“Хүнд суртлын индекс 2021” судалгааны тайланг танилцууллаа.
2021 онд бизнес эрхлэгчид, хүнд суртлын индекс 2.72 буюу 2018 онтой харьцуулахад хүнд суртал ихэссэн гэж үзжээ.
Судалгааны институтын дарга О.Түмэн-Амар "Хүнд суртлын индексийг тооцохдоо, ерөнхий индекс, төрийн үйлчилгээний хүнд суртлын индекс гэсэн үзүүлэлтүүдээр тооцдог. Ерөнхий индескийг тооцохдоо төрийн албан хаагчдыг ёс зүй, харилцаа хандлага, төрийн байгууллагын ил тод байдал, төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд бизнес эрхлэгчид оролцох боломж, төрийн үйлчилгээний хүнд суртал, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо зэргийг харгалзан үздэг байна. Эдгээрээс, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагын үзүүлэлт бусад үзүүлэлтүүдээс сайн байна. Харин төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо хамгийн сул үзүүлэлттэй гарчээ.
Төрийн үйлчилгээний хүнд сурталыг тооцохдоо зардал, хугацаа, албан хаагч, баримт бичиг, мэдээлэл гэсэн үндсэн таван дэд үзүүлэлтээр тооцсон. Үүнийг тооцохдоо бизнес эрхлэгчдийн түгээмэл үйлчилгээ авдаг 54 төрийн байгууллагын лавлагаа, мэдээлэл авах, дүгнэлт, тодорхойлолт, баталгаажуулалт авах, бүртгэлийн үйлчилгээ авах, зөвшөөрөл авах дөрвөн үйлчилгээний төрлөөр дүгнэдэг.
Дундаж үйлчилгээ нь 3.1 үзүүлэлттэй гарсан. Үүнээс төрийн үйлчилгээ авахад хугацаа хамгийн их хүндрэл учруулдаг буюу 2.69 хамгийн бага үнэлгээг авсан" гэв.
Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь, нэг үйлчилгээ авахад дунджаар зургаан баримт бичиг бүрдүүлж, гурван төрийн албан хаагчтай харилцаж, дунджаар 13 хоног зарцуулдаг бөгөөд 360 мянган төгрөгний албан зардал гаргадаг гэсэн судалгааны үр дүн гарчээ.
Т.Мөнхжаргал