Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр насны ангилалд алтан медаль хүртсэн “Royal dance” хамтлагийн бүжигчдийг хүлээн авч уулзлаа. Тодруулбал, “Royal dance” хамтлагийн бүжигчид Португалийн Брага хотод зохион байгуулагдсан WDSF Хореографик латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд түрүүлж, хос алтан медалийн эзэд болсон билээ.
НИТХ-ын дарга А.Баяр “Royal dance” хамтлагийн дасгалжуулагч багш ОУХМ О.Эрдэнэ-Очир болон бүжигчдийг хүлээн авч уулзан, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, үе тэнгийнхэндээ урлаг соёлоор дамжуулан үлгэр дуурайлал үзүүлж буйг талархал илэрхийлж, баяр хүргэлээ.
Дасгалжуулагч багш ОУХМ О.Эрдэнэ-Очир Брага хот дахь тэмцээний өмнөх бэлтгэлийн заалны зардлыг НИТХ-аас дэмжлэг үзүүлж ажилласанд мөн талархал илэрхийлж, цаашдын тэмцээн уралдаандаа баг тамирчдаа илүү сайн бэлтгэлээр хангаж ажиллахаа илэрхийллээ. Учир нь 20, 30 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдад хамгийн тулгамддаг асуудал нь томоохон бэлтгэлийн заал байдаг гэдгийг онцоллоо.
Харин НИТХ-ын дарга А.Баяр тус хамтлагийг эх орноо бүжгийн спортоор дамжуулж дэлхийд сурталчилан таниулж, хүүхэд залуусыг урлаг соёлоор дамжуулан хөгжүүлж, үлгэр дуурайлал үзүүлж буйг онцлон сайшааж цаашдын дэлхийн чанартай уралдаан тэмцээнд бэлтгэх хангах заалны асуудлыг шийдэхээ илэрхийллээ. Мөн “Royal dance” хамтлагийн бүжигчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа.