МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион байгуулагдаж буй цувралын дөрөв дэх өдрийн барилдаанд Улаанбаатар хотын баг, Тува улсын багтай хүчийг үзэв.
Улаанбаатар хотын баг 21:4-өөр илүүрхэж ялснаар дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртөлж, шагналын 5.000.000 төгрөг, барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө гардлаа. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв.
Улаанбаатар хотын багт
- улсын начин Б.Бадамсүрэн /5 даваа/,
- аймгийн арслан Л.Батсайхан /4 даваа/,
- Ч.Мөнхтогтох /5 даваа/,
- аймгийн заан М.Даваасүрэн /3 даваа/,
- аймгийн харцага Э.Ширнэн /4 даваа/ - тай барилдсан бол
Тува улсын баг
- Монгуш Сылдыс /1 даваа/,
- Монгуш Алексей /1 даваа/,
- Ооржак Кежик
- Самдан Бады Маадыр /1 даваа/,
- Ондар Кундесонам /1 даваа/ нарын бүрэлдэхүүнтэй өрсөлдөв. Монгуш Начын сэлгээгээр орж барилдлаа.
Техникийн саатлын улмаас тус барилдааныг шууд дамжуулж чадаагүй юм. Энэ тухай SPS телевиз мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, "Бөхийн өргөө" орчмын гудамж талбайн засварын ажлын алдааны улмаас шилэн кабель тасарч өнөөдрийн барилдааныг шууд дамжуулах боломжгүй болсон тул үзэгчдээсээ хүлцэл өчье.
Эрхэм хүндэт бөх сонирхогч та Монгол Бөхийн Өргөөнд очиж өнөөдрийн барилдааныг үзэж сонирхох боломжтой.
Барилдааныг маргааш 15:00 цагаас SPS National сувгаар бүрэн эрхээр нь хүлээн авч үзээрэй" гэжээ.
Өнөөдөр буюу 10-р сарын 05-ны 19 цагаас Завхан аймгийн баг Сүхбаатар дүүргийн багтай өрсөлдөнө.