"Фокус" ТББ-аас цахим орчин дахь ташаа мэдээллийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр "Фокус" ТББ-ийн захирал Б.Туяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "2016 оноос эхлэн тамхины эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд ажилласаар байна. 2021 оноос Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон учир ДЭМБ-ын зүгээс ухуулга нөлөөллөө хийх саналыг тавьж Тамхигүй хүүхдүүд төсөлд шалгарсан. Энэ ажлынхаа хүрээнд хууль тогтоогчдод зориулсан ухуулга хийж, 2021 оны тавдугаар сард Бельги улсад болсон Европын хуралдаанд УИХ-ын гишүүнтэй хамт оролцсон.
Манай байгууллага идэвхтэй ухуулга нөлөөллийг явуулж байгаа учраас тамхи импортлогчид бидний ажлын хэсгийг харлуулсан худал мэдээлэл түгээж, АТГ-т шалгуулж, сэтгэлзүйн дайралт хийсэн.
Монгол Улсын хуульд янжуур тамхины хуулийн зохицуулалт, хэрэгжилт үргэлжилж байгаагийн дээр сүүлийн үед электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа ба ямар ч татваргүй, зохицуулалтгүй байдалд нь анхаарал хандуулахгүй байна. Үүнд хатуу хязгаарлалт тавихад тамхи үйлдвэрлэгч, оруулж ирэх компаниуд ашиг орлогод нь садаа болно гэж үзэж ажлын хэсгийг харлуулсан, гадаадын буюу Англи, Австралийн тамхи үйлдвэрлэгчдийг Монгол авчирч электрон тамхи нь хэвийн мэтээр нийтэд худал мэдээлэл тараасан. Мөн эмч нарыг ашиглан уг төрлийн тамхийг зүгээр мэтээр яриулах болсон.
Электрон тамхины зохицуулалтыг хийхгүй бол Монголын өсвөр үеийнхнийг үгүй хийх нь ээ. Камбож болон БНХАУ-аас жилд гурван сая электрон тамхийг Монголд оруулж ирдэг тоо баримт бий. Хуурамч хаягаар гүтгэлэгт мэдээлэл байгаа учир нотлогдоогүй баримт, худал мэдээллийг цааш нь бүү түгээгээч. Үндэслэлтэй зөв мэдээллийг ард түмэнд түгээнэ үү" гэв.
Д.Батчулуун