Хиймэл оюун ухааныг геологи, эрэл хайгуулын салбарт үр ашигтайгаар ашиглах зорилготой "Digitalization & AI in Mining Geology 2025" олон улсын хурал өнөөдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Чингис хаан Үндэсний музейд болж байна. Энэхүү хурал нь Монгол Улсын уул уурхайн салбарт дижитал шилжилт болон хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийн ялгарал бууруулахад чиглэсэн дэвшилтэт олон улсын технологийг танилцуулахад онцгой ач холбогдолтой юм.
Өнөөдөр геологи, эрэл хайгуулын салбарт дэвшилтэт технологи болон хиймэл оюун ухааныг эрчимтэй нэвтрүүлэх нь дэлхий нийтийн нийтлэг зорилго болж байна.
Энэ чиг хандлага нь критикал минералын ордуудыг богино хугацаанд нээн илрүүлэх, эрчим хүчний шилжилт болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах чухал нөхцөл болж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд ч геологи, уул уурхайн салбарын хөгжлийн стратеги болон Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлийн зорилтуудтай нягт уялдаж байна. Хурлын үр дүнд Монгол Улсад АІ-д суурилсан эрэл хайгуулын шинэ аргачлалыг нэвтрүүлэх, салбарын бодлого, хууль эрх зүйн шинэчлэлтэй уялдуулахын зэрэгцээ бүс нутгийн уул уурхай, технологийн хамтын ажиллагааны төв болох боломж улам бүр тодорхой болж байна гэж Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлөөс мэдээлсэн юм.