Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, 7.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Журам батлах тухай” 204 дүгээр тогтоолоор "Соёл, урлагийн ажилтны өдөр"-ийг 9 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн ням гаригт үндэсний хэмжээнд тэмдэглэж байхаар тогтсон билээ.
Энэхүү тэмдэглэлт өдөр нь дэлхий даяар тархан суугаа соёл, урлагийн салбарт хүчин зүтгэж буй хүн бүрийн эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажлаараа бахархах, омогших, үлгэрлэн таниулах, түүчээлэн өвлүүлэх бахархалт өдөр юм.
Үндэсний оюун санааны дархлаа болсон түүх, эх хэл, соёл урлаг, зан заншил, өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билиг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсаар ирсэн соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагч, уран бүтээлч, эрдэмтэн судлаач, өвлөн уламжлагч та бүхэндээ Соёл, урлагийн ажилтны өдрийн баярын мэндийг хүргэе.
Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам