Хан-Уул дүүрэгт байрлах Богд хааны ордон музей өвлийн цагийн хуваарьт шилжжээ. Тодруулбал, Мягмар, Лхагва гарагт амарч, бусад өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд ажиллах юм байна. Түүнчлэн цагийн хуваарийн дагуу сүүлчийн үзэгчийг 16:15 цагт музей рүү нэвтрүүлнэ гэв.
Тасалбарын үнийн хувьд том хүн 8,000, оюутан 3,000 төгрөг бол 0-16 насны хүүхдүүд үнэгүй үзэх эрхтэй байна.
Музейн түүхээс товч дурдвал “Билгийг хөгжүүлэн бадруулагч” /Шаравпэлжээлин/ нэртэй энэ цогцолборыг 1893-1903 оны хооронд Монголын шарын шашны тэргүүн YIII Богд Жавзандамбад зориулан барьжээ.
1928 он гэхэд 2,117 зүйлийн 3,000-аад үзмэртэй болсон байжээ. Одоогийн байдлаар тус музей нь /2012-2013 оны улсын тооллогын статистик мэдээ/ 4,196 дэсийн 8,626 ширхэг үзмэртэй байна. Үүнээс үзмэр үзүүллэгт 465 дэсийн 1,146 ширхэг үзмэр буюу нийт үзмэрийн 13.8% нь олон нийтийн хүртээл болж байгаа аж.