Монгол Улсад халдварт өвчин судлал мэргэжлийн сургалт эхэлсний 90 жил, АШУҮИС-ын Анагаах ухааны сургуулийн "Халдварт өвчин судлалын тэнхим"-ийн 75 жилийн ойд зориулсан "Халдварт өвчний тулгамдсан асуудал" эрдэм шинжилгээний наймдугаар бага хурал, Монголын халдвартын эмч нарын нийгэмлэгийн 10,11 жилийн ойн баярыг тохиолдуулан халдвартын эмч нар хоёрдугаар чуулга уулзалт аравдугаар сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр үе үеийн халдвартын эмч, багш нарын төлөөллүүд 21 аймаг, Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж, цар тахлын үеийн туршлага болоод цаашид авч хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцлээ.
Чуулга уулзалтыг нээж АШУҮИС-ын АУС-ын "Халдварт өвчин судлал"-ын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд профессор Р.Оюунгэрэл үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "Хүн байгаа цагт халдварт өвчин байсаар байна" гэдгийг онцоллоо.
АШУҮИС-ийн Халдвартын тэнхимийн ахмад багш Н.Жанцан: Миний хувьд АШУҮИС-ыг 1970 онд Хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд хөдөө суманд хоёр жил, хотод зургаан жил ажилласны дараагаар “Халдвартын тэнхим”-тэй амьдралаа холбож, сургуульдаа багшлах болсон. Миний багш нар болох Дамдинсүрэн, Цэрэндагва гэж хүмүүс агуу эрдэмтэд байсан. Багш нарынхаа шавь нь болж, багш нартайгаа зэрэгцэж сургуульдаа багшилж байсандаа маш их баяртай байдаг. Халдварт өвчин бол бусад өвчнөөс ялгаатай, олон хүнийг хамардаг, дэлхийг донсолгосон аюултай өвчин. Үүнийг сөрөн гарч, ард түмнээ хамгаалж чадсан халдвартын эмч нартаа баяр хүргэе.
Намайг эмчээр ажиллаж байх үед улирлын томуу, томуу төстийн тахлууд, цагаан цэцэг, тарваган тахал зэрэг халдварт өвчин ихээр тархаж, олныг хамарч байлаа.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахалтай нүүр тулсан амаргүй жилүүд болж өнгөрлөө. Энэ бол дэлхийн түүхэнд ховор тохиолдох, бүх улсыг хамарсан халдварт өвчин. Энэ хугацаанд эдийн засаг, сургалт хөгжил гэх мэт бүх л зүйлд хохирол учруулсан. Үүний ард гарахын тулд дэлхийн хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл тэмцэж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан: “Халдварт өвчний тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний ээлжит хурлаа хийж байна. Энэ хурлаар халдвартын чиглэлд хийж байгаа судалгаа, шинжилгээ, эмнэл зүйн тусламж үйлчилгээ, тандалт илрүүлэг гээд олон улс болон дотоодын туршлага зэрэг тулгамдсан асуудлаа ярилцаад цаашид ямар чиглэлд түлхүү анхаарч ажиллах вэ гэдэг зөвлөмж, удирдамж гардаг чуулга уулзалт юм.
АШУҮИС-ийн 80 жилийн ой, Халдварт өвчин судлал гэдэг мэргэжлийн сургалтын 95 жилийн ой, Халдвартын тэнхимийн 75 жил, Халдвартын эмч нарын нийгэмлэгийн 10 жил гэх мэт олон ой давхцаж байгаагаараа онцлог. Мөн цар тахлын өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид уулзах боломжгүй байсан. Ингээд бид нөхцөл байдал намжиж байгаатай уялдуулж танхимаараа уулзах боломж олдлоо.
Т.Мөнхжаргал