
АНУ-ын Калифорни мужийн номын санд хар баавгай гэнэт орж ирэн, номын тавиуруудын дундуур явж, ажилтнуудын хүнсний зүйлээс идэж буй нь хяналтын камерт бичигджээ.
Уг явдал Калифорни мужийн Моно тойргийн Маммот-Лейксийн нийтийн номын санд аравдугаар сарын 14-ний өглөө, номын сан нээгдэхээс өмнө болжээ. Баавгай өглөөний 06:10 цагийн орчимд барилга руу орж, ажилтнуудын амрах өрөөнд байсан хүнсний зүйлсийг идсэн байна.
Тэрбээр самрын тос, тоорын жимсний нухаш, жигнэмэг болон нэг сав зөгийн бал идсэн бөгөөд дараа нь лавлах ширээ, шинэ номын хэсгээр явж, номнуудыг үнэрлэн сонирхжээ. Улмаар баавгай өөрөө буцаж гарсан бөгөөд номын санд хүн болон эд хөрөнгөд хохирол учраагүй байна.
Энэ явдал хүүхдийн зохиолч А.А. Милнигийн “Винни-Пүүх” (Winnie-the-Pooh) ном хэвлэгдсэний 100 жилийн ойтой давхцсан нь олны анхаарлыг татжээ. Зөгийн балд дуртай баавгайн тухай алдарт зохиолтой ийнхүү давхцсан явдлыг номын сангийнхан хошигнон хүлээн авч, баавгайг номын сангийн шинэ “номын санч” хэмээн нэрлэсэн байна.
Харин номын сангийн удирдлагууд зэрлэг амьтдад ойртох, хоол өгөхөөс зайлсхийж, хог хаягдлаа баавгай нэвтэрч чадахгүй саванд хийхийг иргэдэд анхааруулжээ.
Л.Баяр


















































Сэтгэгдэл (1)