УИХ –ын гишүүн Ё.Отгонбаяр чуулганы өчигдрийн хуралдааны үеэр олны анхаарлыг татсан асуудлыг хөндөж тавьлаа. Сүүлийн үед дээрээ ч, доороо ч гүйдлээ олохгүй байгаа нь цаагуураа гадны ямар нэг оролцоо байгаа юм биш биз дээ гэсэн хардлага түүнд байгаа аж. Тэрээр хэлэхдээ “Их сонин, сонин жишгүүд гарч ирж байна. Тэгээд сүүлийн үед ордон дотор ч тийм яриа гараад удаж байгаа. Энэ янз бүрийн юмыг чинь гадаадын төслийнхөн хийгээд байна гээд. Монголын төр бүтцээ эрх биш гадаад хүмүүсгүйгээр хийх ёстой. Түрүүн би тэр төсвийн асуудлыг хөнддөг нь Монголын төрийг задлах процесс хийгдээд байна шүү. Задлах процесс хийгээд байна. Хэрвээ аймгийн засаг дарга соёлын төвөө барих юм уу, эмнэлгээ барих юм уу, сургуулиа барих юм уу гэдгээ мэддэг болж байгаа юм бол нэгдсэн Монгол Улс гэдэг зүйл чинь байхгүй болж байна. Хөгжлийн хэмжээ чинь байхгүй болж байна. Салбарын сайд нь энэ салбарт ирэх жил гэхэд ямар ахиц дэвшил гарах вэ гэдгээ мэдэхгүй болж байна. Ийм юм яваад байгаа учраас санаа зовж хэлж байгаа юм. Түүнээс биш та нартай хэрэлдэж, муудалцаж, уралдах гээд байгаа даа биш юм шүү. Яалт ч үгүй бүтцээр нь задлаад, төсвөөр нь задлаад, ийм байдал үүсгээд байна. Энэ чинь ирэх онд бид хэд ямар дүн хүлээх вэ, энэ сайдуудаас чинь бид юу асуух вэ? Мэдэхгүй ээ, аймгийн дарга нар нь мэднэ гээд хариулна. Ийм л юм болох гээд байна. Тийм учраас би энэ хуулийг дэмжихгүй байгаа юм аа” хэмээн хэлсэн. Тэр юун тухай өгүүлэв. Арай манай төрийн бодлого гадныхны ашиг сонирхолд нийцүүлэн ажиллаад байгаа юм биш биз дээ. Энэ үгийг зүгээр нэг улс төржиж байна гэж өнгөрөөж болохгүй. Ялангуяа манайх шиг байгалийн баялаг элбэгтэй, өргөн уудам нутагтай улс. Бид бүхэн ойрын хэдэн жил байгалийн баялгаараа дэлхий нийтэд танигдаж, түүгээрээ эдийн засгаа босгох гэж хичээж буй улс. Тэгвэл байгалийн баялгийг дагасан “Баялгийн хараал” гэдэг зүйл бий. Баялгийн хараалд өртсөн орнуудын жишээ гэвэл Африкийн орнуудаас авахуулаад ядуурал хоосрол, иргэний дайны хөлд нэрвэгдээд буй олон орнуудыг дурдаж болно. Тэд ийм байдалд хүрэхэд мөн л нөгөө гадныхны далд бодлого нөлөөлсөн хэрэг. Иргэдэд их хэмжээний мөнгө тараах, төр засаг болон иргэд хоорондын итгэлцэл, ард түмний эв нэгдлийг үгүй болгох олон арван арга хэмжээ авсны эцэст дотоодод нь зохиомлоор иргэний дайн үүсгэдэг. Үүнийгээ дарах гэж буй нэрийдлээр цэргийн хүч оруулж тухайн улс орны баялагт эзэн суух санаархал дэлхий нийтээр тарахаад байгаа нь үнэн. Арай энэ бодлого манай руу чиглээд байгаа юм биш биз.Манай оронд үйл ажиллагаа явуулдаг гадны орны тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага, янз бүрийн шашны байгууллагуудыг тоолбол нэлээдгүй их. Чухам тэдний хэд нь тагнуул туршуулын үйл ажиллагаа явуулдаг болохыг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Энэ талаар төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого ч гэж алга. Монгол улс чөлөөт эдийн засаг, ардчилсан нийгэмд шилжсэн 1990 оноос хойших энэ хугацаанд гадны олон орноос ардчиллалыг бэхжүүлэх чиглэлээр янз бүрийн байдлаар хамтарч ажиллаж, заавар зөвлөгөө өгсөөр ирсэн. Тэдний хийсэн зарим зүйл нь зөв зүйтэй байж Монголын нийгэмд эерэгээр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Гэвч ардчиллал гэсэн нэрэн дор нийгмийг задлан бутаргах, эмх замбараагүй байлгах бодлогыг гадны агентууд явуулж байж болзошгүй. Үнэхээр ч тийм гэмээр үйл явдлууд өрнөсөөр ирсэн бөгөөд ойрын үед ар араасаа хөврөх боллоо. Жишээлбэл АНУ –ын USAID буюу Бүгд найрамдахчуудын хүрээлэнг дэлхийн олон оронд үйл ажиллагааг нь хориглосон байдаг. Гэтэл манай УИХ -ын тамгын газартай хамгийн сайн харилцаатай, засаглалын талаар хамгийн их зөвлөгөө өгдөг байгууллага нь USAID. Тэднийг тагнуул гэж шууд үзэх боломжгүй ч ямар нэгэн байдлаар АНУ –ын бодлогыг өөрийн шугмаар манайд хэрэгжүүлж л байгаа. Мөн саяхан УИХ –ын тамгын газар Японы Койкатай хамтарч санал хураах тоног төхөөрөмж, хуралд хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн. Үүнийг чуулганы танхим, хууль тогтоох дээд байгууллагынхаа санал тоолох төхөөрөмжийг нь өөр орноос тусламж дэмжлэг хэлбэрээр авсан нь тун гэнэн алхам боллоо гэж тайлбарласан хүмүүс цөөнгүй байдаг. Ер нь манай оронд янз бүрийн тусламж үзүүлэх, нийгмийн салбарт хамтран ажиллахаар гадаадын хөрөнгө оруулалттай төрийн байгууллагууд ихээр байгуулагдаж, гадны иргэд ихээр түр болон урт хугцаагаар суурьших болсон. Үүнийг дагаад олон улсад хориотой шашны урсгалууд ч ихээр нэвтэрч байна. Жишээлбэл: Пастор буюу номлогч багшийнхаа зааж өгсөн хүнтэй үг дуугүй гэрлэх шаардлага тавьдаг. Мөн бурханд үйлчилж байна хэмээн итгүүлж гэр орныхонтой нь 5 – 6 жил уулзуулахгүй байх зэрэг хүний эрхийг ноцтой зөрчсөн, монголчууд бидний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлсөн шашны урсгал хэлбэрүүд далдуур ихэд тархах боллоо. Үүнд төр засгаа мөн л адил анхаарч буй ямар ч бодлого, хяналт гэж алга. Энэ мэтээр гадаадын гэсэн болгоныг зөв мэтээр төсөөлөхөө монголчууд бид яг одоо орхих хэрэгтэй. Асуудлыг эрүүл ухаанаар тунгаах цаг нь болж. Ардчилал гэгчийг заавал барууны ойлголт томъёоллоор ойлгох биш эх орныхоо хөрсөнд буулгаж Монгол ухаанаар хандах хэрэгтэй болоод байна. Ялангуяа АНУ болон барууны орнуудын төрийн болон төрийн бус байгууллагуудын өгч буй зөвлөгөө нь эрх мэдлийг тараах, төрийн үйл ажиллагааг удаашруулах аль болох нийгэмд сөргөлдөөнтэй, зөрчилдөөнтэй байдлыг дэвэргэх заавар чиглэлүүдийг өгөөд буй нь ажиглагдсаар байна. Энэ талаар Монголын төр тусгайлан цаг гаргаж Монгол төрийн бодлогоо хамгаалах үлдэх шаардлага тулгараад байна.

























































Сэтгэгдэл (24)