
Кремлийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, Трамп Украины дайныг аль болох хурдан дуусгах хүсэлтэй байгаагаа Путинд илэрхийлсэн байна. Трампын үзэж буйгаар, Украины дайн дууссанаар АНУ, ОХУ-ын харилцааг бүрэн сэргээх, худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон боломж нээгдэх аж. Тэрбээр энх тайвны асуудлаар өөрийн бүрэн эрхийн хугацаанд бодит ахиц гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Путин энэ байр суурийг дэмжсэн гэж Кремль мэдээлжээ.
Путин Украины дайны талбар дахь нөхцөл байдлын талаар Трампад мэдээлж, мөргөлдөөнийг зогсоохын тулд АНУ ямар алхам хийх боломжтой талаар өөрийн байр суурийг танилцуулсан байна. Мөн Путин ОХУ Европын орнуудад халдах, түрэмгийлэх төлөвлөгөөгүй гэж мэдэгджээ. Энэ нь сүүлийн үед Европын зарим улс ОХУ-ыг нутаг дэвсгэртээ хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна хэмээн буруутгаж байгаатай холбоотой байр суурь юм.
Путин, Трамп нарын утасны яриа АНУ-ын тусгай төлөөлөгчид болох Стив Уиткофф болон Жаред Кушнер нар Москва, Киевт ажилласны дараа болсон юм. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр талын төлөөлөгчидтэй уулзаж, Украины дайныг дипломат аргаар дуусгах шинэ санал, хувилбаруудыг хэлэлцсэн байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын төлөөлөгчдийн танилцуулсан саналуудыг “боломжийн, үнэ цэнтэй санаанууд” гэж үнэлсэн ч уулзалтууд бодит шийдэлд хүрээгүй гэдгийг онцолжээ. Тэрбээр цаашид АНУ болон Европын түншүүдтэйгээ хамтран хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. АНУ-ын дипломат хүчин чармайлтын хүрээнд ОХУ, Украин, АНУ-ын гурван талын уулзалтыг дахин зохион байгуулах боломжийг хэлэлцэж байна.
Ийм уулзалтыг Турк, Арабын Нэгдсэн Эмират, Швейцарь зэрэг улсад зохион байгуулах боломжтой гэж Зеленский мэдэгджээ. Хэлэлцэх асуудлын хүрээнд үр тарианы экспорт, эрчим хүчний дэд бүтэц болон дайны олзлогдогсдыг солилцох асуудал багтаж болох юм. Гэхдээ энх тайвны зам хол хэвээр байна. Хэдийгээр Путин, Трамп нарын яриа дипломат үйл явцыг дахин идэвхжүүлэх дохио болсон ч дайныг зогсоох бодит тохиролцоонд хүрэхэд гол саад болсон асуудлууд хэвээр байна.
Ялангуяа Украины зүүн хэсгийн Донбассын нутаг дэвсгэрийн ирээдүй, Украины НАТО-д элсэх асуудал болон аюулгүй байдлын баталгааны талаар Москва, Киевийн байр суурь эрс зөрүүтэй хэвээр байгаа юм.
Үүний зэрэгцээ хоёр тал цаашид олзлогдогсдыг солилцох ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн байна. Путин, Трамп нар шаардлагатай тохиолдолд дахин утсаар холбогдож байхаар тохиролцжээ.
Ийнхүү Украины дайн тав дахь жилдээ үргэлжилж буй энэ үед Вашингтон, Москвагийн хооронд дипломат харилцаа дахин идэвхжиж байгаа ч энэ нь одоогоор гал зогсоох эсвэл энх тайвны гэрээ байгуулах тохиролцоо болсон гэсэн үг биш юм. Харин хоёр талын яриа хэлэлцээг үргэлжлүүлэх суваг нээлттэй хэвээр байгааг харуулсан үйл явдал болж байна.
Л.Баяр























































