотой 70 орчим төрлийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрджээ. Тодруулбал, 52 төрлийн өргөдлийг цахимаар өгөх, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах юм.
Мөн цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах боломжтой байна. Дээрх цахим үйлчилгээг үзүүлэх киоск машиныг Төв аймгийн Алтанбулаг, Баянчандмань, Баянцогт, Батсүмбэр, Сэргэлэн, Жаргалант, Эрдэнэ зэрэг долоон суманд болон аймгийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвд суурилуулжээ.
Цахим машинаас иргэн, хуулийн этгээдийн авах үйлчилгээнүүд:
- Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрээ;
- Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ;
- Кадастрын зураг;
- Газрын барьцаа, төлбөрийн мэдээлэл лавлагаа;
- Газрын төлбөрөө QR-аар төлөх;
- Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлтийг авах боломжтой юм.
Энэхүү киоск машин нэвтэрснээр газрын харилцааны салбар дахь шат дамжлагыг цөөлөх, оочер дарааллыг бууруулж, төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай болгож, цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой хэмээн БХБЯ мэдээлжээ.