
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын үеэр хотын дарга Х.Нямбаатар НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг манай улсад зохион байгуулах гэж байгаа нь туйлын ач холбогдолтой гэж үзэж байна хэмээгээд Улаанбаатар хотын хувьд зөвхөн зохион байгуулагч хот байхаас илүү идэвхтэй оролцоог ханган, дэлхийн хотуудын өмнө тулгамдаж буй цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, тоосжилт, хөрсний эвдрэл, шилжилт хөдөлгөөн, мөн хот, хөдөөгийн уялдааг шинээр тодорхойлох шаардлагад хотын удирдлагын түвшинд хамтын манлайллыг бий болгож, олон улсын тавцанд таниулах зорилгоор UNCCD COP17 “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулахаар санаачлан ажиллаж байгаа гэдгээ хэлэв.
Мөн тэрбээр UNCCD COP17 “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг хөх бүсийн албан ёсны хөтөлбөрт оруулж өгсөнд талархал илэрхийллээ.
UNCCD COP17 “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг 2026 оны наймдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж, Улаанбаатар хотноо нийт 200-300 хотын дарга нарыг урихаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Уулзалтаар талууд цаашид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, UNCCD-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хотуудын оролцоог нэмэгдүүлэх, бодит үр дүнд хүрсэн, тогтвортой түншлэлийг бий болгоход нягт хамтран ажиллах талаар санал солилцов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС






















































