
“Гэртээ ганцаараа 2: Нью-Йоркт төөрсөн нь” кинонд тагтаа тэжээдэг нууцлаг эмэгтэйн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон Ирландын жүжигчин Бренда Фриккер 81 насандаа таалал төгсжээ. Түүний төлөөлөгчийн мэдээлснээр жүжигчин бүсгүй долдугаар сарын 16-ны орой Ирландын Дублин хотод удаан хугацаанд бие нь тааруу байсны эцэст тайван нойрссон байна.
Фриккер 1992 онд дэлгэцнээ гарсан “Гэртээ ганцаараа 2” кинонд Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг, тагтаа асардаг ганцаардмал эмэгтэйн дүрийг бүтээсэн юм. Тэрээр киноны гол дүр Кевинтэй буюу Маколей Калкины дүртэй учирч, ганцаардал, итгэл, нөхөрлөлийн тухай сэтгэл хөдөлгөм яриа өрнүүлдэг. Энэ дүр нь түүнийг дэлхийн үзэгчдийн дунд мартагдашгүй болгосон билээ.
Гэвч Бренда Фриккер зөвхөн “тагтааны эмэгтэй” байгаагүй. Тэрээр 1989 оны “My Left Foot” кинонд бүтээсэн дүрээрээ 1990 онд Оскарын “Шилдэг туслах эмэгтэй жүжигчин” шагналыг хүртэж, Бүгд Найрамдах Ирланд Улсаас Оскар хүртсэн анхны эмэгтэй жүжигчин болсон юм.
Түүний нас барсан тухай мэдээг баталсан төлөөлөгч Фил Белфилд “Бид түүн шиг хүнийг дахин хэзээ ч харахгүй. Түүнийг үгүй болсноор дэлхий илүү дутуу болж байна” хэмээн эмгэнэл илэрхийлжээ.
Бренда Фриккер зургаан арван жил үргэлжилсэн уран бүтээлийн замналдаа 100 орчим кино, телевизийн бүтээлд тоглосон бөгөөд “Home Alone 2”-ын тагтааны эмэгтэй дүрээрээ дэлхийн олон сая хүний хүүхэд насны дурсамжид үлджээ. Түүний бүтээсэн дүрийн хэлдэг шиг, зарим нөхөрлөл богинохон хугацаанд үргэлжилсэн ч насан туршийн дурсамж болон үлддэг ажээ.
Л.Баяр



















































