Жилийн өмнө сураггүй алга болоод байсан Өвөрмонголын чөлөөт зохиолч 39 настай Унага буюу Эрдэнэ-Уулыг нууцаар баривчилсан тухай хэвлэлээр мэдээлжээ. Тэрбээр сураггүй болохын өмнөх өдөр найзуудаа шинэ номын баяртаа урьсан мессеж бичсэн байна. Гэр орныхон, найзууд нь түүнийг уйгагүй хайсаар саяхан Хөх хотын нэгдүгээр хорих газарт хоригдож байгааг мэдэж авчээ. Цагдаагийнхан түүнийг хууль бусаар ном ном хэвлэсэн гэж баривчилсан тул уулзуулах боломжгүй гээд хэдэн төгрөг дамжуулж өгөхийг нь харин зөвшөөрсөн аж. Эрдэнэ-Уулын баяраа хийх гэж байсан ном нь “Тусгаар тогтнолын өмнө фронт” гэсэн нэртэй юм. Энэ номондоо 15 жил хууль бусаар хоригдож байгаа өвөрмонгол тэмцэгч Хадаагий тухай бичсэн гэж зарим эх сурвалж хэлж байна. Учир нь Хадаа нь 15 жилийн ял эдлээд суллагдах үед Эрдэнэ-Уулыг баривчилжээ.
Тэрбээр өмнө нь бага сургуулд багшилж байгаад 1992 онд найзын хамт Монгол руу гарах гэж байгаад баригдаж найман сар хоригдсон байна. Дараа нь 1999 онд “Хоригдлын гаднах ялтан” ном бичиж мөн удаан хугацаагаар баривчлагдсан. Энэ номонд Европын орнуудын Өвөрмонголын тусгаар тогтнолын тухай тогтоол болон тэмцэгч Хадаагийн талаар бичсэн аж. Эрдэнэ-Уулын гэрийнхэнд өнөөдрийг хүртэл баривчилж, хорих тухай мэдэгдэл, хуудас цаас ч ирээгүй байна. Түүнтэй адил гэнэт баривчлагдан хоригдож байгаа, сураг нь гараагүй өвөрмонгол хүн олон байгаа юм.
Б.Баяр