Шадар сайдын гаргасан шийдвэр малчдын дургүйцлийг төрүүлж, эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ. Энэ сарын 6-ны өдөр Шадар сайд У.Хүрэлсүх “Сүлдэндээ залсан Монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулахыг тэвчихгүй.
Тиймээс адууг амьдаар нь хил гаргаж буй асуудлыг бүрмөсөн таслан зогсоохыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт дахин үүрэг болгож байна" хэмээн үүрэг болгосон.
Тэгвэл энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн малчид Шадар сайдыг энэхүү шийдвэрээ эргэн харахыг хүслээ. Үнэндээ ч тэдэнд үүнээс өөр сонголт байгаагүй нь тодорхой. Санхүүгийн гол эх үүсвэр болсон малыг үнэгүйдүүлж, арай илүү үнэд хүрч буй адууг нь хилээр гаргахыг нь хориглосон шийдвэр нь тэдэнд хүнд тусч байгаа аж. Тодруулбал малчид адуугаа нядалгаанд оруулж, ченж нарт зарахад нэг адуу ойролцоогоор 350-500 мянган төгрөгийн үнэд хүрдэг бол хилээр гаргахад нэг сая төгрөгөөр борлуулдаг байна.
Сүлдэндээ хиймортой энэ амьтныг экспортод гаргах санамж бичигт ХХААХҮ-ийн яам, БНХАУ-ын чанар хяналт хорио цээрийн байгууллагын төлөөлөгчид 2008 онд гарын үсэг зуржээ. Үүнээс хойш жилд дунджаар 3-6 мянган адуу, хамгийн ихдээ 7 мянган адуу экспортолсоор ирснийг албаны хүн хэлж байна.
У.Хүрэлсүх сайдын гаргасан адууг олноор нь экспортлохыг хориглосон энэ гэнэтийн шийдвэрийн улмаас малчидын орлогын эх үүсвэр тасалдхад хүрсэн учраас малчид ийнхүү сайдын шийдвэрийг эсэргүүцхэд хүрчээ.
Ховд аймгийн баруун гурван сумын малчид зудын эрсдэлээс гарахын тулд адуугаа зарж байгаа тул дээрх шийдвэрийг эсэргүүцсэн юм. Тухайн сумдын малчид 700 орчим адуу аж ахуйн нэгжид гэрээгээр өгөөд, мөнгөө авч чадахгүй хүлээлтийн байдалтай байгаа аж.
Хэрэв холбогдох байгууллагуудаас гаргаж байгаа шийдвэрийг хүлээвэл малчид хохирох магадлал өндөр гэнэ. Тиймээс ядаж улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий амьд адуу гаргадаг аж ахуйн нэгжийг бүгдийг нь биш юм гэхэд өвөлжилт хүндэрсэн цас зудтай сумдын малчдын адууг нэг удаа гадагшаа гаргах зөвшөөрөл олгож өгөх боломжийг нутгийн иргэд төр засгаасаа хүсээд байна.
Холбоотой мэдээллийг энд дарж харна уу
Холбоотой мэдээллийг энд дарж харна уу
Холбоотой мэдээллийг энд дарж харна уу
Холбоотой мэдээллийг энд дарж харна уу
24tsag.mn
Сэтгэгдэл (51)