“Истанбул Гастрономи Фестивал” буюу Олон улсын тогооч нарын тэмцээнээс Монголын тогооч нар 6 медаль хүртжээ.
Дэлхийн тогооч нарын холбоо болон Туркийн тогооч нарын холбооноос зохион байгуулдаг 14 дэх удаагийн тус тэмцээн энэ сарын 11-нээс 14-ний хооронд БНТУ-ын Истанбул хотноо зохион байгуулагдсан юм.
Дэлхийн 20-иод орны 2000 гаруй тогооч оролцсон тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын мастер тогоочдын холбооны тэргүүн, МУ-ын зөвлөх инженер, МУ-ын мастер тогооч Д.Буяндэлгэр, Монголын мастер тогоочдын холбооны Гүйцэтгэх захирал, МУ-ын мастер тогооч Р.Батбаатар, ММТХ-ны дэргэдэх Ахлах тогоочдын академийн захирал, МУ-ын мастер тогооч Ж.Отгонпүрэв, МУ-ын мастер тогооч Ж.Цагаанцоож, Б.Байгалмаа нарын 5 тогооч амжилттай оролцсон бөгөөд багийн Гранд прикс болон Ази хоолны төрлөөс нийт 6 мөнгөн медаль хүртсэн байна.
Мөн тус тэмцээний үеэр Дэлхийн тогооч нарын холбооны зүгээс зохион байгуулсан олон улсын шүүгчийн сургалт семинарт МУ-ын мастер тогооч Д.Буяндэлгэр, Р.Батбаатар нар оролцож, ОУ-ын шүүгч болох эрхээ авчээ.
Ингэснээр тэд Монголын анхны Олон улсын эрхтэй шүүгчид болж байгаа юм.