
Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд мах, махан бүтээгдэхүүний салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулсан мэдээлэл, санал солилцох арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар болон Монголын махны холбооны удирдлагууд, экспортлогч компаниуд оролцож, Евразийн зах зээлд мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж, анхаарах асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: “Бид ОХУ-ын стандарт, хэмжил зүйн байгууллагатай хамтын ажиллагааны төлөвлөгөөг албан ёсоор баталлаа. Мөн худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 49,000 гаруй стандартыг эх хувиар нь авч, ашиглах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбооноос 52 техникийн зохицуулалтыг хүлээн авсан бөгөөд эдгээр зохицуулалтыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлснээр үйлдвэрлэгчид Евразийн зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ саадгүй нийлүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна.”

Мөн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын боломжийн талаар байр сууриа илэрхийллээ.
Евразийн эдийн засгийн холбооны гишүүн таван улсаас Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хэлэлцээрийг соёрхон батлаад байна. Харин Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Армени Улс соёрхон батлуулахаар парламентдаа өргөн бариад байгаа билээ.
Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас экспортлох 367 нэр төрлийн бараанд импортын тарифыг тэглэхээр тохирсон бөгөөд үүний 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна.
Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, нэхмэл эдлэлийн экспортыг нэмэгдүүлэх, мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 180 сая хүн ам бүхий томоохон зах зээлийг нээх, уул уурхайн бус экспортын төрөлжилтийг дэмжих стратегийн ач холбогдолтой юм.























































