
2025 оны үзүүлэлтээр агаарын бохирдолтой орнуудын жагсаалтад Монгол Улс 47 дугаарт бичигдсэн ч Улаанбаатар хотын агаарын чанар өмнөх оноос сайжирсан талаар дэлхийн судалгааны байгууллагын тайланд дурджээ.
Швейцарын агаарын чанарын судалгаа, мэдээллийн байгууллага IQAir-аас гаргасан 2025 оны дэлхийн агаарын чанарын тайланд Монгол Улс агаарын бохирдлоор дэлхийн 143 улс, бүс нутгаас 47 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Тус тайлангаар Монголын агаар дахь нарийн ширхэгт тоосонцор PM2.5-ын жилийн дундаж агууламж нэг шоо метрт 17.8 микрограмм байжээ.
Энэ нь 2024 оны 25.6 микрограммтай харьцуулахад мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн жилийн дундаж 5 микрограмм/м³ хэмжээнээс 3.5 дахин их хэвээр байна.

IQAir-ын тайланд дурдсанаар, 2025 онд агаарын бохирдол хамгийн өндөртэй орнуудаар Пакистан, Бангладеш, Тажикистан, Чад болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс нэрлэгджээ. Эдгээр улсын PM2.5-ын жилийн дундаж агууламж 50 микрограмм/м³-ээс давсан байна.
Улаанбаатарын агаарын чанар сайжирсан гэх үзүүлэлт

Монгол Улсын агаарын бохирдлын голомт болсон Улаанбаатар хотын үзүүлэлт мөн өмнөх оноос буурсан байна. IQAir-ын мэдээллээр нийслэлийн PM2.5-ын жилийн дундаж агууламж 2024 онд 25.7 микрограмм/м³ байсан бол 2025 онд 17.9 микрограмм/м³ болж буурчээ.
Гэхдээ энэ нь агаарын бохирдлын асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш юм. Ялангуяа өвлийн улиралд гэр хорооллын түлшний хэрэглээ, автомашины утаа, цаг агаарын нөхцөл зэрэг хүчин зүйл агаарын чанарт нөлөөлсөөр байна. Намар шувтарч хүйтэн цаг агаар наашилж буй энэ үед ч Сонгинохайрхан дүүрэг орчмоор агаарын бохирдол ихээр ажиглагдаж байгааг хотын иргэд анзаарсан биз.
PM2.5 нь хүний үснээс хэд дахин нарийн ширхэгтэй тоосонцор бөгөөд амьсгалын замаар уушгины гүнд нэвтэрч, цусны эргэлтэд хүрэх эрсдэлтэй. Удаан хугацаанд өртөх нь зүрх, судас болон амьсгалын замын өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. IQAir-ын 2025 оны тайланд дэлхийн 143 улс, бүс нутгийн мэдээллийг хамруулсан бөгөөд тэдгээрийн 130-д нь PM2.5-ын жилийн дундаж агууламж ДЭМБ-ын зөвлөмжөөс давсан байна.
Манай улс олон жилийн турш агаарын бохирдлын асуудалтай нүүр тулсан. 2025 оны үзүүлэлтээр өмнөх оноос ахиц гаргасан ч агаарын чанарыг олон улсын эрүүл мэндийн зөвлөмжид нийцүүлэхийн тулд бохирдлын эх үүсвэрийг бууруулах, цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага хэвээр байна.
Л.Баяр





















































