УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, УИХ –д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг Монголын засгийн газар 51, ОХУ –ын засгийн газар 49 хувийг эзэмшиж ирсэн. Тэгвэл ОХУ –ын загсийн газар өөрийн эзэмшдэг хувиа “Ростехнолиги” корпорацид шилжүүлсэн юм.“Ростехнолиги” нь уул уурхайн техник технологиороо тэргүүлэгч корпораци юм. Манай улс тус корпорацитай хамтарч ажиллах болсон нь техник технологийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдийг ашиглах мөн чадварлаг боловсон хүчин бэлтгэх томоохон боломж гарч ирлээ гэж шинжээчид тайлбарлаж байна.
























































