УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсэг 2015 оны нэгдүгээр сард байгуулагдсан билээ. Ажлын хэсэг гарснаас хойш 11 сар өнгөрөөд байхад уг ажлын хэсгийн албан ёсны дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй байгаа юм. Л.Энх-Амгалан гишүүн өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулна хэмээн мэдэгдсэн ч хойшлуулж байсан.
Саяхан 5.4 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас дутлаа хэмээн мэдээлэл хийсэн ч энэ нь албан ёсоор баталгаажсан мэдээлэл биш болох нь батлагдаж, улмаар Аудитын газрын дүгнэлтээс өөр байсан юм. Мөн энэхүү ажлын хэсгийн гаргасан дүгнэлт өнөөдрийг хүртэл албан ёсоор баталгаажаагүй хэвээр байгаа билээ.
Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн зөрүүтэй мэдээллийн дараа Чингис, Самурай бондын хувьцааны ханш 20 хувиар буураад байгаа бөгөөд улс төрийн зорилгоор цацсан мэдээлэл улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн юм. Уг зөрүүтэй мэдээллийн дараа эрхэм гишүүний хувьцаа эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн.
Өнгөрсөн тавдугаар сард уг мэдээлэл цацагдсан бөгөөд “Энержи Ресурс” ХХК-ийн барьсан замыг төрд шахсан асуудал, “Солонго” орон сууцны хорооллын гадна цахилгаан, цэвэрлэх дэд станцын өргөтгөл зэрэгт зарцуулсан М-Си-Эс компанийн зургаан тэрбумын асуудал эрхэм гишүүнтэй холбогдон гарч ирснийг тэрбээр АТГ-т хандан шалгуулсан юм.
Тэгвэл Л.Энх-Амгалан гишүүний хүсэлтэд АТГ-аас өнгөрөгч зургадугаар сард хариу өгсөн бөгөөд барьсан төмөр замаа төрд шахсан эсэх асуудал нь УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хянан шалгах асуудал гэсэн хариулт өгсөн билээ. Харин энэ бичгээс хойш хагас жилийн хугацаа өнгөрөөд байгаа ч эрхэм гишүүн өнөөдрийг хүртэл Ёс зүйн дэд хороонд хандаагүй байгаа сурагтай.
Уг асуудлыг УИХ-ын Ёсзүйн хороогоор нэг мөр шийдсэний дараа л Хөгжлийн банк тойрсон элдэв асуудал намжих учиртай юм. Үнэхээр л нэр цэвэр гэдгээ батлахыг хүсч байгаа бол өөрийгөө Ёсзүйн дэд хороогоор шалгуулаад гэм буруугүй гэдгээ батлуулахгүй бол АТГ-ын бичгийг дараад байгааг ард түмэн олон янзаар хардаж эхэлжээ.