
Солонгосын хойгийг хамарсан түүхэн халууны давалгаа ид өрнөж байна. Энэ үеэр Хойд Солонгосын "Вонсан-Калма" далайн эргийн шинэ амралтын бүсийг сурталчилсан дүрс бичлэгүүдийг тус улсын төрийн телевизээр тасралтгүй цацаж байгаа ажээ. Харин халалтын улмаас хүний амь нас эрсэдсэн эсэх, хэчнээн хүн хохирсон зэрэг мэдээллийг бараг нийтлэхгүй байгаа нь олон улсын анхаарлыг татах болов.
CNN-ийн сурвалжлагч Уилл Риплигийн мэдээлснээр, Хойд Солонгосын төрийн телевизээр олон мянган хүн далайн эрэг дээр амарч, усанд тоглож буй дүрсийг үзүүлэн шинэ аялал жуулчлалын бүсийг сурталчилжээ. Энэ нь Ким Жон Уны олон жилийн турш хэрэгжүүлсэн аялал жуулчлалын томоохон төслүүдийн нэг бөгөөд улсынхаа эдийн засагт орлого оруулах зорилготой гэнэ.
Солонгосын хойгийг сүүлийн 100 гаруй жилийн хамгийн хүчтэй халууны давалгаа нөмөрч байна. Өмнөд Солонгост агаарын температур 42.5 хэм хүрч түүхэн дээд амжилт тогтоосон бөгөөд халууны улмаас дор хаяж 14 хүн амиа алдаж, 1,800 гаруй хүн халуунд цохиулан эмнэлгийн тусламж авчээ. Засгийн газар онцгой байдлын хариу арга хэмжээг нэмэгдүүлж, сэрүүцүүлэх байр, ундны ус, сүүдрэвч зэрэг арга хэмжээг өргөжүүлсэн байна.
Харин Хойд Солонгост мөн 40 хэмд дөхсөн халуун үргэлжилж байгаа ч төрийн хэвлэлүүд хүн хохирсон талаар бараг мэдээлээгүй байна. Үүний оронд далайн эрэг, усан паркаар үйлчлүүлж буй иргэдийн дүрсийг түлхүү харуулж, халуунаас хамгаалах зөвлөмжийг л хүргэжээ.
"Вонсан-Калма" амралтын бүс нь нэг дор 20 мянга орчим жуулчин хүлээн авах хүчин чадалтай. Мөн тансаг зочид буудал, наран шарлагын газар, усан парк зэрэг олон байгууламжтай юм байна. Гэвч одоогоор ихэнх гадаадын жуулчдад хаалттай хэвээр байгаа бөгөөд дотоодын амрагчдыг татахад голлон анхаарч байгаа ажээ.
Л.Баяр




















































