Саяхан Орос улсад Ерөнхийлөгч В.В.Путины зурагтай подволк худалдаанд гарч нилээн сайн борлуулагдсан. Орост тавьж буй Европын хүнсний хоригийг эсэргүүцэж гаргасан уг подволкийг тус улсын ард иргэд олон саяар нь худалдаж авсан нь битүүхэндээ Ерөнхийлөгчээ дэмжиж буйн илрэл байв. Үзэл бодол, хийж буй үйлдлийг нь дэмжиж буй үндэсний баатраа янз бүрийн бүтээл, бүтээгдэхүүн дээр мөнхөлж түүнийгээ олон нийтэд түгээх үзэгдэл дэлхий дахинд байдаг үзэгдэл. Тэгвэл Монголд энэ моодыг “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын хүү дэлгэрүүлж эхлээд байна. Тэрбээр аавынхаа зурагтай подволкийг Никарагуа улсад үйлдвэрлүүлжээ. Мөн уг подволкон дээр “Усгүй болох гэж байж алтаар яах юм! Улсгүй болох гэж байж амиар яах юм! Ц.Мөнхбаяр” гэж хэлсэн ишлэлийг нь бичжээ. Тус подволк нь 90 хувийн цэвэр даавуу 10 хувийн синтетик материалаар хийгджээ. Ц.Мөнхбаярыг дэмжигч УИХ-ын гишүүдэд түүний зурагтай подволкноос тус бүр хорь, хорин ширхэгийг шахжээ. Одоогийн байдлаар Г.Уянга, Ж.Батзандан, С.Ганбаатар зэрэг гишүүд худалдаж аваад байгаа аж.
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын хувьд Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, Төрийн ордон руу галт зэвсэг нээсэн хэрэгт буруутгагдан шүүхээс долоон жилийн ял аван одоо хоригдож байгаа билээ.
Ц.Мөнхбаярын зурагтай подволкийг гаргаснаараа үйл хэргийг нь мөнхөлж байгаагаас гадна түүнийг хүний эрхийн төлөө тэмцэгч үндэсний баатар мэтээр олон нийтэд ойлгуулж буйн илрэл юм. Түүнээс гадна түүнд өгсөн долоон жилийн ялыг хууль бус хэмээн эсэргүүцэж байгаагийн нэг хэлбэр ч гэж ойлгож болох юм.
Үүнийг зарим хүмүүс бизнес хийж байгаа нэг хэлбэр хэмээн шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь Ц.Мөнхбаярын үйлдлийг дэмжээд подволкийг нь авч байна.




24tsag.mn























































Сэтгэгдэл (22)