
Канадын засгийн газар 2026 оны зургаадугаар сард хүүхэд, өсвөр үеийнхнийг сошиал медиа хэрэглээнээс хамгаалах зорилготой шинэ хууль санаачилж, парламентэд өргөн барилаа.
Reuters болон Associated Press-ийн мэдээлснээр уг хуулийн төслийн гол зорилго нь 16-аас доош насны хүүхдүүдийг фейсбүүк, Инстаграм, Тикток зэрэг сошиал платформ ашиглахаас хязгаарлах юм.
Засгийн газар энэ шийдвэрийг хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, анхаарал төвлөрөл болон дижитал орчны сөрөг нөлөөлөл нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж байна. Тодруулбал, сошиал медиа хэрэглээ нь өсвөр үеийнхэнд донтох хандлага үүсгэх, түгшүүр болон ганцаардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзжээ.

Хуулийн төсөл батлагдвал платформууд хэрэглэгчийн насыг нарийн шалгах систем нэвтрүүлэх үүрэгтэй болох бөгөөд насанд хүрээгүй хэрэглэгчдийг бүртгэх, нэвтрэх боломжийг хязгаарлах зохицуулалттай болно. Мөн дүрэм зөрчсөн технологийн компаниудад дэлхийн орлогын тодорхой хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах, эсвэл олон сая канад долларын шийтгэл оногдуулах заалт тусгагдсан байна.
Канадын тал энэ алхмыг “хүүхдийг дижитал орчны эрсдэлээс хамгаалах шинэ үеийн бодлого” гэж тодорхойлж байгаа ч олон нийтийн дунд маргаан дагуулж байна. Зарим нь үүнийг хүүхдийн эрхийг хамгаалах чухал алхам гэж дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь хувийн нууц, эрх чөлөөнд халдсан, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зохицуулалт гэж шүүмжилж эхэлжээ.






















































