УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Их хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 85 хувийн саналаар баталлаа. Шинэ хуулиар 2012 оны УИХ-ын сонгуулийг мажоритор давамгайлсан 48:28 тогтолцоогоор хийхээр болж байна. Өөрөөр хэлбэл энэ бол 48 нь мажоритор, 28 нь пропорциональ тогтолцоо юм. Хуулийг баталсны дараа УИХ-ын дарга хэлсэн үгэндээ “Энэ удаагийн парламент асар олон бэрхшээл туулж байж энэ хуулийг баталлаа. Ажлын хэсэг болон байнгын хорооны төвшинд хуулийн төсөл дээр нэлээд сайн ажиллалаа. Мөн Сонгуулийн ерөнхий хороо ч хамтран гар нийлж ажилласан нь сайшаалтай” гээд шинэ хуулийг сурталчлахын чухлыг онцлон анхааруулав. Шинээр батлагдсан энэ хууль батлагдсан өдрөөсөө буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ.