
Өнгөрсөн хоногт нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн дөрөв, зөрчлийн гурван дуудлага ирж нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 7 дугаар байрны орцонд утаа гарч байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад жижүүрийн өрөөнд эд, зүйл шатаж байсныг унтрааж, утаажилт ихтэй байсан тул утаажилтын бүсээс 37 иргэнийг гаргаж аюулгүй газар байрлуулан амь биеийг авран хамгааллаа. Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 7х7 метрийн хэмжээтэй байшингийн яндангийн цонолтоос таазны хэсэг уугиж байсныг аюулгүй болгожээ.
Д.Ундрах /24tsag.mn/