Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт (НДШ)- ийн 2025 оны нэгдүгээр улиралд нийт 53.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 811.6 мянган ажиллагч хамрагджээ. Харин шимтгэл төлсөн ААНБ-ын тоо 2024 оны мөн үеийнхээс 4.4 мянгаар шимтгэл төлсөн ажиллагчид 58.2 мянгаар нэмэгдсэн байна.
Эхний улирлын тайланд хамрагдсан нийт ажиллагсдын 117.6 мянга нь боловсролын, 113.6 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 81.8 мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын, 76.1 мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн, 49.6 мянга нь уул уурхай, олборлолтын, 49.1 мянга нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн, 48.8 мянга нь тээвэр, агуулахын, 48.3 мянга нь барилгын, 32 мянга нь санхүүгийн болон даатгалын, 27.5 мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх, 167 мянга нь бусад салбарынх.
Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 622 мянган төгрөг, голч цалин 2 сая 245 мянган төгрөг, харин үндсэн цалингийн дундаж 2 сая 386 мянган төгрөг.
Сарын дундаж нэрлэсэн цалинг ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын цалин хамгийн өндөр буюу 4.9 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 88.2 хувиар их байна. Харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага 1.7 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 35.5 хувиар бага байгаа юм. Цахилгаан, хий, уур, агааржуулалтын агааржуулалтын салбарын ажиллагчдын голч цалин 4 сая төгрөг байгаа нь хамгийн ихэд тооцогдсон.
Сарын дундаж цалинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх 2.8 сая, эмэгтэйчүүдийнх 2.4 сая төгрөг байна.