"Стандартын бус нүхэн жорлонг устгах" аян Хөвсгөл аймагт өрнөж байна. Гол мөрний сав газруудын дагуух хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, усны нөөцийг бохирдож хомстохоос хамгаалах чиглэлээр арга хэмжээ авах Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын хугацаатай албан даалгавар есдүгээр сарын 19-нд гарсан юм.
Уг албан даалгаврын хүрээнд Хөвсгөл нуурын ойр орчмын эзэнгүй таван нүхэн жорлонг хоёр хоногт буулгажээ.
Түүнчлэн Завхан аймгийн Засаг Даргын Тамгын Газар, БОАЖГ хамтран Тосонцэнгэл сумын Хожуул голын дагуух стандартын шаардлага хангаагүй 14-н нүхэн жорлонг буулгаж, ариутгал хийн булсан талаар мэдээлсэн.
Нүхэн жорлон нь эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээс гадна хүүхэд гэлтгүй том хүн ч унаж бэртэх, улмаар амь насаа алдах эрсдэлтэй тул болгоомжтой байхыг зөвлөж байна.
2021 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Шинжлэх Ухааны академийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгээр гүйцэтгүүлсэн судалгааны хүрээнд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144,992 нүхэн жорлон тоологдсон байдаг гэж БОАЖЯ мэдээллээ.