Эрүүл мэндийн яамнаас тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл өгч байна.
"Оны эхний есөн сарын байдлаар 78 сум тарваган тахлын голомтот бүсэд хамаарч байна. Үүнээс, А зэрэглэлд 27 сум, Б зэрэглэлд 25 сум, В зэрэглэлд 26 сумд хамаарна. Энэ жилийн байдлаар 13 аймаг, долоон дүүргийн 21254 иргэн тарваган тахлын дархлаажуулалтад хамрагджээ.
Он гарсаар тарваган тахал өвчнөөр долоон хүн нас барсан
Есдүгээр сарын 20-ны байдлаар Ховд аймгийн Мөст, Цэцэг суманд тус бүр нэг, Жаргалант суманд хоёр, Говь-Алтай аймгийн цээл суманд нэг, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд нэг буюу нийт зургаан удаагийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хоёр тохиолдол буюу Ховд аймгийн Цэцэг суманд есдүгээр сарын 13-нд тарваган тахлын булчирхайн хэлбэр, Ховд аймгийн Жаргалант суманд есдүгээр сарын 19-нд тарваган тахлын булчирхайн хэлбэр, үжил хэлбэрээр хүндэрсэн онош батлагдсан.
Жаргалант суманд энэ сарын 17-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс өнөөдрийн байдлаар 49 хүн нэгдүгээр хавьтал болжээ. Үүнээс аймгийн төвд 37, Алтай суманд дөрөв, Мөст суманд дөрөв, Буянт суманд нэг, Эрдэнэбүрэн суманд хоёр, нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэг хавьтал байгааг тусгаарлан хяналтад авч, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байна" гэв.
М.Сүхэхэй