зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчуудыг таван саяд хүргэж болохгүй гэдэг харгис бодлого гэмээр сэжиг төрсөөр!

2016-4-26
0
ЖИРГЭХ

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, доктор Л.Түдэв бичиж байна.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

 

Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын бодлого барьж түүнийг хэрэгжүүлж байх үүрэг хүлээсэн Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг Монгол улсын ерөнхийлөгч тэргүүлэх Үндсэн хуулийн заалттай билээ. Аюулгүй Байдлын Зөвлөлд гурван том тушаал, хэргэмтэн алба барьдаг нь Ерөнхийлөгч, УИХ-н дарга, Ерөнхий сайд эдгээр болно. Хорин жилд эхний хоёр нь тогтвортой, эцсийн нэг буюу Ерөнхий сайд нь бараг ес шахам удаа хуулийн хугацаанаас өмнө солигдсоор байлаа. Тэрнээс шалтгаалмааргүй атал улсын Үндэсний аюулгүй байдал мөн л тогтвортой болж чадсангүй юу гэж иргэд үе үе сэжиглэх заримдаа бүр аюух сэтгэгдэлд автагдах боллоо.


Юунаас тэр вэ?




Нэг. Хүн ам маань амь насны болон эрүүл мэндийн хохирлыг иргэний дайн болж буй Арабын орнуудын үзэж байгаа хохирлыг санагдуулах хэмжээнд энх тайван гэгдэж буй энэ жилүүдэд монголчууд бид амссаар байна.


а/ Үр хөндөлт гэдэг абортоор нэг сая хүүхдийг эхээс төрөхөөс нь өмнө хориод жилд егүүтгэлээ. Бас эхээс төрсөн хойно нь гудамжинд, хонгилд, тэр байтугай хог дээр нялхсаа амьдаар нь хаядаг боллоо. Согтуу юмуу зэрлэг авиртай эцэг, эх нь үр хүүхдээ зодож амь насыг нь бүрэлгэдэг боллоо. Хүүхдийг олон арваар нь жил бүр машин тэргээр дайрдаг хөнөөдөг боллоо. Энэ бүх хохирлын тоо хэвлэлээр удаа дараа гарсан. Польш улс шиг абортыг хорих хууль ч гарсангүй. Хүүхэд хохироогчид ноогдуулах ял, зэмлэлийг өрнөдийн орнуудынх шиг чангалж өгсөнгүй. Тэгэх ёстой гурван хүн нь Аюулгүй Байдлын Зөвлөлд суусаар л байлаа. Монголчуудыг таван саяд хүргэж болохгүй гэдэг харгис бодлого харин хэрэгжиж байгаа юмуу гэмээр сэжиг төрсөөр!


б/ Хүн амын Эрүүлийг хамгаалах яам нэрээ сольж Эрүүл мэндийн яам/Яам өөрөө Эрүүл байх юм шиг/ болсноос ч юмуу монголын ард түмний эрүүл мэндийн байдал хамгаалалтгүй, дархлаагүй, эмчилгээгүй мэт болж тэртээ өнгөрсөн зууны гучаад онд Улаан Оросын эмч нар, улаан тарианы ачаар устгаж дарсан / уул нь урд хөршийн Дэмфү хотоос тархаасан/ тэмбүү өвчин ахин дэлгэрч, зөвхөн ганц оны /2010/ тоогоор үзэхэд 2300 хүн түүний дотор өсвөр насныхан 9%, оюутан 13%, ажилгүйчүүд 53% өвчилсөн байсан гээд л бодоод үзвээс төр баригчид бүү хэл жирийн иргэний толгой өвдмөөр болох бизээ.


Хорт хавдрын өвчлөлөөр Ази, Номхон далайн орнуудын тэргүүнд явж байгаа атлаа туяаны эмчилгээний ганц аппарат аваад тавьчихсан нь эвдэрчихсэн нэмээд авах сэтгэл дутдаг Засгийн газартай. Хүн амын 80 шахам хувь нь ямар нэгэн өвчин эмгэгт нэрвэгдэж, арга барахдаа /манай эмнэлгүүд хоцрогдсон, лабораторигүй, эмч нарын мэдлэг, хариуцлага, цалин хангамж муу бас авилгажиж буй/ Эрээн рүү хамаг мөнгөө шавхан явдаг, арай дөгөөтэй нь Хөх хот орж эмчлүүлдэг болсоор удсан. Харин том түшмэдүүд, элдэв аргаар хөлжигсөд бол Хятадыг алгасан Солонгос, Япон эсвэл Герман, Америк явж эмчлүүлдэг болсон тул ард түмнийхээ зовлон зүдгүүрээс тасарч, мэдэхээ байсан. Ийм нөхцөлд хүн ам өсөхүйеэ хэцүү.

 

Үйлдвэр, барилгын ослоор гэхэд л 2005-2007 онд 289 хүн нас барж 181 хүн тахир дутуу болж, 721 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан. Ийм баримт жил жилээр дурдаж болно. Хамгийн саяханыг гэхэд л 2011 оны эхний 9 сард 5907 хүн гэмтэж 899 хүн нас барсан. Цөөхөн хүн амтай бидэнд энэ нь гашуудуулмаар их тоо шүү дээ.


в/ Хүн амыг мал хиаруулдаг зуднаас дутахгүй сүйтгэдэг бас нэгэн зандалчид бол АПУ, САПУ гэх мэтчлэн нэр бүхий архины үйлдвэрүүд, түүнийг худалдан борлуулагчид, түүгээр үйлчлэгчид /гуанз, баар, ресторан/ түүнийг бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэгчид, тэдгээрийг эзэгнэн эрхлэгчдийг татвар сайн төлдөг мэтээр шагнаж, хувь эзэмшиж, хамтран хор найруулагч нар юм. Сүүлийн хорь гаруй жилд Монголд хамгийн их олширч, хамгийн их баяжиж, хамгийн их алдаршсан үйлдвэрүүд боп архины үйлдвэрүүд, тэдний эзэд юм.


176 үйлдвэрийн шингэн хороор нэг хүн жилдээ 28-38 литр архи /насанд хүрэгсдэд/ залгилахад хүрэлцээтэй болж, бараг 200 мянган хүн эрүүлжүүлэхэд хонож, жилдээ 1000-1500 хүн архидалтаас амиа алддаг болоод байна. Архидах муу зуршилд хүн амын 53% нь хамрагдаад байна. Архичид өөрөө архидаад зогсохгүй өрөөл бусдыг зодох, хөнөөх, аваар осол гаргах зэргээр гай тарьдаг нь улам нэмэгдсээр байна. Ийм нөхцөлд архи, архидалтад үндэсний эсэргүүцэл зарлаж, Канад юмуу Финляндын хуурай хуулийг шууд хуулж авч /ер нь хууль хуулж үзээгүй биш/ Монгол хууль болгон хэрэгжүүлэх эрх, мэдэл, ухаан Аюулгүй Байдалын Зөвлөлийхөнд баймаар л юмдаа. УИХ-д олон жил суугаа архи хайрлагчид ашиг сонирхолоо хамгаалаад байдаг юм бол тийм нүгэлтэнгүүдийг сонгогчид нь татаж авмаар юм.


г/ Үндэсний хүн амд аюултай байдлыг нөхцөлдүүлэгч бас нэгэн зүйл бол аюул осол юм Үүнд: автын осол, үйлдвэрийн осол, барилгын осол, гал түймэрийн болон бусад төрлийн ослоор хорь гаруй жилийн дотор маш олон хүн амиа алдлаа. Ялангуяа автын ослыг өдөр алгасахгуй гаргагчид бол согтуу жолооч нар, бас сүүлийн үед олон зуугаар нь ор нэр болгон бэлтгэж буй шинэ жолооч нар мөн зассан нэртэй хуурмаг тавьсан замууд, нийслэлд бол (өлөн гэдэс) шиг нарийхан гудамжаар /гарцгүй/ чихцэлдэн хурд хэтрүүлэн явдаг хөнгөн тэрэгтэнгүүд, урьдаас төлөвлөөгүй, бодлогогүй, зураг төсөлд ороогүй, бас авлигаар зам хааж, эргэх аргагүй барьсан барилгуудын балгаар автын осол өдрөөс өдөрт нэмэгдсээр ер нь зогсох шинж алга.

 

Монголчуудыг таван саяд хүргэж болохгүй гэдэг харгис бодлого харин хэрэгжиж байгаа юмуу гэмээр сэжиг төрсөөр!

 

Ганцхан хоёр зуун солилжох арван жилд автын ослоор 3600 хүн амь алдсан юм. /Иракийн дайнд АНУ 3800 хүнээ алдсан шиг/ Тэрнээс хойш ахиад 3 жил өнгөрөхөд 969 хүн автын ослоор нас барсан. Нийслэл хотыг даац хэтрүүлтэл нь хөдөөнийхөөр дүүргэж, төмөр сүргээр чигжиж байхдаа тэднээс хураах элдэв татвараа л бодсоноос хүн ардын аюулгүй байдал, тав тухыг санасан гэхэд эргэлзээтэй. Үйлдвэр, барилгын ослоор гэхэд л 2005-2007 онд 289 хүн нас барж 181 хүн тахир дутуу болж, 721 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан. Ийм баримт жил жилээр дурдаж болно. Хамгийн саяханыг гэхэд л 2011 оны эхний 9 сард 5907 хүн гэмтэж 899 хүн нас барсан. Цөөхөн хүн амтай бидэнд энэ нь гашуудуулмаар их тоо шүү дээ.


Утаагүй хот болгоно гэж 20 гаруй жил төсөв баталсан түшмэдүүдэд утаагүй зуух гэж гоё нэртэй юмаар жилдээ панз үсэргэх хооронд нь 60-70 мянган хүн хөдөөнөөс жил бүр шилжин ирж гэр барьж хотыг тойруулан хуучин дугуй, нохойн толгой хүртэл түлэн утаа баагиулан, нийслэлийнхэн амьсгалын замын өвчинд нэрвэгдсээр байна.


д/ Хүн амын аюулгүй байдалд хөнөөл тарьж буй өөр нэгэн зүйл бол хүнс тэжээл юм. Хүнсний хордлогоор сүүлийн хориод жил хүн амын хорогдол, эрүүл мэндийн доройтол түүнээс өмнөх хорин жилтэй харьцуулашгүй их болсон юм. Хоолны хордлого гэдэг урьдын монголчууд ердөө л пологтохыг хэлдэг байлаа. Гэтэл сүүлийн 20 гаруй жилд пологтох хоол ховордсон. Харин хордох хоол элбэгшсэн. Тэгэхдээ гаднаас авч ирдэг хоолноос л хордох нь их болсон гэж болно.


Сүүлийн үед Монголчуудын ганзагчид урд хөршөөс, гол төлөв Эрээнээс, бас Солонгосоос өнөөх л бэлэнчлэх сэтгэлгээндээ хөтлөгдөн бэлэн голдуу юм зөөж авчран мөнгө олдог болсон. Нийслэлийн хүн ам олширч, түүн дотор юм үзээгүй хөдөөнийхөн дийлэх нь учир эрээн мяраан л бол гоё гэж андууран өмнөдийн элдэв хүнс хоолоор бас будаг, чихэртэй усаар гэдсээ дүүргэх болсноос хоолны хордлого өдөртөө юмуу гурван хоногтоо хүртэж эм тан, эмнэлэг рүү гүйх болсноор барахгүй эмгэг өвчин авч, зарим нь нүд анихад хүрдэг нь ердийн хэрэг боллоо.


Дөч гаруй бараг тавин сая малтай гурван сая хүрэхгүй хүн амтай атлаа урд хөршөөс мелламинтай сүү зөөж, ямар ч химийн бордоогүй хүнсний ногоо тариа буудайтай мөртлөө дөрөв таван зуун жил бордсон үхширмэл шороонд элдэв зүйлээр тордож ургуулсан ногоог мөн урдаас зөөж ходоодоо бордодгоос болж элдэв өвчин олж, нас нь богиносож байгаа иргэдийнхээ тухайд бодох төр засаг байхгүй мэтээр олон оныг өнгөрөөсөн нь гайхалтай. Хятадууд хуурамч дарс, тэр ч байтугай дөч гаруй жил зоорилсон хүнсний зүйл /тахианы мах/ зэргийг хийж идэмхий мөртлөө тэнэг хүмүүст зарж мөнгө олж байгаа шүү дээ. / манай хэвлэлд хүртэл энэ тухай гарсан/. Ийм улсаас хүнс, тэр тусмаа бэлэн хоол зөөхийг манай улс хориглох ёстой. Тэгэхгүй бол хүн ардыг маань ялангуяа нийслэлд бөөгнөрөгсдийг ходоодоор нь дамжуулан насгүй болгож мэдэхнээ!


УАБЗ-д бол ийм хүнс иддэггүй хүмүүс алба хаадаг бизээ!


Хоёр. Монгол улсын Үндэсний Аюулгүй байдлын аюултай байдал болгон хувиргах ил тод тэр тусмаа эрх баригчид нь илээр хийж байгаа гэмт хэрэг бол лиценз гэдэг гадаад нэрийн дор / ард түмэнд ойлгуулахгүйн тулд биз/ газар нутагаа, тэр тусмаа дор нь хамаг баялаг байгаа газар орноо гадаадынханд худалдаж хорь гаруй жил үргэлжсээр буй панз юм.


2009 он гэхэд улсын хэмжээнд 1096 ашиглаптын лиценз /407088 га талбай/ 4270 хайгуулын лиценз /41 сая гаруй га талбай/ Багами, Катмен, Виржинийн арлууд, Антигуа Барбудос гэж манайхны үл мэдэх бас газрын зурагт цэг төдий тэмдэглэгдсэн газруудад 400 гаад лиценз зөвшөөрөл өгсөнөөр тэд манайд хэдэн сая га газрын эзэд болсон. Ийнхүү өнгөрсөн хорь гаруй жилийн дүнгээр улсынхаа нутаг дэвсгэрийн 44,2 хувийг / бараг тал хувийг/ хайгуулын болон ашиглалтын лицензээр гадаад дотоодын аж ахуй, хурь хүмүүст олгочихоод байгаа бөгөөд Айвенхоу майнз ХХК 129, Тефис Майнинг 128, Кей Жи Экс Монгол лимитэд ХХК 141 лиценз гээд л хөвөрч эхлэнэ.


Аж ахуйн нэгжээс гадна 1020 иргэн лиценз эзэмшиж, зарим нь түүнээ үнэ хүрэх үеэр голдуу гадаадынханд зарах санаатай, зарж ч байгаа / тэдний дотор уул уурхайд огт хамаагүй, мэдлэггүй этгээдүүд тэрчлэн геологи, уул уурхайн яам газарт ажиллаж байсан, ашигт  малтмалын нууц мэддэг хүмүүс, хүүхнүүд хүртэл лиценз олноор нь авчихсан/ тохиолдол цөөнгүй ажээ. Эзэн Чингисын нутаг Хэнтий аймаг гэхэд л уул аймгийг бүхэлд нь хайгуул хийх лиценз олгожээ. Лиценз зүй бус олгогчдыг шүүхэд өгчөө! Лицензийн эздлийг шалган хянаач!


Газар нутгийнхаа тал хувийг лиценздэн бусдын гарт өгчихсөн улс манайхаас өөр байхгүй гэдэгт Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл итгэдэггүй бололтой. Уурхай ухсанаас ухаанаа ухмаарсан! Лицензүүдийг хянан шалгаж 80 хувийг хүчингүй болгомоор байна.


Гурав. Үндэсний Аюулгүй Байдалд заналхийлж буй өөр нэгэн аюултай хүчин зүйл бол нэлээд хэдэн үзүүлэлтээр бусдын /ялангуяа өмнөд хөршийн/ хараат орон болж байгаа явдал юм.

 

Үүнд:


а/ Хүн амаа хэдэн зууны турш тэжээсээр ирсэн мал сүргээ байсаар атал Хүнээр тэжээлгэдэг төмөр сүрэг /автомашин/ үржүүлж бараг хүн бүр машин унахыг мөрөөддөг болсноос бензин, тосны их шаардлагыг даахаа больж хоёр хөршөөсөө шатахууны хараат болсон. Уул нь газрын тосоор хүнээс гуйхгүй баян атлаа түүнийгээ боловсруулах тухайд бодохгүйгээр барахгүй өөрснөө бус гадныхнаар соруулж түүхийгээр нь хямд үнээр өдөр шөнөгүй урагш нь зөөлгөдөг мулгуу засаглалтайн гай дайрсан.


Тамсагийн нефтийг 1998-2005 оны хооронд 50 гаруй цооног өрөмдөж 635,2 мянган барель нефть олборлон 604,6 мянган тонныг нь Хятадад гаргасан Тэрнийгээ туршлагын журмаар олборлосон гээд орон нутгийнханд юу ч халгаасангүй. Тэгмэгц 2005 онд эрхийг нь Дайчин ойл компани шилжүүлэн авчээ. 3,2 сая барель нефть олборлох юм. Гэтэл манайх Хятад улсад зэсээ 555,3 ам доллараар тонныг нь өгөөд 580 ам доллараар нэг тоннын нефтийн бүтээгдэхүүн авч байв.


Оросоос бол нэг тонн нефть бүтээгдэхүүнийг 120,7-133,5 ам долларын татвартайгаар авдаг. Энэ бүхнийг эргэцүүлээд бодоход Төмөр сүргээ ундаалах гэж хоёр хөршөөсөө шатахууны хараат байдалд сууж буй ажээ. Харин хоёр жилийн дараа Дарханд Японы тусламжтайгаар нефть боловсруулах үйлдвэр босгохоор ярьж эхэлсэн нь олон жилийн ужиг хэлэлцээр бүтвэл хүний царай харахаас амсхийх биз. Бензинээр хараат байснаас морио унацгаая. Төмөр сүргээ журамлаж, ундыг нь зохицууллаа гэхэд хадаргаантай замд сэгсчиж эвдэрснийг тордох сэлбэг хэрэгслийг өөрөө хийдэггүйн эрхээр бас л хараат байх болно биз дээ.


б/ Үндэсний үйлдвэрээ дэмжихийн оронд хувьчилсан нэрээр гаргуунд нь гаргасны улмаас өөрсдөө хийж чадах өргөн хэрэглээний зүйлээ гадаадаас өндөр үнээр зөөхөд хүрч, өргөн хэрэглээний барааны зах зээлээ хятадад эзлүүлэхээр барихгүй нийслэл дэх хамгийн гүйлгээтэй гуанз, ресторан зэрэг хоол хүнсний газруудын наяас доошгүй хувь нь хятад, солонгос эзэнтэй болсон байгаа.


Хүнсний эрүүл мэндэд халтай нь хэдийнэ нотлогдсон бас чанар муутай нийлэг /синтетик/ эдлэлээр хийсэн, харахад ганган байдалтай гадаадын хувцас хунараар хүүхэд багачуудаас эхлээд хөгшидөө хүртэл хувцаслаж, байгалын цэвэр гаралтай малынхаа ноос, ноолуур, арьс ширийг боловсруулахаас залхуурч хямд үнээр урагш, хойш нь гаргаж эдийн засаг, эрүүл мэндийн хохирлыг өөрсдийн буруугаар амсаад зогсохгүй өөрийн хүмүүсийн гарт байсан ганц нэг үйлдвэрээ /ноолуурын үйлдвэр гэх мэт/ харийн эзэнд атгуулж бүр хэтрээд хуурамч дарс, өндөг, цагаан будаа хийж мэхэлдэг өмнөд хөршийнхний мэдэлд өгсөн гуанз, хоолны газраасаа хүнсний хордлого авч /тэдний заримд нь нохой, муурын мах мэтээр хоол хийж элдэв гаж юмаар амталдаг/ эмнэлэгт хэвтэх удаа цөөнгүй гардаг боллоо. Хүний гарт өөрснөө дураараа орж байгаа юм биш үү?


в/ Эдийн засаг, санхүүд чухал ач холбогдолтой арилжааны банкуудаа ч гэсэн өөрсдөө эзэн болж гартаа барьж байхын оронд харийнхны мэдэлд өгч мөнгөн дарангуйлал үүсгээд зогсохгүй, мөнгөн дампуурал дэгдээх боломжийг өөрснөө буй болгож байх нь гайхмаар. Нэгт, тавтын цаасан мөнгийг нь хятадууд хил давуулан зөөж угааж арилгаад өөр зорилгоор цаасыг нь ашиглаж байгаа баримт ямар нэгэн юм сануулах ёстой биздээ.

 

Хадгаламж зээлийн хоршоо байгуулж банкны бус аргаар мөнгө хүүлэх, гадаадын банкинд мөнгө шилжүүлэн хүүгээс чөлөөлөгдөх гэх мэтчилэн мөнгөн гүйлгээний гэмт хэрэг бүр хуульчлагдаад байхад ямар ч төрийн зүтгэлтэн мэдрэмжгүй мэт байснаар барахгүй УИХ өөрөө өөрийн баталж гаргасан хуулиудаа тав зургаа дахин засвар оруулж, УИХ-н гишүүдийн зарим нь гадаадын банкинд хадгалуулсан мөнгөө мартаж орхисон мэт хий үзэгдэл гагцхүү Монголд л шүгэлсэн байгаа нь мөнгөн сүнстэй гэгддэг зах зээлийн эдийн засгийн маань  Сүнс зайлсныг гэрчлэж байх мэт. Тэгвэл ч эдийн засаг үхдэл болох нь дамжиггүй. Эдийн засаг нь үхдэл болчихвол Үндэстний хувь заяа яах бол?


г/ Эдийн засгийн үхдэлд хүргэх нэг аюул бол өр, тэр тусмаа гадаад өр. Манай улс хориод жилийн тэртээд хойд хөрш Орос Зөвлөлт улсад өртэй гэгдэж тэр нь хуучин зүтгэлтнүүдийг, тэр тогтолцоог муужруулах муна болж байсан. Тэгтэл ч Орос ах нар сэтгэл нь хатуурч өр гэгчийг дуулгавартай болгон дарамтлах улс төрийн агуулгатай болгож эхэлсэн. 1921-1990 оны хооронд ОХУ-аас авч байсан манай зээл тусламжийг 11,4 тэрбум шилжих рубль гэж үзээд долларт шилжүүлэн 11,4 тэрбум ам доллар болгон бодож /нэг рубль нэг ам.доллар гэсэн, гэтэл Парисын клубын зарчимаар 20 рубль нэг ам.доллар байх ёстой/ 98 хувийг нь Орос хүчингүй болголоо гээд 250 сая ам.доллар үлдснийг нь манайхаас авахаар шийдсэнийг Чехийн Фид гэдэг группээр зуучлуулан төлөхөөр /Н.Энхбаяр/ сонгон авсан бөгөөд хожим нь 200 сая нь төлөгдөж 50 сая нь учир битүүлгээр алга болсон нь тухайн үедээ шуугиан гарахад хүрсэн ч Монголын тал чимээгүй өнгөрөөж, Оросын Засгийн тэргүүн Касьяновыг танхимаар нь 2 сарын дараа огцруулж, Чехууд Фид группын эзнийг мөнгө угаасан хэргээр баривчлан хорьсон гэдэг. /Өдрийн сонин 2009 №207/


Манайхан Н.Энхбаярыг Чингис хааны одонгоор шагнуулж, /Зарим нь алтан хөшөө босгосон ч багадна гэв/ удахгүй Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн юм. Гэтэл Орос улс хуучин Зөвлөлт Орост төлөх Ази, Африкийн орнуудын өрийг тэглэсэн билээ. Орост төлөх өр намжсаны дараа манайхан Хятадад явж /Одоогийн сангийн сайд Ч.Улаан/ Хятадаас 250 сая, Оросын өрнөөс 100 саяар илүү ам.долларын зээл авсан юм. Тэрнээс хойш Монголын гадаад өр ахин ургаж 2006 онд нэг тэрбум 494 ам.доллар, 2010 онд 3 тэрбум 993 ам доллар, 2011 оны эхэн хагаст 4 тэрбум 137 ам.доллар болон жил тутам өссөөр 2012 онд 10 тэрбумд хүрсэн юм.


Гэтэл 2013 оны эцсээр Сангийн сайд нөгөөх Ч.Улаан Өр нэмж авч байж эдийн засгийг амь оруулна гэж Монголын телевизээр мэдэгдэх нь тэр. Өнөөх Орос улсад төлөх ёстой гээд байсан өрийн хэмжээг давах чигтээ орлоо. Гэтэл шинээр тавьсан өр бол ганц Орос улсаас бус хэд хэдэн гадаад орноос авсан тул Орос анд шиг тийм амархан тэглэх шалтгаангүй бизээ. Гадаад зээлийн шинэ өр нь хугацаа, төлбөрийн боломж аль аль нь хэтэрч, улсын маань бэл бэнчиний даац дийлэхгүй хүндэрч мэдэх нь Үндэсний Аюултай байдалд хүргэж болзошгүй юм. Өргүй бол баян!


Дөрөв. Үндэсний Аюултай байдалд хүргэж болох бас нэг гамшиг бол бид бүхний өөрсдийн тэнэглэл, шунал, бүдүүлэг байдлаас үүдэлтэй цөлжилт юм.

a/ Ой хөвч, хээр тал, говь хосолсон үзэсгэлэнт сайхан Монгол орон маань 80 хүртэл хувь нь цөлжих шинжтэй болж эхлээд 18 хувь нь цөлжөөд байгааг эрдэмтэд байтугай эгэл хүмүүс мэдэрдэг боллоо. Ялангуяа сүүлийн хориод жилд ой модыг нөхөн сэргээхгүйгээр хяргаж түлээ түлш болгон зарах, урд хөршрүү ачиж гаргах, түймэр тавьж шатаах / Сэлэнгэ зүгийхний дотор модонд түймэр тавьж дараа нь түлшинд зориулсан хотод наймаалагчид, мөн хятадуудад хус модоо найр тавьж шүдний чигчлүүр савх хийлгэж урагш нь зөөлгөж байгаа/ гэх мэтчлэн ой сүйтгэл цагаандаа гарч, алдарт Тужийн нарсаа хүртэл самардлаа.


2000-2005 онд гэхэд л 850 гаруй түймэр тавьж 11,3 тэрбум төгрөгнй хохирол гарсан. Ой модыг нь хожуул болгож сүйтгэхийн дээр гол усыг боож, хоцрогдсон далан босгон хааж цүнхээл болгон ногооруулж түүнээ усан цахилгаан станц гэж авгайлан бараг хориодыг байгуулсан боловч өнөөх эрчим хүчний нь хэрэгцээний ганцхан хувийг л дөнгөн данган хангаж байх болжээ. Их сүйтгэл, өндөр үнээр ийнхүү усаар тоглогчид эх орны усан судсыг таслах нүгэлтэнгүүд юм.


Мод, усны хүчээр байгалын тэнцвэр барьж байдаг тогтолцоог хүмүүс ийнхүү гажуудуулснаас цөлжилт улам түргэслээ. Ядаж говийн энд тэнд байдаг ногоон толбо ч хувхайрч байна. Сүүлийн дөчөөдхөн жилд 250 га газрын загийг утаа болгон хөнөөв. Энэ бүхэн цөлжилтийг бараг санаатай түргэсгэж буй нэг шалтгаан юм. Ядаж нийслэл хотдоо урьд өмнө суулгаад овоо бэхжиж байсан моднуудыг ч сугалан хаяж, цардах юмуу элдэв байшин барьдаг боллоо.


б/ Монгол эх орныг маань цөлжүүлэхдээ тулсан хамгийн том гай бол уул уурхайг бэлэнчлэх сэтгэлийн шуналаар гадаадынханы тулмыг дүүргэж өгдөг болсон төр засгийн харалган үйл ажиллагаагаа юм. Богдхан уулаас урагших тал хээр, говь нутаг энэхүү зандалчин ажиллагааны хөнөөлд автагдаж тоос шороо, нүх, утаа тортог, аваар ослын талбар болон хувирсаар байна. Тамсаг булаг, Таван толгой, Оюу толгой гэх мэтчлэн нэр нь олон түмний чих халууцуулахаас биш улс орны хөгжилд үзэгдэхүйц хөгжил дэвшилд хүргэсэн юм алга, харин ч монгол улс өрөнд баригдсан хэвээр байна.


Энэ хязгаар нутагт мал аж ахуй эрхлэх боломж, малчид аж төрөх нөхцөл хумигдсаар байна. Түүхий нефть, нүүрс ачсан гадаад, дотоодын том оврын тээврийн тэрэгнүүд өдөр шөнөгүй өмнө зүг цуварсан жилүүдийг л үзэж байна. Хариуд нь говь, хээр нутаг цөлжсөөр. Уурхай нөхөн сэргээгдээгүй бас ёроолтой баялаг гэдгийг мэдсээр байж хар Африкийн замаар мулгуйчууд орлоо.


в/ Монгол орныг цөлжүүлэх бас нэгэн аюул нь алтны шунал, алт олборлох бүх орныг хамарсан хяналт, захиргаагүй субботник юм. 1991 оноос эхлүүлсэн Алт хөтөлбөрөөр дөрөвхөн жилийн дотор 123 компани буй болж аль л өгөөжтэй, үзэсгэлэнтэй, тэр ч байтугай дархан цаазтай газруудыг хүртэл төнхөж ухах боллоо. Алтны шуналтангуудад сэглэгдээгүй нутагтай аймаг одоо манайд байхгүй. Алт ухагчид дундад зууны шахам бүдүүлэг усан бууны технилогоос өөр шинэ арга нэвтрүүлээгүй яваа учир гол горхи, ус ундаа хордож, дээр нь мөнгөн ус, цианит натри болон бусад хорт бодис хэрэглэж алт ялгаруулдаг бас нинжа гэсэн гадаад хоч зүүсэн этгээдүүд нэрмээслэж хаа алтны үнэр гарна тэр лүү хошууран дайрч эх орныг шархдуулдаг болсон. Ардын арми юмуу цагдаагийн бие бүрэлдхүүнээс дутахгүй олон тооны нинжаа нар газар сийчсээр явдаг боллоо.


Баянхонгорын Шинэ жинст гээч аглаг хол нутагт 2500 нинжа, Өвөрхангайн үзсэглэнт Уянга суманд 7000 нинжа, Сэлэнгийн Ерөөд 5000 нинжа гэх мэтчлэн алтны хойноос үхэлдэн зүтгэгчид газар бүрд явж байгаа ажээ. Алт хар мөртэй гэж хуучны Монгол үг бий. Тэр үнэн үг ажээ. Жилд бараг л 10 тонн алт олборлоод байсан гэх жилүүдэд тэрнээс нь ард түмэнд нялзсан юм гэж засаг төр ярьдаггүй л байхгүй юу! Ярих гэхээр хүн амын тоо 100 хүний 36 нь ядуу, нийслэлийн хогийн цэгүүд дээр хог түүж амьдрагсад хоёр гурван зуугаараа байгаа болохоор дуу гарч чаддаггүй биз. Алт ухагчид манай эх орныг цөлжүүлэгч хоёрдугаар фронт юм.


Алт ухаад зогсохгүй одоо чулуу ухдаг болсон. Бүр хойд хязгаарын Хөвсгөлийн Дархадын хотгороос хүртэл хятадууд хаш чулуу ухаж зөөдөг болжээ. Цөлжүүлэх хөнөөлийн тухайд төр засаг Уул уурхай Алт хөтөлбөр гэдэг үгнээс өөр юм ярихгүй суусаар байна. Эх орон үнэтэй болохоос биш алт юу ч биш!


Харин Ногоон нам болон бусад эх оронч иргэд Ногоон хувьсгал хийж ойжуулахаар зүтгэж байгаа нь баярлууштай юм. Зохиолч Чанагийн Галсан өөрийн хөрөнгөөр нэг сая мод тарихаар санаачлаад талыг нь тарьчихаад байна. Гэвч төр засгийн дэмжлэг байтугай талархал ч сонсогдохгүй л байна. Өмнөх тогтолцоонд авч байгаагүй их хэмжээний түүхий нефть, нүүрс, алт газар орноо ухаж төнхөж байж авсан л тоо гардаг. Гэтэл тэрний хишиг буян эсэл түмэнд хэр хүртсэн нь тодорхойгүй хэвээр он жилүүд өнгөрсөөр...


Харин:


1.Урьд байгаагүй олон банк бий болж хориод жилд цөмөөрөө их тохилог гоё барилгуудтай болсон.


2.Нийслэлийн засаг захиргаанаас эхлээд аймгуудын засаг дарга нарын албан байрууд ордон нэртэйгээр томорч үнэтэй барилгуудтай болсон.


3.Нийслэлд болон бусад газруудад 630 гаруй сүм хийд баригдаж бурхныхаас гадна хэрээст лалын болон бусад мөргөрийн газар, сүм хийд бий болсон.


4.Нийслэлд голдуу хятад солонгос эзэдтэй гадаад хаягтай гуанз, дэлгүүр, баар, дэн буудал хэдэн зуугаараа буй болсон.


5.Дөрвөн хүн тутамд хүрэлцэхээр суудлын тэрэг, мотоцикл нийслэлд багтахааргүй олширсон.


Гэтэл харин:


1.Хориод жилд амаржих газар нийслэлд гэхэд л нэгээр ч нэмэгдсэнгүйгээс урьд байсан хэдийнх нь даац хэтэрсэн.


2.Цэцэрлэг яслийн өргөтгөл, шинээр барьсан барилга гэх юмгүй тул нийслэлд гэхэд л тавиад мянган хүүхэд гэртээ цоожлогдон суух юмуу, өвөө эмээгээ бараадах болсон.


3.Сургуулиудыг нэмж барихад анхаараагүйн улмаас дунд сургуулиуд 2-3 ээлжээр хичээллэх болсон. (Энэ 2014 онд ч хэдийг барих сурагтай )


4.Эмнэлгүүдэд шинэ лабортори, төнөг төхөөрөмж дутагдаж туяа эмчилгээний гэхэд л ганцхан аппараттай байсан нь эвдэрч засах хүн олдохгүйд хүрсэн.


5.Нийслэлийн траншей гэдэг урьдын хоосон хонгилууд эзэнтэй болохоор барахгүй орон гэргүй хүмүүс тэнд толгой хоргодох болсоор хориод жил өнгөрч, тэнд төрсөн хүүхдүүд насанд хүрлээ. Бүүр траншейнийхэн гэж нэршилдээ дасал болжээ. Хотын Улаан чулуутын хогийн цэг дээр хог түүж ,амь зогоодог 400-700 хүний дотор тэдний эх эцэг байдаг л бололтой.


ЖИЧ: Уул уурхайн болон алтны баялаг нь энэ бүхэнд хамааралгүй юмуу гэтэл улсын төсвийн бараг тавь шахам хувийг өрхийн тэргүүлэгчид буюу төр засгийн их бага түшмэдүүдийг цалинжуулахад зардаг байна. Яамдын тоог энэ жилүүдэд эрс нэмж, агентлаг гэх мэт үл ойлгогдох гадаад нэртэй газраар баяжуулан авлигачдын эгнээг өргөжүүлж 2000 онд төрийн албан хаагчид 109 мянга байсан бол 2009 онд 149 мянга болгож 1000 хүн тутамд 55 түшмэд норгдох болгоод цадсангүй 2013 онд 800 хүнээр нэмээд 2014 онд улсын төсөв батлахад 3300 хүнээр нэмэх санал засгийн газар оруулж батлуулсан байгаа.

Улсын төсвийн 40 гаруй хувь нь Түшмэдийн армийг санхүүжүүлэхэд зарагддаг байсан одоо тавь гаруй хувьд хүрэхээр явж байна. Урьдын тогтолцоонд долоон хүн эрх барих намын улс төрийн товчооны гишүүн байж, улсынхаа эдийн засаг, улс төр, нийгэмийн үйлсийг удирддаг байсан бол одоо 76 хүн болон нэмэгдэж тэдгээр нь туслахтай зөвлөхтэйгээр барахгүй хуралдаа алданги ононги сууж, дөнгөж гучаадхан хүн нь ирсэн нөхцөлд олонхи гэгдэж хууль баталдаг болсон билээ.

Тэгээд ч цадахгүй 9 яамыг 17 болгож 16 сайдын 13-ынх нь зэрэг хэргэмийг УИХ-н 13 гишүүн болгон давхар эзэгнэж, олны дунд давхар дээлтэй гэж алдаршсан юм. Ийм эрүүл биш тогтолцоо зах зээлийн аль ч оронд байхгүй. Ихэнх үйлдвэр аж ахуйн газар хувьд шилжсэн нөхцөлд хувийн өмчтөн болсон тэр хүмүүс л ажил төрлөө удирдан явуулахаас биш дээрээс нь сайд гэгч хүн сундалдаггүй билээ. Гагцхүү Монголд л ийм гажигтай байдал үйлчлэх, ангийн биш ашиг сонирхолын хөрснөөс ургасан гэлтэй.

Тэр нь даамжраад төрийн биш төрлийн алба шиг болжээ. Хууль хэрэгжүүлэх гүйцэтгэх засаглал болох засгийн газар нь Улсын Их Хуралтайгаа холилдож давхар дээл өмсчихсөнөөс болж манай улсад хууль хэрэгжүүлэх, хариуцлага тооцох боломж тавь жаран хувиар буурсан гажуудал гарсан учраас ч УИХ-н зарим ухаалаг гишүүн өөрийн хүсэлтээр гишүүнээсээ татгалзах санал тавьсан билээ.

Эрүүлжихийн тулд УИХ-н гишүүдийг цөөлж, хууль боловсруулан батлах чадал, мэдлэг, ухамсартай цөөхөн гишүүнтэй байгууллага болгож, хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал бүхий тогтолцоо байгуулахыг иргэд нэг бус удаа санал болгон тавьсныг авч үзэх юм бол Үндэсний Аюулгүй Байдалын Зөвлөл түүхэн үүргээ хэрэгжүүлэх бизээ.
Үүнтэй уялдуулан үзэхэд Тусгаар тогтнол гэдэг хоосон гоё үг биш гэж хэлэх болжээ. Тусгаар улсын нэг том үзүүлэлт нь газар нутгийнхаа бүрэн бүтэн эзэмшлийг баталгаажуулсан хил хязгаар байдаг бөгөөд тэрхүү хилээ тэр үндэстэн хатуу манаж, хилийн цэрэг зогсоож байдаг нь ёс.

Гэтэл Монгол улсын /МУ/ хил сүүлийн жилүүдэд бараг байхгүйтэй адил болсон гэхэд хилсдэхгүйд хүрлээ. Монгол улсын хил дээр буу зэвсэгтэй монгол цэрэг зогсож байгаа юу гэвэл зогсож байгаа. Гэвч энэхүү хилийг өдөр шөнө өглөө үдэшгүй гаднаас ч дотроос ч нэвтрэх их бололцоог сүүлийн 20 жилд буй болгосон төр энэ улсыг удирдаж байгаа нь мэдээж.

Улсын Бага Хурлын дарга дээр үед урд хөршид айлчлахдаа гарын үсэг зурсан баталгааны дагуу Монгол улсын өмнөд хил найман газраар буюу Ховдын Булганы Ярантын боомт, Говь-Алтайн Бургалтайн боомт, Өмнөговийн Шивээ Хүрэнгийн боомт, мөн Гашуун Сухайтын боомт, Замын Үүд-Эрээний боомт, Сүхбаатарын Бичигтийн боомт, Дорноговийн Хавиргын боомт гэх мэтчилэн нүх сүвээр хил харилцан нэвтрэх болсон цагаас хойш өмнөд хил маань өдөр шөнөгүй хөл хөдөлгөөнтэй болж цаанаас ч наанаас ч зорчигчид чөлөөтэй нэвтрэх, ачаа тээш зөөж болж хориод жилд яг л нийслэлд иргэд маань ирж, гарч байдаг мэт сэтгэгдэл төрөхөөр болсон юм.


Манай улсын хил нэвтрэх газруудад гааль ажиллаж байдаг хэдийч гаднаас хар тамхинаас эхлээд хорт бодис хуурам ч эм зэр зэвсэг хүртэл оруулж ирэхээр барахгүй жуулчин мэтийн халхавчтай сэжиг бүхий этгээдүүд ч орж, гардаг болсоор, дотоодоосоо болохоор хөлдүү чононоос эхлээд агнахыг хориглосон тарваганы арьс хэдэн мянгаар нь, бугын эвэр хэдэн тонноор нь, хүдрийн заар, эмийн ургамал, нуурын шаймыг/артем/ хүртэл гаргаад зогсохгүй гаалийнхныг аргалан хар төмрийг хар тугалга нэрээр /Монголд хар тугалганы үйлдвэр байхгүй атал/ хэдэн зуун тонноор гаалийн татваргүйгээр хил давуулан панзлах зэргээр үнэнхүү шүүр шанага шиг хилтэй улсыг тусгаар тогтносон гэхэд ч хүнд болоод байна. Энэ бүхний мэдээ баримт тухай тухайн цагтаа хэвлэлд гарсаар байсан тул ард түмэн мэдээд толгой сэгсэрсээр байгаа билээ. Хил ,хэл, малаа алдвал хэн эмгэнэлтэй вэ? Монгол эмгэнэлтэй гэж хориод жилийн тэртээ яруу найрагч, тэмцэгч Зундуйн Дорж тунхаглаад өөрөө биечлэн цуцалтгүй тэрхүү бусармаг үзэгдлийн эсрэг тэмцээд ганц дайчин ганцаардахад хүрч сэтгэлийн зовлон эдлэхэд хүрсэн билээ.


Энэ зовлон одоо ганц нэгэнд нь биш нийт шудрага эх оронч иргэдэд туссаар байна.  Хорин жил дураараа дургисан хилийн боомтуудыг хэн ч хариуцахгүй, төвлөрсөн зохицуулагчгүй явсаар Улсын хил дөчөөд нүх сүвтэй болсны дараа дөнгөж 2013 оны эцсээр засгийн газрын хэрэг эрхлэх газарт хариуцуулах шиг боллоо. Энэ бол нэр төдий үзуүлбэр. Хилийн боомтыг засгийн ордонд суугаад ямар ч ид шидтэн өдөр бүр цэнхэр дэлгэцэн дээр мэт харах чадал байхгүй.


Үүнд АБЗ-н харьяа тусгай эрх, тусгай боломжтой байгууллага хариуцан удирдах ёстой. Саяхан хийсэн ажил нь бол хилийн боомтуудын хуулийг баталж түүнийг хэрэгжүүлэх газар байгуулсанд баяр хүргүүштэй.


Өмнөд хилийг бодвол өрнөд хил маань арай цөөн нүх сүвтэй байгаа ч гэсэн Тувачуудын малын хулгайч амар заяа үзүүлэхгүй байгааг ч хүмүүс мэдсээр буй билээ. Урьдын цагт улсын хилийг гаднаас зөрчдөг байсан бол өнөө цагт дотоодоос монголчууд өөрснөө хил зөрчих давхар гарц буй болсныг мэдэхгүй хүн төрийн албанд тэр тусмаа Аюулгүй Байдалын Зөвлөлд байхгүй. "Сэвч улсыг маань глобалчлах бодол зах зээлийн далбаан дор, хүний эрх гэдэг хуурамч уриан дор хилгүй улмаар хэлгүй тэгээд малгүй болгох аюул нөмрөхөөс эрс шийдэмгий хамгаалах цаг оройтсоор байгаа.


Ганц баримт хэлэхэд Баруун хил гэхэд л цааханд нь архи, спиртийн том үйлдвэрүүд байгуулж, хилээр энэхүү шингэн хорыг нааш нь элдвээр нэвтрүүлж, Ховдод засмал зам, цахилгаан шугам тавьж Шиньжаан шигээ 2012 он гэхэд хоёрхон сарын дотор 27 мянга 500 тонн загас хулгайн загасчид Ховдоос гадагш хил давуулсан байх бөгөөд Хөшөөтийн нүүрсний баялаг Хятадуудын гарт орсонтой адил Дорнод хилээр ч үүнээс дутахгүй эдийн засгийн хил зөрчилт удаа дараа гарлаа. Сүхбаатарын Цайрт минерал шиг Баян-Өлгийн Цагаан алт хоёр нүхээр юу л орж гарах бол?


Үндэсний аюулгүй байдалд гадаадын өнгөлзлөг гэж аль ч улсад тохиолдож болох нэгэн аюул байдаг тэр нь Монголд бол шинэ юм биш. Хэдэн зууны турш үргэлжилсээр одоо манай улс дэлхийн хамгийн олон хэсэг болон хэрчигдсэн орны тоонд оржээ. Солонгос, Вьетнам гэхчилэн улс орнууд хоёр хуваагдсан (одоо зарим нь нэгдэж байгаа) гэдгийн дэргэд бол манайх тав хуваагдсан улс юм. Өвөрмонгол, Халмиг, Тува, Буриад, Ар монгол гэсэн нэр томъёо түүхийн номуудад аль эрт орж бичигдсэн юм. Хамгийн сүүлд Урианхайн хязгаар гэж Богд хаант Монгол улсын бүрэлдэхүүнд байсан Тагна Тува дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн жил Зөвлөлт Орос улсад нэгдсэн билээ.


Энэ бүхэн түүх болсон юм гэхэд өнөөгийн Монгол улс Нэгдсэн Үндэстний байгууллагын Гишүүн, дэлхийн бараг хоёр зуугаад улс оронтой дипломат харилцаатай орон гэдэг нь хэн бүхэнд мэдээжийн зүйл юм. Гэвч нэг сая таван зуун мянган хавтгай дөрвөлжин километр их газар нутаг дээр хоёр сая хэдэн зуун хүн амьдарч байгаа нь шударга бус явдал. Эзгүй тэр нутагт ядаж түрээсээр эзэгнэл буй болгомоор юм гэсэн санаа НҮБ-ын шугамаар болсон зарим нэгэн хурлууд дээр голдуу дорно зүгийн хүмүүсийн тавьсан илтгэлд сүүлийн үед үе үе цухалздаг болсноор барахгүй Тайваны өдөр тутмын Хятад хэлээр нийтэлдэг сонин United Dally News гэдэгт 2007 оны наймдугаарт нь: Ус гольдролдоо орсон цагт болно. Чимээгүй л хийх хэрэгтэй Тэнгэрийн цаг үе буцаж ирэхэд бусад орнууд салхины аясаар ирж харьяанд орох болно гээд Өвөр Монголын нэг хүнд ногдох Дотоодын Нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ 4000 гаруй ам доллар болчихоод байхад Ар Монгол яаж бие даан оршиж чадах юм бэ? гэж Тан И гэдэг хүн бичжээ. Тэрнийг нотлох гэсэн юм шиг Хятадын цэргийн ашиглалт сэтгүүлд Монголыг Хятадад яаж нэгтгэхийг аргачлан бичихдээ


-Өвөр Монголд хөрөнгө их оруулах, - Хилийн худалдааг хяналтандаа авч Монголын бүтээгдэхүүнийг шахах, -Өвөр Монголд цагаачлахыг дэмжих, -Хятад иргэд Монголд суурьших,


-Хоёр улсын иргэд гэр бүл болохыг дэмжин цусан төрлийн холбоог бэхжүүлэх гэж тодорхойлсныг Хөх толбо сонинд дээрхэн №22 Өвөр Монгол хүн бичсэн нь нийтлэгдсэн юм. Тэр санааг бүр тодруулан: Ар Монголын хүн ам цөөн хөгширөлт өндөр, боловсрол доогуур, эдийн засаг хоцрогдсон, улс төрийн бодит байдлыг харгалзан хилийн заагийг хайхралгүй, эдийн засгийн, соёлын аргаар хяналтандаа авах нь зүйтэй.


Тухайлбал соёл боловсролын харилцааг хэрэгжүүлж Монголын их-сургуулийг байгуулж  Ар Монголын оюутануудыг үнэгүй сургах, эв найртай байгсадыг хөхүүлэн урамшуулах, харилцан гэрлэлтийг их хэмжээгээр, нэмэгдүүлэх... гэх мэтчилэн мөн сонинд бичээд Тэр цагт Ар Монгол Хятадыг түшихгүй гээд яах юм бэ? гэсэн байлаа. Энэ нь хоосон үг биш болохыг манай улсын импортын 80 хувийг одоо эзэгнээд байгаа өмнөд хөршийн ажиллагаа түүнийг нэвтрүүлдэг 40 орчим хилийн, боомт шинээр бий болсон нь тэрчлэн яг тэр өгүүллэгүүдэд нийтлэгдэж байх үед Монголын сонингуудад TWOS-сургалтын төв Хятадад сурцгаая  уриалга (ӨС,2007/190) Монос тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна, Малайз, Хятадын дээд сургуульд элсэлт явагдаж байна гэхчилэн зар сурталчилгаа сонины бүтэн, нүүр эзлэн гарч байлаа. Хятадын 14-15 сургуульд хямд үнээр суралцахыг урьсан Онон-Номин ХХК-ийн танилцуулга ч бас( сонинд (10-р нүүр) гарсан юм.


Монголын Улсын Их Хурлын гишүүд аль эрт 1995, 2000, 2002 онд нэгтгэх (Монголыг Хятадад) асуудлыг хөндөн тавьж байжээ. Тухайлбал, Ар Монголын говийн аймгаас сонгогдсон УИХ-ын нэгэн гишүүн Монголын Нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудлыг хэлэлцсэн бага хурлын үеэр Хонконг, Макаогийн нэгэн адил засаг захиргааны тусгай бүс байгуулах замаар Монголыг, Хятадад нэгтгэх санал дэвшүүлсэн байв гэж United Dally News сонин улаан цайн бичсэн байлаа. Гэвч ийм үзэл санаанд тэр цагийн Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл ч мөн тодорхой улс төрчид ч ямар нэгэн няцаалт юмуу, хариу хэвлэл мэдээллээр өгөөгүй нь гайхмаар байсан билээ.Тэр цагаас хойш манай улсын өмнөд нутгийн аймгуудад болсон явдлууд ч мөн энэ санааг бодогдуулахаар зүйл олон болсон юм.


Монголын эртний бичигтэй хадан дурсгал дээр нь Хятад бичгээр Бид алтаа авахаар ирлээ гэж маш хичээнгүйлэн бичсэн нь одоо ч байж байгаа билээ.


Социализмын үед Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байв гэсэн айхтар гарчигтай өгүүлэл 2013 онд Болсон явдал сонинд (10 дугаарт нь) гарсныг 2014 оны эхээр Хөх толбо сонин авч ахин нийтлэснийг үзэхэд ч зүгээр нэг сенсаци биш гэж ойлгогдохоор байна. Нэгэн хашир өвгөн Богд уулнаас өмнөх нь Хятадын мэдэлд, Богд уулнаас хойших нь Оросын мэдэлд очих нь шивдээ гэж санааширан хэлсэн үг бас санаанд орлоо.


Монголын хүн ам цөөхөн, хөгширөл өндөр гэж Хятад судлаачидын бичиж байсан 2007 онд гэхэд л Монголд 23973 хятад иргэн ирчихсэн байсан нь манай улсад бүртгэгдсэн гадаадын хүмүүсийн 90 хувь болж байлаа.

Дорнод аймаг, Матад сум 3600 хүнтэй 1400 нь хятад иргэн болжээ. (2013)

 

Гэрт маань ороод ирчихсэн юм биш үү?    


Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, доктор Л.Түдэв

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
“СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
О.Хангай аваргаас шалтгаалах МОГОЙ жилийн бэлгэт давхцал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • Tt (112.72.11.104)
    Chingis xaan 3nii 1iig xuurai gazarig ezelsen gex bolowch mongoliin gazar nutgiin bairlal nuluulsun baix gj boddog mongoloos daijij bgaa bolowch dainii ved end tendees manai orond olon xvmvvs irne gj boddog shvv
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • goody (173.79.201.46)
    Ochirbat tansag-g anxnii eronxiilogchoor songoj teneg aldaa gargasanii gor-g odoo ch bid nar edelj baigaa. Iim uxaalag alsiin xaraat Tudev guiag songoson bol usnii ex tungalag bol gol ni tungalag gedeg shig baix baisan boluu!!!!!
    2016 оны 06 сарын 15 | Хариулах
  • Д.Найдан (103.212.118.242)
    Монголчууд таван сая болохдоо л болно.Эндэж гэндэх явдал хаа ч л байна.Үүнд онцгойлон анхаарч хамгаалалтын арга хэмжээг авсаар байгаа хэдий ч хэрэгжилтэндээ л алдаад байна.Хүн бүрийн , иргэн бүрийн үүрэг хариуцлага бас чухал. Харин ч эмнэлэг сургууль цэцэлэгүүд сүүлийн 4 жилд дажгүй өсөлттэй байгаа нь илт ажиглагдах болсон. Онцгой анхаарч орон сууц , эмнэлэг ,төрөх газрууд , сургууль , цэцэрлэг хүүхэд саатуулах газруудыг эн тэргүүнд олноор байгуулах бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй.
    2016 оны 06 сарын 11 | Хариулах
  • зочин Б.Б (70.188.35.198)
    Хүн амын өсөлтөнд сөргөөр нөлөөлж байгаа бас нэг зүйл бол өсөлтгүй жирэмслэлт. Энэ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Өнгөрсөн жил 500 орчим,энэ жил 2 сарын байдлаар 300 болчихсон байсан. Үүний цаана ээж, хүүхэд гэсэн 2 хүний эрүүл мэндийн асуудал байгаа гэдгийг бодмоор байна.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • zochin (202.21.117.42)
    belen hool gesen horiig or tas horigloh heregtei huns huduu aj ahuin yam yu hiij suudag bn a
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Апррро (202.9.40.116)
    3 сая хун ам гэдэг-ийн хэдэн хувь нь хятад вэ?
    2016 оны 05 сарын 01 | Хариулах
  • Ulaan Zalaat Mongol (202.9.40.177)
    Vnen vg gashuun!!!!!!Gehdee bid tsusaa ariun bailgah en Ulsaa bvren bvten avch vldehd Deed Zahirgaand baiga hvmvvs Tsewer tsusnii Mongol baih estoi.Bid tsoohvlee gehdee Tsedenbal dargiin hiisen Mongold baiga Bvh Danjaadudiig hoon nen daryi gargahyi bol tsus bohordoj duyshan.Hetad sanaa hamgiin myy sanaa Sertsgee Mongolchuuda,Sertsgee Vher Mongolchudaaa
    2016 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.72.246.106)
    Бид юу ч хийж чадахгүй он цаг хугацаа бүгдийг харуулна бидний үр хүүхэд ач гучыг маань л сайхан ирээдүй угтаасай манай улсын төр нийгмийн зүтгэлтнүүд ухаантай хүмүүс бий сайн цаг ирнэ гэдэгт өвгөн ах нь бат итгэлтэй байдаг
    2016 оны 04 сарын 29 | Хариулах
  • Иксэ (202.179.27.114)
    Монголыг тэртээ дэлхийг эзэлж явахад дэлхий даяараа монголыг хараасан мэт.
    2016 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.40.199)
    Mash vnen bichjee yagaad gants torox emneleg barixgvi bna we ex xvvxed endegdel ix bna shvde
    2016 оны 04 сарын 28 | Хариулах
  • ё (202.72.245.122)
    өмнө аймаг гэдэг чинь батсуурь бус уу
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • ё (202.72.245.122)
    БИд өөдгүй бол Бурханы тааллаар үгүй болно.Оршихуйн мөн чанараа эргэж хар эс тэгвээс архинд орох өвчдөд гэх мэт цаг бусын зүйлд өртөөд салахгүй.Гудамжиндаа шулс нусаа хаячхаа больж бусдыгаа хүндэтгэ. Хоорондоо яс хаялцаж гүйх чинь хойдохоо эс бодож мөнгөнд автах чинь чадваржихаас чинь муу байна.
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • жагаа (27.123.214.80)
    Яана даа.одоо.хэцүү бнаа .энэ улс орныг удирдаж буй хүмүст эх орноо боддог нэг хүн бдаг болов уу?Үнэхээр алга.Мөнгө нүдийг нь сохолчихсон...
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • Tudevt (59.153.113.57)
    Hugshin zunug khuur. Uuruu huduunuus ircheed.
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.57.95.102)
    ИЙМ Л УХААНТАЙ БУУРЛУУДЫГ МИНЬ ЦЭДЭНБАЛЫН ҮЛДЭГДЭЛ ГЭЖ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЖ ӨӨРСДӨӨ ЭХ ОРНЫ МИНЬ БАЯЛАГЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ЛУЙВАРЧИД БАЯЖСААР...
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.91.90)
    Эрхэм хүндэт Түдэв гуайдаа баярлалаа, өнөөдөр тань шиг ингээд хэлэх хүнгүй болжээ, Монголын ард түмэн таныг Ерөнхийлөгчөарөө сонгосон бол ийм байдалд хүрэхгүй байх байлаа, тэр үед би ном уншдаг хүнээ сонгоё гэж хирэндээ л Таныг дэмжиж байсан гэвч миний ард түмэн номыг биш мөнгийг шүтдэг шуналт хүн Очирбатыг сонгож эх орноороо тоглуулсан нь харамсалтай, одоо л байдлыг ойлгож энэ сонгуулиар зөв хүнээ сонгож эх орноо авхаасай гэж хүснэм. Таны бичсэн энэ нийтлэлийг олон түмний сонорт хүргэж сайн таниулаасай, олон хүн байгаа байдлаа эргэж нэг хараасай гэж хүсч байна. Танд баярлалаа.
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.57.92.104)
    Ийм бодлогыг хэрэгжүүлэгчид Аюулгүй байдлын зөвлөл-д ороод суучихсан юм биш биз? гэсэн хардлага үнэхээр төрж байна
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • Ганаа (103.57.92.104)
    Яг үнэн. Эрдэмтэй хүмүүсээ дагадаг нь хүний ёс. Ийм хүмүүсийг төрд гаргаад бүх ард талыг нь улс даавал болж байнаа.
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • Zochin (50.160.91.253)
    Ikh murun dulguun.............
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • zzz (89.217.200.133)
    Delhiin onzog bulan byrt gazar nutag, yndestnii dain, huuvildaan yanz byriin helbereer erchimtei yavagdaj baigaa zagt Mongoliin toriin bair suuri todorhoi bus, ard tymen ni gadaad gej yarihaas oor um medehgui, arhi diilenhi huvi ni heregledeg,,,,bolovsrol, soel doroitson, eroosoo holiin ireedyi ih ayultai baidald baigaa shdee…Ter tusmaa tord baigaa tenegchyyd ni amerik bolon busad orniig shytchihsen,,,heniig yagaad shytej baigaagaa ch oilgohgui,,,tun tygshyyrtei baina.
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Munguu (202.70.46.216)
    Neeree unen shu olon hun unshaasai. uls ornoo ene gadaad geed bga hyataduus salgah yumsan. Aimaar yum aa oroitoh n bna shu.
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • гамбаа (203.91.115.46)
    өөрсдийгөө МАНам гэж нэрлээд байгаа хүмүүсийг төрөөс зайлуулчихвал монголын төр цэвэршинэ
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • zochin (202.21.118.98)
    deer ued ochirbatiig bish ene huniig erunhiilugchuur songoh baisan yum daa. daanch bid buruu songolt hiisen.ochirbatiig songosnooroo azgui ch yum daa
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • buya (202.9.42.3)
    saihan hogshid maani uhaantai uymaa uy bolood bgaag oilgoh shig yah ve gedgiig buuraluud maani l helnedee nam uud geh mafiudaas salgaad ogoosei
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • mongol (59.153.114.214)
    tvdev guai vnexeer vnen heljee! barag l oroitloo doo!! Olon mongolchuud maani unshaasai bilee!!! zarim n ynshixaas zalxyyrdag bolson shvv!! bvv zalxyyraarai buurliin vgiig sonsoo gej Tanii oroigvi svm nomiig anx ynshij nomond dyrtai bolj bilee!! ta urt nasalj ydaan jargaarai
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • zovlon (203.91.115.46)
    uneheeriin goe bichsen bna bugd unen bizdee mongold odoo yu ch uldsengui hezee negen tsagt hujaa nar l dairch oroh l uldej baina heden nam hoorondoo bulaasaldaj ard tumenii zovlong bodoh tsag zav tednd ogt alga
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • zovlon (203.91.115.46)
    uneheeriin goe bichsen bna bugd unen bizdee mongold odoo yu ch uldsengui hezee negen tsagt hujaa nar l dairch oroh l uldej baina heden nam hoorondoo bulaasaldaj ard tumenii zovlong bodoh tsag zav tednd ogt alga
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (185.64.197.232)
    Unen shde,turin tolgoid ni hujaagin erliizud hotnii zarim honitoi niillegsed
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • irgen (202.131.235.226)
    ee burhan mini
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.194.114.149)
    Үнэн бичжээ
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Батаа (202.21.124.131)
    Капитализмын эхний шат явагдаж байна.
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (43.242.242.224)
    Монголчууд 5 байтугай 7 хуваагдсан. Монгол, Өвөрмонгол, Буриад, Халимаг, Тувагаас гадна Хөхнуур, Шинжаан дахь Зүүнгарын монголчууд байна. 200,000 хүнтэй томоохон бүлэг хүмүүс шүү.
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.192.154)
    Үнэхээр үнэн шүү. архины үйлдвэртэй эсхүл архины үйлдэвртэй аж ахуйн нэгжид хувь хувьцаа эзэмшдэг хүмүүсийг сонгохоо болих хэрэгтэй. Хамгийн эхлээд Батхүүг зайлуулах хэрэгтэй шүү.
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    10 цаг 39 мин
  • Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
    11 цаг 12 мин
  • Л.Соронзонболд: Виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль эрх зүйн шинэ орчин бий болгох нь цаг үеийн зайлшгүй шаардлага юм
    11 цаг 16 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    11 цаг 29 мин
  • Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ
    12 цаг 24 мин
  • Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилуулжээ
    12 цаг 25 мин
  • Долоон улсын 37 иргэнийг Монголоос албадан гаргажээ
    13 цаг 31 мин
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
    15 цаг 9 мин
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
    15 цаг 43 мин
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
    16 цаг 1 мин
  • Л.Гантөмөр: Эрэмбийн нэгдүгээрт байгаа төслөө бид урагшлуулж чадсан
    16 цаг 34 мин
  • Биеийн тамирын арга зүйч нарыг Яйзү хотод богино хугацаанд мэргэжил дээшлүүлнэ
    16 цаг 39 мин
  • Л.Туруунаа пара жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    16 цаг 58 мин
  • Б.Найдалаа: Мега төслийг хэт шүтээд явах нь инфляцыг буруу тийш нь залах аюултай
    16 цаг 59 мин
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
    17 цаг 13 мин
  • Зул: Азийн хип хопын анхдагчдын нэг нь “Ice Top” хамтлагийн Б.Оргил-Эрдэнэ байв
    17 цаг 24 мин
  • В.Путин В.Зеленскийтэй Истанбулд уулзахгүй
    17 цаг 42 мин
  • "Гашуунсухайт-Ганцмод" төмөр замын бүтээн байгуулалтаас бид юу хүлээх вэ?
    17 цаг 46 мин
  • Улстөрчид брэнд биш бодлого уралдуул!
    17 цаг 54 мин
  • "The MongolZ" академи "CS2"-ийн шинэ залуу авьяастнуудыг хайж байна
    18 цаг 0 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК