Механик Тээврийн Сургууль (МТС)-ийн орчмын хойноос урагш чиглэсэн замын хөдөлгөөн ачаалал үүсгэдэг учир тухайн уулзварт зохицуулалт хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч, дараах шийдвэрийг гаргасан байна. Тус уулзварт сарын 28-ны өглөөний 06:00-14:00 цагийн хооронд 64 удаа хөдөлгөөний зохицуулалт хийсэн байна. Харин өнөө өглөөний мөн цагаас эхлэн нэг чигийн хөдөлгөөний зохицуулалт хийснээр тус уулзварт дахин зохицуулалт хийгээгүй ч одоогоор түгжрэл үүсдэг уулзваруудын замын хөдөлгөөн хэвийн, сийрэг үргэлжилж байгаа юм.
Мөн Гэсэр сүм, Баруун дөрвөн зам, Бөмбөгөр, Өгөөжийн уулзваруудад тус цагийн хооронд 121 удаа хөдөлгөөний зохицуулалт хийсэн. Үүнээс хойш дахин зохицуулалт хийгээгүй ч замын хөдөлгөөн тэнцвэртэй үргэлжилж буй аж.
Нэг чигийн хөдөлгөөнд оролцож хэвшихэд хугацаа шаардлагатай тул сургуулийн амралт эхэлсэн үеээр уг шийдвэрийг хэрэгжүүлж буй. Харин МТС болон Цагаан хаалганы уулзварт зүүн тийш, буцаж эргэх зэргийг хориглосон. Гэтэл Нарны хороолол, Алтай хотхон орчмын хүмүүсийн харих зам, хэрхэн төв рүү орох нь тодорхойгүй болсноос гадна хичээл, сургуулийн амралт дуусахад яаж өөрчлөгдөх тухай асуудал иргэдийн дунд яригдаж байна.
Үүнтэй холбоотойгоор Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс дараах маршрутыг зөвлөж байна.
- Алтай хотхоны оршин суугчид хотхон руугаа орохдоо урьдын адил ордог орцоороо зорчино. Харин Нарны хороолол болон ойролцоох хотхонуудын оршин суугчид Нарны гүүрээр уруудаж, Цагаан хаалганы уулзвараар баруун, Цахилгаан түгээх уулзвараар баруун, цаашлаад дахин баруун эргэснээр 19-ийн үйлчилгээний төв рүү орж болох юм. Хан-Уул дүүргийн уулзвараар хойш эргэх замын сонголтууд байгаа аж.
- Харин хотын төв рүү Нарны хороолол орчмын оршин суугчид "UG Arena" төвийн хажуугаар урагш гарч, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо (МХҮХ)-ны урд замаар явна.
М.Дэвээ