
Ээж нь хоёр сартай нярай хүүхдээ машиндаа унтуулж орхиод дэлгүүр орчихоод гараад иртэл машиныг нь журамласан байсан хэрэг сүүлийн үед "сенсаац" болж байна. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Хэвлэлээр гараад байгаа шиг хоёр сартай хүүхдээ машиндаа орхисон зүйл байхгүй. Зургаан настай хүүхдээ унтаад өгөхөөр нь орхиод явсан байсныг "Очух" ХХК-ынхан анзааралгүй журамлаад явсан байсан. Улмаар журмын хашаанд очисныхоо дараа хүүхэд байгааг мэдэж эцэг, эхтэй нь холбоо тогтоосон. Төд удалгүй эцэг эх нь ирж хүүхдээ авсан. Түүнээс биш гурван цагаар хүүхэд нь машинд байсан зүйл болоогүй. Эцэг, эхийнх нь хувьд тухайн компанид гомдолгүй гэсэн учир тухайн үйл явдлыг хэрэг болгож шалгаагүй. Харин "Очух" ХХК ажилчдадаа захиргааны хариуцлага тооцох эсэх нь өөрсдийнх нь ажил" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/