
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн Тилли Норвуд хэмээх виртуал дүр дахин Холливудын анхаарлын төвд орлоо. Тэрээр бодит хүн биш боловч кино, сурталчилгаа болон бусад дүрслэлд жинхэнэ жүжигчин мэт тоглож, олон нийтийн сүлжээнд өөрийн нэрээр контент нийтэлдэг. CNN-ийн сурвалжлагч Элизабет Вагмайстер Тиллигийн анхны “камерын ярилцлага”-д оролцож, хиймэл оюун ухаанаар бүтээсэн дүр үнэхээр жүжиглэж чадах эсэхийг хөнджээ.
Тилли Норвудыг Лондонд төвтэй продюсер Элайн ван дер Велдений үүсгэн байгуулсан Particle6 компанийн хиймэл оюун ухааны салбар Xicoia бүтээжээ. Түүнийг 2025 онд танилцуулснаас хойш “дэлхийн анхны AI жүжигчин” хэмээн нэрлэж, кино урлагийн салбарт ихээхэн маргаан дагуулсан байна.
Тиллигийн дүрийг ашигласнаар кино үйлдвэрлэлийн зардлыг 90 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж бүтээгчид нь үзэж байна. Мөн түүнийг зөвхөн нэг дүрээр хязгаарлахгүйгээр кино, сурталчилгаа, хөгжмийн бүтээл зэрэг олон төрлийн контентод ашиглах боломжтой аж.

Гэвч энэ технологийг Холливудын жүжигчид таатай хүлээж аваагүй. Тэд хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчид хүний хөдөлмөрийг орлох, жүжигчдийн цалин хөлс, ажлын байр, уран бүтээлийн үнэ цэнийг бууруулах эрсдэлтэй гэж үзэж байна. Мөн хүний царай, дуу хоолой, жүжиглэлт зэрэг бүтээлч хөдөлмөрийг зөвшөөрөлгүйгээр ашиглахтай холбоотой эрхийн асуудал үүсэж болзошгүй юм.
Тилли Норвудын жишээ нь хиймэл оюун ухаан кино урлагийн салбарт хүнийг орлох эсэхээс гадна “жүжигчин” гэж хэнийг нэрлэх вэ, уран бүтээлийн эзэмшигч нь хэн байх вэ гэсэн шинэ асуултуудыг бий болгож байна.
Ийнхүү Тилли Норвуд бодит хүн биш ч Холливудын ирээдүйн талаар бодит маргааны төвд оржээ. Технологи хөгжихийн хэрээр хиймэл оюун ухаан кино үйлдвэрлэлийн зардлыг бууруулах шинэ хэрэгсэл болох уу, эсвэл хүний уран бүтээлчдийг ажлын байрнаас нь шахах хүчин зүйл болох уу гэдэг асуудал улам хурцаар тавигдах төлөвтэй байна.
























































