БНХАУ-ын Коммунист намын төв хорооны 18-дахь удаагийн 4-р бүгд хурал Бээжин хотноо энэ сарын 20-23-ний өдрүүдэд хуралдаж Хятадын нийгэм, эдийн засгийн амьдралд чухал нөлөө үзүүлэхүйц тогтоолыг баталсан гэж Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллэж байна. Коммунист нам улс орныг улстөрийн шийдвэрээс илүүтэй үндсэн хуулийн хүрээнд удирдан хөгжүүлэх ёстойг хэлэлцэж "хуулийн засаглалыг бэхжүүлэх тухай" тогтоолыг батлан гаргасан байна. Үүний хүрээнд Үндсэн хуулийн хэрэгжилтийг сайжруулах, Хятадын онцлогтой коммунизм байгуулах зорилтыг хуулийн тогтолцоогоор хангах, төрийн захиргаа удирдлагын байгууллагууд хуулийн чанд мөрдөх, шударга ёс тогтоох алхамуудыг урагшуулахыг чухалчилсан байна. Мөн хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг эрх зүйн хүрээнд оруулах, хүний эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлсон шүүн таслан үйл ажиллагааны тогтолцоо бүрдүүлэх, үндсэн хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, тайлбарлах процетурыг боловсронгуй болгож Коммунист намын бүхий л үйл ажиллагааг зөвхөн хуулийн хүрээнд явуулах тухай тогтоолыг баталсан нь Хятадын нийгэмд шинэ өөрчлөлтийг авчирна гэж үзэж байна.




















































