Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Үндэсний эвслийн дөрвөн гишүүн бий. Бид дөрөв хуралдахад цаг шаардаад байх юм байхгүй. Том намын шийдвэрийг харж байгаад бид хэд яаралгүй шийдвэрээ гаргана. Миний бодлоор Төр цомхон, ил тод байх нь зүйтэй. Ерөнхий сайд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд багаа бүрдүүлэх ёстой. Бодвол олонхийг бүрдүүлж байгаа МАН-ын гишүүдэд бүгдэнд нь таатай шийдвэр гарахгүй байх магадлалтай.
1996-2000 оны түүх давтагдаад Засгийн газар нь гурав, дөрөв унавал Монгол Улсад итгэх гаднын байгууллага, тогтвортой ажиллах төр ч олдохгүй.
Үндсэн хуулийн стандартын дагуу бол ялсан нам багаа бүрдүүлээд явах ёстой. Хууль зүйн талаасаа дангаараа байгуулаад яваасай гэж бодож байна. Харин хувь хүн талаас харахад хамтрахаас өөр гарцаагүй, тоотой парламент бүрдчихээд байгаа юм. МАН-ын 68 гишүүн дотроос 5 гомдох хүн бол амархан олдоно" гэв.
Д.Батчулуун