/Аян замын тэмдэглэл/
Оршил буюу аяны хөтөч Цамбаа лам
Цамбаа лам /Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв-Эрдэнэмандал хийдийн дэд лам, Шашны сургалттай “Баян эрхт” сургуулийн захирал Н.Цамбанүрдэв/ хийд орноо, сургууль дамжаагаа хөл дээр нь босгох гэж олон жил уйгагүй зүтгэж явааг би мэдэх юм. Харин зарим нэг хүн ойлгоогүй байх... Тэр ч байтугай “Энэ Цамбаа хэдэн хүүхдээрээ, сургуулиараа овоо мөнгө олдог байх” гэж хэлэх хүн ч гарчээ. Эндээс юу олохов дээ, аймгийн удирдлагад нүд үзүүрлэгдээд хэдэн сурагч хүүхдүүдээ дагуулан нутгаасаа гарч нийслэл хотноо сайн санаатны дэмжлэгээр хэсэг хугацаанд “хэсүүчлэн амьдрах ” зуураа хүүхдүүдийнхээ ном уншлагыг нь чангаруулж амжсан буюу зорьсондоо хүрэх гэж тэмцдэг л хүн. Эцэстээ нэг юм эргэж нутагтаа ирээд хэсэг лам, ажилчдынхаа хүчээр шашны сургуулийн барилга барьж чадаад хичээл номыг нь эхлүүлсэн л хүн. Одоо хэдэн сурагчид, лам хуврагууд, бэсрэг багахан хамт олныхоо хүчээр, тус хийдийн хамба лам “Монгол багш” Жавзандорж дээдсийнхээ зарлиг авралаар сүм хийд, сургууль, дотуур байраа бэхжүүлэн ажиллаж байгааг нь бид бэлхнээ харж бахархаж байдаг билээ.
Хувраг сурагч нарынхаа хоол унд, хувцас хунар, орон байр, гэрэл дулааны зардлыг нь олох гэж санаачилсан ажил цөөнгүй. Худаг ухаж, ус савлаж, газар хагалж, ногоо тарьж, дэлгүүр ажиллуулж, бууз чимхүүлж зүйл бүрээр л зүтгэцгээж яваа юм. Нөгөө талаар буяны сэтгэлтэй, зөв зам мөрийг дагасан хүмүүсийн дэмжлэг байлгүй л яахав...Ингэж байж хэдэн хүүхдээ хуврагийн замд, бас ерөнхий эрдэм мэдлэгийн замд хөтлөж байгааг нь мэдсэн нөгөө хүн:- Ингээд ингээд овоохон мөнгө олдоггүй юм бол хэдэн хүүхэд лам болгоно гэж зарим нэгэнд муу хэлүүлэн хэлүүлэн зүтгээд яадаг байнаа...гээд толгой сэгсэрсэн гэдэг. За энэ ч яахав, хоёр өөр бодол, амьдрах хоёр өөр арга зам, нүгэл буяны үр гэж хоёр өөр зүйл байдаг хойно ойлгосноороо л байна биз.
...Цамбаа лам бас нэг онцлогтой. Хичээл номын завсраар, уул овооны тахилга, ус лус аргадах гээд явахдаа болж л өгвөл хувраг хэдэн хүүхдээ цагаан машиндаа чихчихсэн л явж байдаг юм. Цаадуул нь дуртай гэж жигтэйхэн, жижиг цагаан машинд зайгаа олоод багтаад суучихна гэдэг нь эвтэйхэн. Нэг удаа Цамба лам “ер нь шавь хүнд багшийгаа дагаж хөдөө гадаа явна гэдэг чинь их аз завшаан, шагнал урамшуулал байлаа шүүдээ” гэж ярьсан. Түүнээс хойш, хэдэн шавь нараа дагуулчихсан явж байхтай нь таарах болгонд энэ үг нь санаанд ордог болсон. Эдний сургуулийн хүүхдүүд уншлага ном сайтай, сан судар, ерөөл тахилга, ном хаялцах аль алинд толгой дээгүүр. Цамбаа лам тухайн явж байгаа уул усны нэр, домог түүх, ном сударт тэмдэглэгдсэн зүйлийг байнга ярьж өгч, сүм хийдийн туурь суурь байвал үзүүлж, өөрөө бас яриа хөөрөө цуглуулж, нэг ёсны судалгаа хийж явдаг юм билээ. Ингэж явахыгаа “танин мэдэхүй- судалгааны ажил” гэж хөөрхөн нэр өгчихнө. Үнэн л юм чинь...гэж бид урам өгнө. Зарим үед нэгдэж хамтрана, хэрдээ л мэдлэг мэдээллийн олзтой, аян замын сайхан дурсамжтай, хэдэн биедээ нэмэр нөмөртэй явцгаадаг юм. Өөр юу хэрэгтэй юм бэ, хүмүүс бидэнд?
...Цамбаа лам 9-р сарын сүүлчээр билүү, Архангайн Хотонт хавьцаа Цагаан сүмийн рашаадн орж байна гэж байсан юм л даа, мөн л хэдэн хүүхдээ дагуулаад...Рашаанд орох ч гэж дээ, гурав хоноод буцахгүй бол арын ажил нь барагдах биш. Харин буцахдаа Эрдэнэзуу хийдээр хүүхдүүдээ оруулсан нь завшаан болж.
Мань хүн 10-р сарын дундуур утасдаж байнаа. Яав? гэсэн чинь: -Хийдийнхээ эзэмшлийн ачааны машиныг дагуулаад гарлаа, энэ удаа хүүхдүүдээ орхино. Рашаан очихдоо тэр хавийн айлуудтай гэрээ хийсэн, айргаа цуглуулж авахаар явж байна. Та хамт явахгүй юу гэж байна. Надад ч тэр зүгт нэг хүнтэй очиж уулзах хэрэг байна гэсэн чинь тэднийх зам дээр шахуу байгаа гээд хачин сайхан таарах болоод явчихав. Ингээд түүнээс гадна 10 жилийн түрүү төгсөлтийн Тайванбаатар анд, Эрдэнэмандал хийдийн харьяаны хоёр залуу, манай эхнэр бид хэд нийлж нэг баг болж аваад аян замд гарлаа...
Машины цонхоор харагдах нутаг хийгээд бидний ярианы зах зухаас
Намрын дунд сарын сүүлч, тэгээд ч цаг агаарын мэдээгээр зарласан дулаан, тогтуун хэдэн өдөр таарсан болохоор хүрэм цамцны энгэр задгайлж, сэтгэл ч бас тавиун цонхоор элдвийг ажиж явлаа. Ойрд хотоос баруунш хөдөө гараагүй болохоор тэр үү, Цант хавьд хүртэл хашаа байшин олширсон нь учиргүй, тийш зорино бололтой зуурмаг зөөсөн машинууд цувах бөгөөд хөнгөн жижиг тэрэгнүүд дуут дохио дуугарган тэднийг гүйцэж түрүүлэхээс гадна бас өөр зуураа уралдан хойно урдаа гаран давхилдана.
Жирмийн цагаан нуур ёстой л дуунд гардаг шигээ “жилээс жилд дундарч байгаа” бололтой, бага байхад талх боорцог тасарсан өдөр ээж минь хааяа аяганы талаас дээгүүр хийж өгдөг хуурсан гурил дээр цай хийгээд 2-3 удаа ч долоочихоод байгаа мэт үзэгдэж, дэрсэн дунд бяцхан цэгээн ус гялайж харагдах нь сэтгэлд гуниг суулгав.
-Өө хөөрхий, Жирмийн нуур чинь бараг үгүй болж байгаа юм байна шдээ. Овоохон ус бороотой зун намар байсан гэхэд ус олигтой цугласангүй шив? Хэн нь ч юм дуугарсангүй...
Хэсэг чимээгүй явцгаасны эцэст, -Энэ өнгөрч байгаа хайрхан чинь ямар нэртэй билээ? гэж яриа өдөх санаатай асуувал Цамба лам: -Нэлээн лавхан өнгөрч байгаад нэрийг нь хэлье гэж байна. Дахиад л цонхоор харлаа. Хадлан тэжээл бэлтгэх ажил ид өрнөж, замын хоёр талын тариан талбай дундаас даацаа хэтэртэл өвс сүрэл ачсан хөх портерууд засмал руу орох аятай газар хайна уу гэлтэй дэнхэн данхан яваа үзэгдэнэ.
-Саяын өнгөрдөг чинь Номгон нэртэй уул. Хатуу хайрхан учраас дэргэд нь ойр алдрыг нь хэлдэггүй гэдэг юм. Гэхдээ энэ хавь нутаг мянган өвөлжөөтэй гэгддэг өгөөмөр сайхан нутаг л даа. Би залуухан Идгаа дацанд шавилж байхдаа энэ хавийн, Өвөрхангай нутгийн Цэрэндорж нарын хоёр гурван өвгөн багш нар, Сүхбаатар гуайгаа дагаж зун болгон гарч ирдэг байсан болохоор овоо хэдэн газрын нэр тогтоосон юмаа...Цамбаа ингэж хэлээд урагш зам ширтэв бололтой, бодвол багш дээдсээ, хэдэн сайхан өвгөдөө дагаад эрдэнэ мэт сургаал үгийг нь сонсож явснаа дурсаа биз.
Тэгээд Хүүхдийн овоо гэдгийн харалдаа хөтөл дээр замаас гарч биеийн чилээ гаргав. Энэ толгойд хүмүүс зорин ирж үрийн заяа гуйдаг, сүүлд хүүхэдтэй болохоороо заавал авчирч мөргүүлдэг байсан гэнэ.
-Тэр Хүйс толгой гэдэг байна, түүнээс цааш замын хойд талд Элсэн худаг гэж бий. Яг л Элсэн манхан дээр ухаад худаг гаргачихсан байдаг юм билээ...Цамба лам ийнхүү ярих зуураа эргэн тойрныг харж зогслоо. Энэ зуур харин би дэвтэртээ нэгэн санааг тэмдэглэж амжлаа.
- Ийм газар алсын салхи саатан байдаг, хөдөөгийн дүр төрх нүдний өмнө өргөгдөөд гараад ирдэг, агь гангын үнэр, хөвд хагтай чулууны үнэр холилдсон гэлтэй өндөр газрын өөрийнх нь нэг үнэр байдаг юм байна, түүнээс гадна өндөр дээр шарилж лууль ургадаггүй юм байна, ийм газар өндөр настай өвөөгөө, эцгийгээ өргөөд ч болсон гаргаж ирж баймаар юм байна шүү, хүүхэд дүү нар минь...ингэж яаруухан таталгаж бичээд машин руугаа хожимдосхийн алхав.
...Цэвэр агаарт гараад тэр юм байхдаа, хэсэг зүүрмэглэчихжээ. Цамбаа лам, Тайван хоёрын яриа нэг ойртоод нэг холдоод байх шиг болоод сэрлээ. “Өмчийн зовлон” ч гэх шиг юу яриад байсан бэ? гэвэл Тайванбаатар маань: - Өмчтэй болох гэж нэг зовно, дараа нь тэрийгээ хадгалж байх гэж дахиад зовно. Их хөрөнгөтэй бол их л зовно, тийм биз дээ...гэж товчхон хариулчихаад амандаа дүнгэр дүнгэр залбирал уншиж эхлэх нь өдрийнхөө уншлага номыг уншиж багтаах хэрэгтэй байна, нөхөр минь надад бүү саад бол гэсэн далд хэлэмж байлаа...Нээрээ ямар үнэн үг вэ?
Хархорин ба Эрдэнэзуугаар дамжаад гарахад...
Хархорин руу наанаас нь ороход л их хөлийн газар болох нь, бас ирээдүйд улам л “түм түжигнэж, бум бужигнасан газар” болох нь тодорхой болчихсон, тэр төлөв байдлыг угтуулаад авхаалж овсгоотой хүмүүс газар сонгоод үйлчилгээ-худалдааны төв, томоохон буудал –зоогийн газрууд бариад эхэлчихсэн нь харагдаж байлаа. Ер нь замын зангилаа газар гэдгээ эрт мэдэрчихсэн болоод ч тэр үү, зам тосуулан байгуулсан худалдаа-захын лангуунууд дээр идээ цагаа элбэг, тэгсэн атлаа үнэ өндөр. Манай машиныхан тогооны өрөм бол хотынхоос ч үнэтэй байна гэв, том машиныхан маань айраг амсаж үзлээ, олигтой эд биш байна, “эзлэхүүн тэлсэн нэмэлттэй” юм байна гэцгээв.
Айраг хэдэн зуун литрээр авья гэж лангууны хүмүүсээс яриа өдвөл, тав арван литрээр юу юм гэхээс ховор байгаа гээд мөн л хотынхтой адил үнэ хэлж байна. Учрыг асуувал, хөдөөнийхөн цөөн хоногт гайгүй их мөнгө олж болох юм байна гээд гүүгээ тавьчихаад самар түүхээр ууланд гарсан. Үүнээс хойш энэ намартаа гүүгээ дахиж барихгүй байх. Хэлж байгаа үнээс нэмэгдэнэ үү л гэхээс буухгүй, за юу гээд ёстой өнөө “ажаагаа сайхан зантай байгаа дээр” гэж кинон дээр гардаг Цоохор морины панзчин шиг даналзацгааж байдаг шүү...
За тэр ч яахав, тэнгэрт түгсээн...гэдэг шиг би энэ нутгийн тухай юу мэдэх билээ гэж бодож үзлээ. Өвөрхангай аймгийн Хархорин сум бол Монгол улсын түүх, соёлын өлгий, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Орхоны хөндий дэх эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийн залгаа байрладаг гэдгийг мэднэ. Бас энэ суманд үр тарианы чиглэлийн “Хархорин” нэртэй САА байгуулж ажиллуулж байсныг мэдэх юм байна. 12 мянга гаруй гэдэг байхаа хүн амтай, Вангийн овоо, Ганган-Орхон, Нарийн хүр, Онгоц гэдэг содон нэртэй багуудтай, аа тийм бас Шанхын хүрээ гэж байсан, тэр бас нэг баг нь болдог гэдгийг саналаа.
Мянган дурсгалт Орхоны хөндийд хэмээгдэх энэ газар нутагт эрт дээр үеэс хүн амьдарч суурьшиж өөрсдийнхөө үйл амьдралтай холбоотой хэдэн зуун хөшөө дурсгалыг үлдээжээ. Энэ бүхэн нь Монгол улсын түүхийн үнэт дурсгал болохын зэрэгцээ аялал жуулчлал хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг билээ.
Цагаан сүмийн рашаан хавийн нутаг буюу айрагаа ачсан анхны өдөр
Хархориноос Архангайн Хотонт хүртэл тун ойрхон. Хотонт өнгөрөөд явж байтал замын урд талд Цагаан сүмийн хөндий хэмээх үзэсгэлэн төгөлдөр, харахад л өгөөмөр нүнжиг нь илэрхий сайхан нутаг тосно. Баян хангайдаа шигтгээ болон үзэгдэх хот айлуудад хүрч тэдний захисан хурган хуц, Баяндэлгэрийн улаан ямааны ухнаа хүргэж өгөөд гэрээт айргаа аваад шөнө болохоос өмнө Архангайн төв-Цэцэрлэг хот хүрье гээд хөдөллөө.
Цамбаа лам дээр өгүүлсэнчлэн сүүлийн хэдэн жил ээлжийн амралтаараа Цагаан сүмийн рашаанд ордог, амьтан ах дүүстэй танил болсон хүн юм, уг нь. За тэгэхдээ, ихээхэн шуурхай байдлаар рашаандана шүү дээ. Их үсрээд л 7 хонож амжина, харин өнгөрсөн жил овоо 10 хоног рашаанд орж байхад нь Буриад улсаас хатагины төлөөлөл айлчид ирэх болоод тэднийг авч яваад Хатагины гурван шүтээн ууланд мөргүүлээд ирээч гэж гуйх томилохын завсар явуулаад гам хийх боломж олгоогүй, дараа нь бие нь өвдөөд нэлээн л зүдэрсэн байх.
Хотонт сумын төв дундуур урсан өнгөрөх Жарантайн голыг өгсөн 40-өөд км яваад үзэсгэлэнт сайхан, уужуу тавиун хөндийд намаг, зүлэг, дов болсон сайрнаас 5-6 булаг оргилон урсаж Цагаан сүмийн голд нийлдэг гэсэн. Үүнийг Цагаан сүмийн рашаан гэх бөгөөд 60 хэм орчим халуун, гүний ус тул хөрсний устай холилддоггүй юм байна.
Цагаан сүмийн рашаан бол үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаах чадалтай, найрлагатай рашаан бөгөөд дээр үеэс эмнэлэг сувилалд ашиглаж байсан баримт олон байдаг юм билээ. Цагаан сүмийн рашааны дэргэд голын хойд энгэр дэнжид 4 км орчим зайтай газарт эртний том хот балгас туурь бий. Мөн рашаанаас дээш 25 км орчимд Цагаан сүм гэдэг эртний балгасын ул мөр бас байдаг. Энд Хархорин хотыг нийслэл байх үед хаадын зуслан буюу цагаан орд гэж байжээ. Нутгийнхан бол дээхнэ үеийн сүм дуганы туурийг бэлгэшээж ийнхүү гол усаа нэрийдсэн гэдэг юм билээ.
Шатарч бяцхан хүүгийн тухай сэтгэлийн тэмдэглэл
...Архангайн төвд айлд буулаа. Гэрийн эзэн Эрдэнэбилэг үг дуу цөөтэйдүү атлаа нягт нямбай нь бараг л дэндсэн гэмээр хүн. Эхнэр Цэвэлмаа нь бас л ажилсаг гялалзуур, гэхдээ яривал ярьчихдаг, инээвэл инээчихдэг эмэгтэй байлаа. Эрдэнэбилэг аймгийн Барилга трестэд мужаан, кранчин байсан, Цэвэлмаа бол оёдолчин хүн гэнэ.
Өөрсдийнх нь барьж тохижуулсан сайхан байшинг нь үзэж сонирхож хэдэн өрөөгөөр нь орж гарах зуурт нэг хананд байрлуулсан багц медаль, түүний дор тулган тавьсан хүүхдийн хичээлийн ширээ, түүн дээр жирийнээс арай том хэмжээтэй, янз хийц төгөлдөр шатар тавьсан нь нүдэнд тусаад байлаа.
Асууж амжаагүй байтал, -Өвөөгийн жолоочийн үүрэгт ажлын цаг болчихлоо шүү” гэх Цэвэлмаагийн хөгжөөнтэй “зарлах” дуунаар Эрдэнэбилэг гарч одов...Энэ хооронд зээ хүүгийнх нь тухай товчхон мэдэж авлаа. Дээр өгүүлсэн шатрын эзэн нь Архангай аймгийн төвийн 1-р сургуулийн 3-г ангийн сурагч, “Булган уул” шатрын клубын тамирчин О.Эрдэнэбаяр бөгөөд шатрын дасгалжуулагч-багш Малчинхүүгийндээ очиж бэлтгэл хийхээр явсан юм байж.
Хэсэг хугацааны дараа, хашаанд машин орж ирэх нь дуулдаад, гялалзсан хар нүдтэй, хөөрхөн хүү том өрөөний хаалгаар цухуймагц, бидэнтэй хамт явсан Тайванбаатар маань:- За, ирээдүйн дэлхийн аварга Эрдэнэбаяр наашаа ороод ир, ороод ир...хэмээн бахдан өхөөрдөх, урин залахын завсарт дуудав.
Хүүг цайгаа ууж суух хооронд –Энэ хүү чинь Архангайн аймгийн аварга, “Цодгор хүү” тэмцээний аварга шүү дээ гэж Тайван бас шивнэж амжлаа. Шатарч хүү тэр хоёр урьд нь уулзаж танилцсан, тэр ч байтугай шатар нүүж байсан улс бололтой, даагаа нэхэх, цагаанаар нүүхээ шодох тухай яриа болоод явчихлаа. Хүүгийн ээж нь Япон улсаас авч явуулсан юм гэнэ, үнэхээр “их гарын хөөрөг” гэдэг шиг, сайхан шатрын хөлгийн ард том, жижиг хоёр хүн суулаа. Тун удалгүй, -өө морио алдчихлаа... бас л төдөлгүй,- үгүй тэр, тэргээ сул байгааг харсангүй шд...гэх Тайвангийн дуу гараад, за ер нь байдал нь найдваргүй тал руугаа болоод явчихлаа бололтой.
Ийм болохоор, “энэ завшааныг ашиглан” гэдэг шиг хүүгийн тухай өвөө, эмээ хоёроос нь асууж байсан нь дээр байлаа. Эрдэнэбаяр хүүг цэцэрлэгийн багш нь шатрын дугуйланд оруулчихсан, тэгээд хүүгээ их дуртай байхаар нь Малчинхүү багшид шавь оруулсан, өвөө эмээ хоёр бол яахав дээ, дугуйлан руу нь, багш руу нь, тэгээд сургууль руу нь зөөх л үүрэгтэй байх юм даа... гэж байна. Сая гэхэд л эмээ нь дагуулаад нийслэлд очиж “Алтан намар”, Гадаадад шатрын тэмцээнд явах хүүхдийн сорилго, Хурдан тоглолтын тэмцээнд оролцуулаад, хүү нь нэг медаль хүртээд ирсэн, их урамтай байгаа гэнэ.
...Том хүн, хүүхэд хоёрын өрөг хүүгийн хожлоор дууслаа. Хожигдсон том нь дахин Архангайгаар ирэх, тэгэхдээ хүүтэй дахиад шатар нүүх ерөөл тавьж, бас түүнийхээ зэрэгцээ олон сайн шавь төрүүлж нэрд гарч яваа Сүхбаатар аймгийн шатрын багш Жамьянчанравын Энхбаатар багштай уулзаж танилцахыг зөвлөж, бидэнтэй хамт явсан Сүхбаатар аймгийн Шашны сургалттай сургуулийн захирал Цамбанүрдэв лам маань хүүг Малчинхүү багштайгаа хамт очоорой, байр хоолоор манай сургууль туслана хэмээн амлаж, сэтгүүлч би: -Тэр тун зөв шүү, багш шавь хоёр өөр дэвжээ үзэж, цөөхөн хоног ч болсон мастер багшийн сургуульд яваад ав, Энхбаатар багшид уламжилж өгье...гэж балиашиглав. Яагаад болохгүй гэж, “зааны хүзүү богино, харин замын хүзүү бол урт” гэдэг үг бий шүү дээ...
Шатарч бяцхан хүү өвөө эмээгийнхээ хамт хашааныхаа хаалганы дэргэд зогсоод биднийг үдэн гаргаж өгсөн. Маргааш Даваа гараг... Тэр үдээс өмнө англи хэлний дугуйландаа явна, үдээс хойш хичээлтэй, харин орой нь шатрын багш нь тэднийд ирэх хуваарьтай, тэгээд тэр хоёр шатрын хөлөгний ард сууж шатрын бодлого бодож, дасгал сургууль хийнэ. Дэлхийн аварга болтлоо хийгээд л байгаарай, амжилт хүсье...
Заяын хүрээнд үзсэн, сонссон сонин сайхан...
Хаа газар очсон лам нар нутгийн сүм хийдэд зайлшгүй зочилж, бурхан сахиусанд нь мөргөдөг, лам хуврагуудтай уулзаж ном буянд нь даган баясдаг, тэд нь ч мөн аль болох хүндэтгэн угтаж сонин сайхныг хуучилдаг заншилтай болохыг би ажиглаад л байгаа юм. Яг л ийм уулзалт Архангайд болж Сүхбаатар аймгийн хийдийн дэд хамба, Шашны сургуулийн захирал Н.Цамбанүрдэв лам Зая гэгээний хийдээр орж эргэл мөргөл хийлээ, Заяын хүрээний лам гуай түүнийг угтаж айраг идээ сөгнөхийн хамтаар тэд сэтгүүлч хүний хувьд бол бөөн олз гэмээр амттай сайхан яриа өрнүүлсэн билээ. Цамбаа лам Идгаа дацангийн өвгөн лам нар, багш дээдсүүдээ дагалдан энэ хавь нутгаар олонтаа явж байсан учир шаггүй мэдлэгтэй юм, ингээд хоёр ламын ярианаас жаал жуул юм тэмдэглэн авлаа...
Архангай аймгийн Цэцэрлэг хотод байх Заяын гэгээний хүрээг 1631 онд Чантын хөндий гэдэг газар анх байгуулжээ. Ламын гэгээн, Заяын гэгээн, Ширээт гэгээн хэмээх гурван их гэгээн энэ газарт ирж хоноглохдоо хэнийх нь аяганд цэцэг ургана, тэр нь өөрийн хийдийг байгуулъя гэж тохирчээ. Тэгээд Заяын гэгээний аяганд цэцэг дэлгэрснээр /Ламын гэгээний аяганд дэлгэрснийг нь сольсон гэсэн яриа бас бий/ Булган уулын өвөрт энэ хийдийн суурь тавигджээ.
Заяны хүрээ нь хоорондоо 5 километрийн зайтай дээд доод хүрээ болон хуваагдаж бүгд 26 сүм дуган, лам нарын сууцаас бүрдсэн томоохон суурин газар байсан бөгөөд тухайн цаг үедээ 1000 гаруй лам хурал хуран суудаг байсан. Заяын хүрээний сүм дуганыг XVI зууны эцэс хүртэл хугацаанд, Дандаржамъяан, Борчогба, Жигдэл зэрэг алдарт дархан хүмүүсээр удирдуулсан Монгол дархчууд барьжээ. Хожим 1887 онд Төгс дархан, Соном, Лувсаншарав, Буянт хэмээх алдартай уран дархчуул засвар хийсэн юм байна.
Заяын хүрээнд 1696 онд байгуулсан Гүдэн нэртэй сүмийг II Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лаврин болгон суусан. Энэхүү Гүдэн сүм нь Лаврин буюу Хутагтын ордон хэмээн нэрлэгдэж, баруун зүүн Гүдэн гэж тус тусдаа байжээ. Зүүн Гүдэнд Ядам Сономдоо, Чодог бурханыг тус тус тахиж, хурал хурдаг, дээд давхарт нь хутагтын номын санд эртний түүх, тууж, уран зохиол, шашны ном материалыг түвд, монгол, хятад хэлээр ангилан байрлуулсан байжээ. Мөн Гүдэнгийн дээд давхрын майхан хэлбэрийн орой нь тэр хэвээрээ 1940 оныг хүртэл байсан бөгөөд эдгээр Гүдэн сүмүүд нь бусад хийдийн Цогчин дуган лугаа адил тойруулж барьсан модон сараалжин хашаатай байсан гээд түүх ярьвал их урт болно.
Хамгийн харамсалтай түүх гэвэл 1930 оны эцсээр Архангай аймаг дахь гал командын байр болгож, дунд талын шүтээний сүмийн орой буюу хоёрдугаар давхрыг буулгасан бол, 1941-1942 онд тус сүмийг хүнсний комбинатад шилжүүлж 1950-аад оны эцэс хүртэл архины агуулах болгож, улмаар бусад материалын агуулахаар ашиглаж байжээ.
Азтай нь гэвэл,1960-аад оноос хойш аймгийн музей, 1997 оноос аймгийн угсаатны зүйн музей болгосон байна гэж ярилаа.
Уул, ус, байгалийн гоо үзэсгэлэнтэй хосолсон Заяын хүрээний сүм дуганууд төвд, төвд-монгол, төвд-хятад хийцийнх бөгөөд барилгын үндсэн материал нь мод, чулуу, хөх тоосго, ваар байна. Барилгуудыг толь, жанцан, ганжир зэргээр чимэглэсэн бөгөөд маш уран гоё сийлбэртэй, хурц тод өнгийн дагнаас будагтай ажээ.
Заяын гэгээний хийд буюу хүмүүсийн хэлж заншснаар Заяын хүрээний лам нар хоорондоо гарын үзүүр шүргэлцэх зайтай завилж суугаад Сангийн толгой хүрдэг, хамгийн дээд талд нь Зая гэгээн заларч, сан уншдаг байсан, Заяын хүрээний урчууд гэж их уран хүмүүс, харин тэд арга хийцээ бусдаас нууцалдаг, Цагаан сүмийн хийдэд очоод цогчин дуганыг нь урлахдаа хаалгаа хааж байж урласан, багана болон ханан дээгүүр байгаа амьтдын дүрс, хээ чимэглэл бол эгэлийн хүмүүс хийхээргүй тийм уран гоё, чамин болсон гэж ярилцдаг юм байна...
Цэнхэрийн Дангаагийнд зорьж очсон нь буюу боргоцой цайруулах машин
Аймгийн төвөөс гараад Цэнхэрийн, Цэцэрлэгийн, Тамирын гэсэн 3 голын бэлчирт Цэнхэр сумаар орж нутгийн өвгөнтэй уулзана, амар мэндийг нь асууна гэж Цамбаа, Тайван хоёулаа яриад явсан. Насаараа энэ сумандаа амьдарч ажиллаж ирсэн, нутгийнхандаа нөмөр түшиг болж яваа ахмад буурлуудын нэг Дангаасүрэн гуайнд очлоо. Шавилхан биетэй шалмаг хүн орж ирээд жаахан ярилцаад суутал гадаа машинтай хүмүүс ирээд самар цайруулаад өгөөч...самар авах уу...мод захлуулах гэсэн юм гэж хэлүүлээд суулгах ч үгүй янзтай. Тэр хооронд утас нь дуугарна. Өвгөн бас хэд хэдэн ч ажил амжуулчихлаа бололтой. Ингээд бүгдээрээ гарлаа.
Түрүү ирсэн хоёр ч малчин шуудайтай самар цайруулуулж байна. Мотор нь тусдаа жижиг суурь машин шиг төхөөрөмжийн дээд талын ам руу боргоцой хиймэгц доор нэг амаар салбан нь хууларч унаад, хавтгай шигшүүр дээр цайруулсан самар шигшигдээд чулуу шороо нь салаад сайхан хүрэн бор самар цуваад гоожих юм. Үгүй яахав дээ, санаачилга гаргаад, ийм юм суурилуулчихсан хүн ажлын хөлсөө авч, малчид ч гэсэн давирхайтай боргоцойноос самар цайруулах гэж ноцолдож суухгүй хэн хэндээ хэрэгтэй л юм.
-Самар авч байна, тэгээд кг тутамд нь 500 төгрөг нэмээд төвийн ченжид тушааж байгаа. Олзны бага нь амттай, өвгөн надад бол под гээд л явчихна гэж манай хоёрт ярилаа. Баянаа аварга Увсаас, Мөөеө аварга Төв аймгаас ямар ч сурталчилгаа хийж давхилгүй байж байгаад АИХ-ын депутат болчихсон гэдэг шиг Дангаа гуай сум, орондоо бол бараг л гэртээ сууж байгаад олон жил ИХ-д сонгогдсон, нутаг голынхондоо нэр хүндтэй, ажилч хөдөлмөрч, сайн зохион байгуулагч хүн юм гэнэ билээ.
Самар гэснээс Архангайн малчид, айлууд энэ жил айраг багатай байна гэж дээр бичсэн дээ. Халуун наранд гүү сааж, унага татаад айргаа борлуулах гэж зах зээл хайж УБ руу давхиж явахаар хаа сайгүй ургасан хангай дэлхийн хишгийг түүж самарт явж байгаа гэнэ. Хоёр хоног яваад 300-400 мянган төгрөг олчихно гэдэг бэлэн мөнгөний гачаалд байдаг хөдөөнийхөнд чухал болохоор буруутгахын ч аргагүй. Даанч тийм байх аа, айлаас зам асуухаар давхиад очихоор л цүүлсэн, уясан хаалга мөргөөд байсан юм, ийм учиртай байж...хэ хэ
Олон булагийн эхэнд орой болтол хуучлав
Тайван маань тэрэг бариад хөдөллөө. Засмал зам тавьж байгаа гээд замын трасс, овоолсон шороо л их байна. Тэндээ хүн амьтанд анхааруулсан, тус болохоор тэмдэг тэмдэглэгээ огт тавихгүй. Нэг газраар зам руу орж болохоор харагдана, баахан давхиулж байгаад буух газаргүй болгож мухарлаад шороо түрээд хаачихсан байх энүүхэнд. Тэгээд монголчууд нь том машин тэрэгнийхээ бүхээгт инээж шоолох маягтай жуумалзаад сууж байхдаа сийхгүй, зам дагуу ногоон өнгөтэй, урт хормойтой, цэрэг хувцас шиг юм өмссөн хятад ажилчин нь –бүжудо гээд л зогсож байх нь тэр... Ингээд сүүлдээ залхаж ийм замаас зугатаж явсаар Хайрхан сум ордог замаар хэсэг туугаад эцэстээ түүнийгээ мэдээд эргэж айл хүнээс асуусаар нар жаргах үеэр зүүн тал руугаа сүрхий эгц даваагаар бууж ирлээ.
Цагаан гэгээ тасрах үед, Тайван маань аргагүй л хилчин офицер явсан туршлага зааж өмнө нь ганцхан явсан замаа энэ мөн байна гэж батлаад, өөрийн цэрэг байсан Ганбаатарынхаа нутаглаж байгаа Булган аймгийн Сайхан сумын нутаг- Арбулаг гэдэг газрыг тэртээ хойно байгаа урт нурууны зүүн үзүүрт байгаа гэж заав. Ингээд айраг ачсан ачааны машинаа дагуулан , баруун талд байгаа, одоо бол харанхуйд харагдахаа больсон урт уул хайрханы ам бүрээс бууж ирэх өргөн нарийн жалга судгийг ташиж огтолсон замаар зугуухан явлаа. Хоёр ч ус булаг гаталлаа. Ингэж явтал утасны сүлжээ орж ирээд, төд удалгүй очих айлынхаа гэрийн ард асаасан хурц гэрлийг чиглэн булгийн араар дээш өгсөөд л гадаа нь хүрэв.
Гэрийн эздээс гадна Жийгээ гэж нутгийн эр байж байна. Цай хоол идэж уух зуур, хаагуур яаж ирснээ ярихад, нөгөө Жийгээ нь “Та нар тэгж хойгуур явсан, сумын төв дайрахгүй ирсэн гэхэд ёстой шулуун туужээ. Манай сумынхан хүртэл өөрсдөө төөрөөд байдаг газраар яваад ирж шүү дээ...гээд гайхаад байлаа.
Нэг тонн айраг ачаад эднийд ирэхээр тохирсон залуусыг хүлээх зуур Сүхбаатар болон Булган гээд хоёр нутгийн сонин сайхныг солилцон ярилцаж гарав. Анх сонсоход төдийлөн гайхалтай зүйлгүй мэт боловч нутгийн хүн ардын ажил амьдрал, цаг тэнгэрийн байдал хүртлийг багтааж сонсох тусам чагнууштай болж байсан тул та бүхэнтэй хуваалцая гэж шийдвэй...
Жийгээ малчин: -Энэ жил бороо элбэг, 10-р сар гарчихаад байхад л тэнгэр нижигнэтэл дуугараад бороо ороод байгаа даа.
Гэрийн эзэгтэй Чука:- Дөнгөж хоёр хоногийн өмнө ч орсоон. Ингэж орой орох сайн байдаг ч юмуу, үгүй ч юмуу...Уг нь намар орой орж хөлдөөж, малын дороос хайрч байснаас хавар эрт л эхэлж баймаар юм шд.
Цамба:- Манай Сүхбаатарт харьцангуй хүйтэн, О-оос дээш гарахгүй л хэд хоносон шүү. Ер нь л зүүн талдаа сэрүүхэн л гээд байгаа...
Жийгээ: - Манай үүгээр бол өнөө жаахан сэрүүсээд дөрөв дөхөөс эргээд нэмэх 17-18 руу орох юм гэсэн
Гэрийн эзэгтэй:- 23-наас цасан бүрхүүл тогтоно гэж нөгөө радиогийн цагаан толгойтой өвгөн чинь хэлж байдаг шүү. /Цаг уурч, сэтгүүлч Дамбын Шагдарсүрэн гуайг хэлэв бололтой/ Түүнээс нь өмнө өвөлжөөндөө бууж авья даа...
Айрагны сэдэв өрнөж байтал Жийгээ малчин нэгэн явдал ярилаа... Зун нэг хүн хотоос 200-300 литр айраг байна уу гэхээр нь өнөө ........нийх рүү ярилаа. Маргааш ирээд аваарай гэж байна. Өглөө нь хүрээд очсон чинь хоёулаа унтаж байна. Айргаа бушуухан савлаарай гэсэн чинь, яанаа Жийгээ ах аа, өчигдөр бүлэхээ мартчихаж гэдэг юм байна. Та нарт урьдчилж хэлээд байхад...гэсэн чинь гүүгээ саагаад саамаа бол хийгээд байсан л даа, даанч орой хүмүүс ирээд энэ нөхөр ууж идээд бүлээгүй унтчихаж гэдгийм даа.../хөхрөлдөв/
Гарч “морь хараад” орж иртэл энэ нутгийнхаа айл амьтанд тус дэм болж явдаг нэг хүний тухай яриа эхэлчихсэн байна.
Гэрийн эзэгтэй:- Хөөрхий нөгөө муу ...... чинь /нэр нь сайн дуулдсангүй/ танайх хэзээ нүүх гэж байна? Би очно шүү л гэж байна лээ
Жийгээ малчин: - Манай малчнаар хэдэн жил болохдоо хаваржааны цас, хөрзөн энэ тэрийг бол ганцаараа л цэвэрлээд янзалчихна шүү дээ. Тэр үед адууны дэл шиг өтгөн үс ширэлдүүлчихээд хааяа уур нь хүрэхээрээ үсээ нэг зулгаачихаад л том төмөр чирээд л цас арилгаад байдаг. Би нь малаа дагаад явчихна. Орой ирэхэд хот хороог бол жимбийлгээд л байж байна. Одоо үсээ богиносгоод амар болгосон харагдана лээ. Хүн гээч даанч хожим хойно ухаарах юм, тэр үед үсийг нь багасгаад засаад өгч санаагүй л байна...
Гэрийн эзэн Ганбаа:- Манай Чукад их сайн. Гарч мод түлээгээ оруулахгүй юмуу гэж Чукад хэлж байхад л би оруулаад ирье, хөл нь өвддөг хүн гэртээ байж бай...гээд ухасхийчихнэ.
Жийгээ : - Тэр чинь сайн хүндээ сайн, таагүй хүндээ бол хөдлөх ч үгүй, мод бариад дайрч ч байж мэднэ.
Цамба: - Танайхан өвс хадлан хэр авсан бэ?
Ганбаа: -Болсон болсон. Бид ч голдуу уулын бэл, модны хаяагаар хадаад авдаг. Ер нь яг манай энүүхэнд бол өвс гайгүй ургана шүү. Танай Эрдэнэцагаан бол ч янзын даа, би хүмүүст ярихаар бараг үэмшихгүй талдаа, хэ хэ
Тайван: - Одоо манай тэнд ч бас өвс муудаад байгаа. Ганбаа чи 502 -ийн зэгс байхгүй болсон гээд бод доо...Заставынхан түлчихсэн гэж дуулдсан.
Ганбаа: - Мэдэлгүй яахав, тэнд чинь морьтой цэрэг ороход зөвхөн толгой нь шоволзож харагддаг л байсан. Яачихсан юм бэ?
Би: - 502 гэж юу юм бэ, нээрээ яагаад зэгс бургасгүй болсон гэж?
Тайван: - Ац холбоо гэдэг газрын зүүн дор, хилийн 502-р баганын харалдаа морьтой хүн харагдахгүй далдардаг, гахай, гөрөөс, буга хүртэл байдаг, устай намагтай, гайхамшигтай газар байсан юм. Сүүлд зах зээлийн үед айлууд гүн рүүгээ нүүгээд ч тэр үү, дээр нь хаа сайгүй санхүү хүндрээд ирэхээр хилийн застав аргал хөрзөнгүй болоод зэгсээ хядаад түлчихсэн дуулдсан.
Цамба: - Дээхнэ үед чинь, Сүхбаатар айраггүй нутаг гээд байхад л хилийн заставууд гүү бариад байсан дуулддаг сан?
Тайван:- Манай Авдрантын застав чинь Булган, Архангайгаас ирсэн цэргүүдээрээ гүү бариулаад сайхан айрагтай гэж алдарших байдалтай л байлаа шүү дээ, тиймээ Ганбаа?
Ганбаа” – Тэгэлгүй яахав, 15.15-аар хоёр ээлж болгож 30 гүү бариад цэрэг, даргагүй бүгдэд нь айраг уулгадаг байсан шүү.
Би: - Тэнд тэгээд айраг исэх үү? Манай аймгийнхан ч жаахан гашуун дарвигнасан л бол айраг байна л гэнэ шд, жишээ нь би гэхэд...
Тайван: - Авдрант бол модгүй л болохоос зөөлөн хар хөрстэй, сохор номин байдаг, тэрүүхэндээ хангай газар. Ер нь айраг гэдэг чинь арчилж л чадвал мисдэг эд байх шүү. Манай цэргүүд бол зад бүлээд гоё айрагтай байдаг л байсан.
Жийгээ: -Дорнодын Хөлөнбуйрт гүү барьж байна гээд. Нэг айлын гадаа Адуучин тэмцээн хийж байгаа нэвтрүүлэг гарч байсан. Тэгээд хөтлөгч залууд айраг өгсөн чинь амсаж үзээд –Энэ одоо айраг мөн үү, Булган, Дундговийн айрагны хажууд нэг л биш эд байнаа гээд уухгүй байсан шүү. Тэр ч хэцүүхэн юм байсан байх аа, хэ хэ
Цамба: -Мөнххаанд нэг залуу гүү бариад сүүлийн 3 жил аймагт айраг нийлүүлж байгаа гээд байсан, ууж үзсэн, нээрээ хэцүүхэн л юм байсан даа. За ямар ч байсан Булганы Сайханы айраг толгой цохидог болохоор хийдийнхээ хурал номын үеэр хэрэглэе, лам нартаа айраг уулгаж эрүүл мэндийг бодъё, илүү гайгүй олдвол хийдийнхээ дэлгүүрээр алдартай газрын сайн айраг борлуулж зардлаа олж авья гэж бодоод л ингэж явна шүү дээ.
Тайван: -Манай заставт модон торхонд айраг исгээд, сайн бүлдэг болоод ч тэрүү, тос нь хөвөөд л байж байдаг байсан даа
Би : - Аа мэдэхгүй, Сүхбаатар аймгийн төв рүүгээ бол бүр исдэггүй л гэдэг юм билээ...
Цамба: - Манай Эрдэнэмандал хийд, хамба Даваажав ах, Мангал гуай эд нар нийлээд 1993 онд гүү бариад айрагтай болно гэсэн чинь дороо гашилчихаад, эсвэл маш хурдан хахарчихаад болоогүй л юм даг.
Би: -Балим яргайтын булгийн урд дээр нэгдлийн адуунаас гүү барьж байсныг ламтан та мэдэх үү? Хүн ард нь нийтээрээ ууж сураагүй болоод тэр үү, аймгийн Айргийн эмнэлэг буюу Сүрьеэгийн сувилалд жаахан өгч байгаад, тэгээд л замхарсан шүү дээ.
Цамба: - Би жаахан хүүхэд байсан болохоор сайн мэдэхгүй байна. Гүнбулгийг лав л Шинэбулаг нэртэй болгоод Хөдөлмөрийн баатар, адуучин Шарбанди гуай Дарьгангаас ирж хоршоолол удирдаж байна гээд бөөн л юм болоод байсныг бол санаж байна.
Өглөө эртийн зураглал ба эрт боссон хүмүүсийн яриа
Тогоон дээр ус хийх чимээнээр сэрэх аядаад тэр дорхноо гал асав бололтой, сайхан хуурай модны шад пад хийх чимээнээр бүрэн сэрлээ. Тооноор нар шууд тусаагүй хэрнээ гэр дотор бүхэлдээ туяарсан байх тул босохоор өндийв. Гэтэл гэрийн хойд орны урдуур зүүнээс эхлээд миний унтсан баруун орыг хүртэл үргэлжлэн олон хүмүүс унтсан байхыг харлаа. Явдалдаа ядраад, дээр нь шөнө дүл хүргэсэн хууч ярианд оролцохоосоо илүү сонсож суусан би нам унтаад, олон хүн ирэхийг мэдээ ч үгүй байх нь... Ирсэн хүмүүс ч бас оройтсон тул хэвтэж амрахын түүс болсон байх гэмээр зарим нь дээл хувцастайгаа бүхлээр унтсан харагдана.
Гадаа гарлаа. Бараг л хаалга дарах шахам хэвтсэн шар нохой дээр эгээ л гишгэчихсэнгүй хөл зөрүүлж амжив. Баруун урд байх нэгэн томхон уулын орой дээр нарны гэрэл түрүүлж тусаад хавь орчныг нэлд нь гэрэлтүүлэх ажээ. Шөнө харагдахгүй байсан л болохоос баруун талаар ямар нэгэн уул нуруу үргэлжлэн дүнхийж, гэрийн урдуур нөгөө Арбулаг гэдэг маань бололтой, нарийвтар гол зүүн доод хөндий рүү урсаж, тохойрсон хэсэгтээ гялтагнан жирвэгнэн үзэгдэнэ. Гэрийн зүүн талд хотлуулж хэвтүүлсэн хонь ямаа түрүүчээсээ босон суниах нэг нь суниаж, тэр ч байтугай эрх маягтай нэг төлөг модон шонгоос зүүсэн аарцны уутных нь үзүүрийг шов шов хөхөж байна. Шаазгай шувуу урт сүүлээ үе үе гозосхийлгэн дэгдсээр хивээд хэвтэж байгаа том хар ямааны эвэр дээр гарч хэсэг сууж байснаа хойш нурууг нь дамжин бууж энэ тэр... ёстой л хөдөө нутгийн амгалан өглөөний дүр зураг энд байна.
Гэрийн баруун талд эгнүүлэн тавьсан хэдэн машинуудын дэргэдүүр гарахад БУ, СҮ, АР, УБ гэсэн дөрвөн өөр газрын дугаартай байхыг анзаарах даруйд айраг цуглуулахаар алс зүүн аймгаас гарсан СҮ дугаартай ачааны Хантер машин маань олон газрын машинтай ханьтай хонож дээ хэмээн хошигнох бодол төрөв шүү...
Урьд шөнө унтахын өмнө гадаалж явахад тэртээ баруун хойноос чигтэй буга урамдах дуу чихнээ ирж байсан, одоо бол чимээгүй л байна... Ер нь буга урамдахыг ойроос сонсоход үхэр мөөрч байгаагаас ялгаагүй мэт сонсогдох хэрнээ алсаас болохоор уул хад, ой мод дамжин цууриатдагтаа тэр үү, дунд бүрээний дуу шиг л цээлхэн уянгалаад явчихдаг билээ. Айлын хонь бэлчихээр хөдөлж, гэрийн араар тойроод баруун уул руу чиглэн хоёр нохойныхоо дэргэдүүр дэлхэж эхэллээ. Таргалсан ямаанууд зугаа болгон өөр зуураа мөргөлдөж, тэгэхдээ цоройхоосоо ч залхуурах маягтай, явуут дундаа тийм ч чанга бус таг түг гэсэн дуу гаргасаар сүргийг хошуучлан явна.
Шөнө ирсэн залуусын нэг юм уу даа, намхан бор залуу гарч ирээд шар нохойг хөөж босгоод хоёр сав бариад гол руу явлаа. Шар нохой хөөрхий хөгшин амьтан бололтой, гэрийн нөмөр барааддаг, харин шөнө биднийг Арбулгийн усыг гарах гэж байхад давхиад очсон идэрхэн хоёр хар нохой болохоор гэрээс нэлээн зайтай, уул талдаа хээрийн амьтны ирэх зүгийг хаана уу гэлтэй хэвтэж хоножээ.
Гэрээс Ганбаа, араас нь Цамбаа ч гараад ирэв. Гол руу очиход нөгөө залуу шанагаараа ус утгаад ирлээ. Эдний хүргэн, нэр Содномсүрэн гэнэ. Дөнгөж зайрмагтаж хоносон гол, булгийн усаар нүүр гараа угаахад эхлээд хүйт оргих боловч сайхан сэрүү татаад, ухаан санаа уужрах мэт санагдах бөлгөө.
-Арбулгийн голын эх нь хаана байгаа вэ?
-Тэр хонь бэлчиж байгаагийн цаад товгорын ар дороос л ундарч байгаа даа, хэд хэдэн амнаас гардаг юм.
-Танай энэ ямаанууд ямар үүлдрийнх вэ?
-Эрчмийн нурууны хар гэдэг юм аа
-Хөвсгөлийнх гэдэг биз дээ, манай Сүхбаатарт бол нэг ч хар ямаагүй, дандаа л улаан ямаа байдаг юм. Баяндэлгэрийн улаан гэж мэдэх үү?
-Мэднэ мэднэ, манай энүүгээр зарим айл нэг хэсэг тийм ухна тавьж үзсэн байх аа
- Баяндэлгэрийн улаан үүлдрийн нас гүйцсэн эр ямаанаас 1 кг ноолуур гардаг юм шдээ
- Манай эндхийн хар ямаанд хиил таван зуу гардаг ямаа байнаа байна. / Би ...хм хм гээд хэлэх ч үг олдсонгүй, худлаа ханиалгав/
-Гэхдээ манайхаас улаан ямаа авья л гээд байдаг даа?
-Микроныг нь нарийсгах энэ тэр гээд нарийн юм байгаа байх л даа...
Ус голын эрэг дээр ийм яриа болоод бид гэр лүү явцгаалаа. Хүмүүс бүгд босчихсон, гэрийн гадаа шонд өлгөж тогтоосон гар угаалтуурын дэргэд оочерлож, хүүхдүүдийнхээ гар нүүрийг усаар шавшиж, шударч үзэгдэнэ.
Гэрийн эзэгтэй, - наад уснаасаа нэгийг нь угаалтуурын дэргэд шанагатай хамт тавьчих хэрэгтэй юм байна гэсээр амдаад ирэв.
-За энэ чинь, юун олон хүмүүс, хүүхэд шуухад хүрээд ирэв ээ? Айраг хүргээд портертой залуу л ирэх юм байх гэж бодож байсан чинь өглөө босоход гэр дүүрэн хүн битүү зулчихсан байх юм?
-Өө, энэ манай хүргэчүүл Содномсүрэн, Уртнасан гээд Булганы Сайхан сумын айлууд. Тарвагатай хавиар нутагладаг, ойрд ирээгүй байсан юмаа. Манай хүргэн, манай дүү, манай эгчийн охин, нөхрийн маань төрсөн дүү хүүхэн гээд л...
Та бөх унтдаг хүн байна, наадуул чинь Ганбаад “хатуу юм” авчирч , бас та нарын өгсөн гожинг задласан. Энэ хойд талаас хөөгдөж таны орны хөлд жаал суугаад, сүүлд нь хүн амьтан унтаж байхад гэж надад загнуулаад үүрээр шахуу унтсан даа, ккк. Ярьсан ёсоороо 1 тн айраг авчирсан гэнэ. Одоо наадуулаар чинь савлуулнаа...
-Ганбаа, чи энэ хавийн уул усаа нэрлээч?
-За тэгье, та нар өчигдөр орой бол Хөх хошуу, Өөлдийн ганц мод, Уртбулаг дамжиж ирсэн. Энэ хойд талын дээрээ антеннтай уулыг Оросын овоо л гээд байдаг юм, манай өвөлжөөнөөс хойгуур тэр цухуйж байгаа хадтай уулыг Сахалт хайрхан гэдэг.
Цай уух зуур олж сонссон сонин буюу тоймч Аагийгийн хамаатных
Гэрт ороход халуун саванд ч, данханд ч цай уудлаад гаргаж байна. Гэрийн эзэгтэй Чука /Чулуунцэцэг/ ажилтай анхитай, бас яриа хөөрөөтэй ч нэгэн ажээ. Эднийх хүү охин хоёртой. Охин нь нийслэлийн 53-р сургуульд багш, хүү нь Баянзүрх дүүргийн нэгэн хороонд Нийгмийн ажилтан хийдэг, Өөлдийн түүх соёлын талаар сүрхий судалгаа хийдэг залуу байгаа гэнэ. Гэрийн эзэн Ганбаатар /ер нь энэ хавийнхан бол Галдан бошигтын үед үлдэж хоцорсон Өөлд угсаатнууд гэдэг/ бол өөлд, Чукагийн аавын талынхан бол Хөвсгөлийн харуулаас ирсэн, харин ээж нь өөлд гэж байна.
Шар нохой дээр эгээ л гишгэчихсэнгүй гэж ярихад, -манай энэ халтар жингэрийг дагаад урваж ирсэн юм, хөгшин нохой л доо. Гэхдээ энэ нохойг ирсэн жил бид хоёр хүүхдүүддээ хотод байр авч өгсөн, бэлгэшээгээд хөөхгүй байгаа юм. Хөгширч явахдаа манайд “хүргэн орсон” юм, хөөрхий... гээд тас тас инээлээ.
- Дөрвөд-Өөлд-Хотон-Хошууд гээд байдаг байхаа гэж намайг хэлэхэд Цамбаа лам:
-Ховдын Эрдэнэбүрэн сумын угталт, үдэлтийн хаалган дээр “Өөлдийн ард түмний голомт” гэж бичсэн байдаг юм. Би нэг юмнаас уншиж байсан, тэнд өгүүлснээр бол, Галдан бошигт Халхад довтолгоон хийгээд баруун Монгол руугаа буцахдаа их л итгэлтэй явсан юм билээ. Хэсэг цэргээ, хүн ардаа үлдээгээд... Гэтэл эргэж ирж чадаагүй. Уг нь Өндөр гэгээн Галдантай уулзаж ярилцах гээд гурван ч удаа хэлүүлсэн боловч гэгээнд шадар түшмэл Дорж бэйс гэгч энэ талдаа хор хутгаад, тэнд болохоор нэг хатных нь хүү Цэрэн ч билүү бас нэг ноён явуулга хийгээд уулзуулаагүй, тэр хүн Галдан бошигтыг буцаад очиход нь хан ширээг нь эзлээд суучихсан байсан гэдэг юм билээ л дээ.
-Энэ Аагийгийн зураг /ММагентлагийн тоймч Ж.Алтангэрэл/ танайд яахаараа байж байдаг билээ? Би мань нөхрийг чинь Хотонтынх гэж боддог юм шүү дээ?
Гэрийн эзэн: -Юу ярьж байгаа юм бэ, манай Өлзийтийнх, тэр тусмаа миний хамаатан. Манай аав, Аагийгийн эмээ хоёр төрсөн эгч дүү хоёр байхгүй юу...
-Зурагтаар гарахаар нь мэндлэмээр байдаг уу?
Гэрийн эзэгтэй: -Тэгэхээр барах уу. Гавьяат болоход нь танай тв-ийнхэн дээш нь шидээд сүйд боллоо, тэр нь зурагтаар гараад... наад Ганбаа чинь сэтгэл хөдлөөд гадаа гарч уйлаад...
-Аргагүй шүү ээ, манай тв-ийнхэн байтугай Монгол даяараа л нүдээ олсон шагнал гэж хүлээж авсан байх.
-Бага хүргэн: -Юм уншдаг хүн гавьяат болоод байхад олон жил юм тайлбарлаж ярьж байгаа сурвалжлагч хийсэн хүн цол авалгүй ч яахав, наадмаар бас морин дээр явж л байдаг биз дээ...
Гэрийн эзэгтэй: -За цөг чи. Таныг бас би танинаа. /Надад хандав/ Хөдөөний нэвтрүүлэг хийдэг байсан биз дээ? Орж ирэхэд чинь бол таниагүй, яриад эхлэхээр чинь нэг л танил санагдаад байсан, тв-ийн хүн байж.
Би:- Одоо хөгширсөн болохоор аргагүй шүү дээ. За ингээд Аагийгийнхаа хүчээр хөдөөний айлд танигдчихдаг байна. /хөхрөлдөв/
Гадагш гарч айраг шилжүүлэн савлаж байгааг харлаа. Ёстой асуудалгүй...гэдэг шиг портерт ачсан том савтай айрагны дэргэд аккумлятор аваачиж тавьж байгаад шууд соруулаад Сүхбаатарын машин дээрхи жижиг савнууд руу шахаад бөглөөд л болоо. Юм хөгжинө гэдэг энэ байх. Ингээд хэдхэн хоногийн дараа УБ-т болох Айрагны баярт явах авч гэж бэлтгэсэн айрагны зарим хэсэг нь манай машин дээр гарах нь тэр дээ...
Хилчин дарга, цэрэг хоёрын тухай яриа үргэжилсэн нь
Ирэх замд Тайван “миний цэрэг Ганбаа” гэж хэд хэд дурссан болохоор би энэ тухай яриулах зай зав харж явсан хэрэг. Тэр тухай ч сонслоо. Учир ийм байж...
Ганбаа 1985 онд цэрэгт татагдах болжээ. Булган аймгийн төвд комисслуулж тэнцээд хот руу ачигдаж гэнэ. Замд нь Өлзийт сумынхан буюу ар гэрийнхэн нь тосч уулзаад үдэн гаргадаг байтал тэр удаа зогсож цаг алдахгүй гэж цувааны дарга нь огцом шийдвэр гаргаад давхиад өнгөрөхийг жолооч нартаа тушаажээ. Гэтэл хэсэг залуус дээлээ тайлж машины урд шил руу нөмөргөж халхлаж зогсоогоод уулзалт болдгоороо болж. Цувааны дарга нь уурсаж хэдэн залуусыг хязгаарт хөөгөөд өгнөө...хэмээн занасны нэгэнд Ганбаа багтаад хотын карантинаас Баруун-Урт, тэндээсээ Эрдэнэцагааны Чоноголын отряд, тэгээд хамгийн хойд талын Авдрантын застав руу хуваарилагдсан түүхтэй гэнэ. Тэгээд хилчин байлдагчийн ажил алба эхэлж, хилийн харуулд явж, адуу маллаж, зун нь айрагтай газрын хүүхэд гээд гүү барьж айраг исгэсээр хамгийн сүүлчийн 3 жилийн цэргийн албыг хааж дуусгажээ. Энэ хугацаанд заставын дарга Тайванбаатарынхаа итгэлийг хүлээж “повар” буюу тогоочоор нь ажилласан тул нарийн нандин зүйл агуулсан хайрцагных нь түлхүүрийг ч эзэмшиж явсан гэдэг.
Дарга, цэрэг хоёр Ганбааг халагдсанаас хойш 28 жилийн дараа Булганы нэг рашаан дээр гэнэт таараад хэн хэнийгээ таньж ядаад хэд хоносон байна.
-Тэгээд яаж мэдэлцэв?
Ганбаа: -Яаж таних вэ дээ, манай дарга чинь тамирчин, жагсаалч, алхаа гишгээ жавхалзсан сайхан залуу офицер байсан юм чинь...Нэг бүдүүн хүн байгаад байнаа, гэхдээ л нэг нүдэнд танил тусаад болдоггүй. Буцах өдрөө очоод нэрийг нь асуусан чинь Тайванбаатар гэж байна шүү, хаанахын хүн бэ гэсэн чинь –Сүхбаатарынх гэснээ -Чи чинь Булганы Сайханы цэрэг Ганбаатар мөн байх шив гэдэг юм даа.
Гэрийн эзэгтэй: - Рашаанаас буух гээд юмаа баглаж байтал Ганбаа бөөн амьсгаа болсон амьтан –Би даргыгаа оллоо шүү дээ гээд гүйгээд ирлээ. Олон жил цэрэг цуухын тухай яриа гарах болгонд шахуу даргыгаа ярьдаг байсан болохоор нь идээ чихэр бариад очиж танилцаад гэртээ урилаа. Ганбаа гэрээ зааж өгөөд хот руу буцахдаа заавал манайхаар очоорой, ороогүй явчихвал цэрэг нь гомдоно шүү гээд даргадаа ч, эхнэр Бямбаад нь ч давхар давхар захиад явж. Дарга нь хот руу хөдлөхдөө мартаад нэлээн өнгөрч явснаа аргагүй эргэж зорьж очсон юм гэдэг. Үүнээс хойш хилчин дарга, цэрэг хоёр гэр бүлээрээ нөхөрлөж ахан дүүс мэт яваа ажээ.
Үүнийг бичигч би бээр Сүхбаатар аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд Тайванбаатарын доод төгсөлтийнх учир түүнийг мэднэ л дээ. Сургуулийн болоод аймгийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин хөвгүүн байсан, тэгээд тэр үеийн НАХЯ-ны дэргэд байгуулагдсан Цэргийн Тусгай дунд сургуульд суралцсан. Манай ангийн Батсүх гэдэг хүү мөн сургуульд дараа жил нь очсон. Шинэковыгаа эргэх гээд 1-р курсийн оюутан бидний хэсэг нөхөд ЦТДС руу очиход Сэргэлэн /одоо талийгч болсон/, Тайванбаатар нар бага дарга нар болчихсон, сургуулийнхаа сонсогч нарыг жирийтэл жагсаачихсан командапж байхыг нь харахад ёстой л ”аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг” харагдаж байж билээ. Тайван маань тэр сургуульд байхдаа “военный самбо”-гоор хичээллэж сайн эзэмшсэн дуулдсан, тийм л шижигнэсэн залуу Хилийн цэрэгт офицер болоод очихоор чинь тэвхгэр байхаас ч аргагүй биз дээ...
Хөдөөгийн айлд залсан бурхан хийгээд нэгэн судрын тайлбар
Ганбаагийнх жаазанд хийж залсан олон бурхантай, бас хэд хэдэн судар давхарлан тавьсан айл байлаа. Цамбаа ламаар ном судраа үзүүлж,” салхи оруулж” өгөөч гэж байна. Далимд нь би, энд ямар ямар бурхан байнаа? гэж асуугаад авлаа.
-Их эртний Аюуш бурхан байна, Долоон Аюуш, бас мянган мэлмий, мянган мутартай
Жанрайсиг бурхан, Цагаан, Ногоон Дарь эх, тэгээд Найман Манал, Намсрай, Манзушир бурхан байна. Энэ бол Минтагва бурхан, Бундхорол бас байна гэхэд гэрийн эзэгтэй, наана чинь Өөлдийн Алтан зуу гэдэг бурхан байгаа шүү, багш аа гэлээ. Цамбаа лам, тийм байна. Өөлдийн таван шүтээн гээд манай төв Гандан хийдэд байдаг юм гээд нэгэн судар аваад ширээний ард суулаа.
Судрын баринтагийг задлаж эхний хуудсыг эргүүлснээ, -Энэ чинь ёстой хуучны, Бээжин бараар хэвлэсэн Алтангэрэл судар байна шүү гээд Цамбаа лам хэсэг чимээгүй болж судрыг уншиж эхлэв. Ингээд уг сударт өгүүлсэн номоос нэгэн хэсгийн утгыг гэрт байсан бүх хүмүүст тайлбарлаж өгсөн юм. Би яриаг нь утсан дээр бичиж авсан боловч арай холдоод, зарим нэр, зарим үгийг нь ташаарсан байж мэдэх тул урьдчилан уучлал хүсээд энд сийрүүллээ. Уг нь хөдөө айлд сонссон энэ номын утга их л сонин, сургаалтай юм билээ.
Нэгэн удаа Бурхан багш хутагт шавь нартаа ном айлдаж байхаднь нэг эсрэн тэнгэр ирээд ихэд урагш зүтгэж шахаад байсан тул хутагт шавь нарынх нь нэг түүнд хандан -чи яагаад чихээд байгаа юм? гэжээ. Цаадхи тэнгэр нь –Бурхан багш энэ номыг надад зориулан айлдаж байгаа учир би ойртох ёстой юм. Худлаа гэвэл өөрөөс нь асуу... гэж гэнэ. Ингэхэд нь Бурхан багш тиймээ гэсэн бөгөөд тэр нь орчлон дээр байгаа хүн, тэдгээрийг хамгаална гэж Бурхан багшийн өмнө ам авсан Цамба хэмээх эсрэн тэнгэр байсан юм байж. Бурхан багш зөвхөн Цамба тэнгэр бус, олон амьтан бүгдээр амар амгалан, сайн сайхан бүгдийг дэлгэрүүлье, авралд багтая гэвэл энэ тарнийг уншиж бай... хэмээн зарлигласан гээд тарнийг нь энд бичсэн байна гэлээ. Дадята мили мили, гэли гэли, гүндү гадияа, муда гадая, самуда гадая...гээд цааш үргэлжлүүлэн тарнийг бүтнээр нь уншсан , харин өчүүхэн би сонсголоор бичиж буй тул буруу зөрүү буулгавал алдас болуужин гэж бодоод үүгээр хязгаарлав.
Цамбаа лам цааш нь бурхны ном сургаалийг яагаад хэвлэдэг болсон тухай бидэнд ярьж өглөө. Бурхан багшийн айлдвар сургаалийг шавь нар нь, ялангуяа Ананд гэдэг шавь нь голлон цээжилсэн, түүнээс цааш шавьдаа залгуулан цээжлүүлэх замаар явж ирсэн бөгөөд Бурхан багшийг таалал болсноос 120 жилийн дараа Ашока хаан сууринаа суусан даруйдаа:- Хүмүүсийн буян муудаад байгаа тул цээжилсэн Бурхан багшийн сургаалиудыг номонд буулгах хэрэгтэй юм байна гэжээ. Ингээд 500 бандида буюу ном зохиох эрхтэй лам нарт зарлиг буулгасан байна.
Энэ номонд дурьдахдаа, - Гадна талын арилгах юм гэж ерөөсөө байхгүй шүү. Өөрийн сэтгэлд байгаа муу бодол, муу сэтгэл, нисваанисыг арилгачих юм бол тэр нь бусадтай нийцэх шалтгаан болно, дайсангүй болно. Энийг гагц хүн биш, тэнгэр, лус, газрын эзэн, ягчис бүгд дагавал өөрт нь тустай. Үйлийн үр хуурмаггүй...гэснийг бичжээ гэлээ. Номын хүч орших болтугай.
Орхон түшээ мөрний хойд эрэг чиглэсэн аялал буюу Хунт нуурын хөвөөнөө
Ганбаагийнхаас гайгүй сайн заалгаж гарсан чигээрээ шинэ тавьж байгаа замын даланд тулж очсон боловч орж чадсангүй. Тэнд байсан орц гарцыг хаагаад шороо асгачихаж. Жижиг тэргээрээ доош уруудан явж байж нэг зай гаргасан байхаар нь ачааны тэргээ дуудаад хамтдаа зам дээр гарлаа. 10 шахам км яваад, шороо түрээд хаачихсан хаалтанд тулаад зогсов. Дооглож байгаа юм шиг, “Зам засвартай” гэсэн тэмдгийг шороон дээр хатгачихаж, бүүр дэргэдээ ирүүлж байж тэмдэг харуулна гэдэг ямар ухаан билээ?
Замын хоёр хажууг шуудуулаад овоохон өндөрлөсөн учир эргээд л явлаа. Зам дээр таарсан хятадууд нь бужүдо гээд, монголчууд нь пикапаар давхиад зогсох ч үгүй сүнгэнээд л, “зам хаалттай” гэсэн тэмдгээ зөөж байрлуулна гэж гонж, өөрсдөө замын хажуу руу буумагцаа бушуухан шороо түрүүлж хаалгачихаад, нааш цааш гарц хайж давхилдах хүмүүсийн машиныг цонхоороо харж тоглоом хийсэн шиг намрын урт өдрүүдийг зугаатай өнгөрөөж харагдана билээ л...Ингээд нөгөө тал руу 5-6 км явж байж эцэст нь хаалт шороонд Приус машинаа тэгнүүлээд гацаачихсан нутгийн малчин хоёр бүсгүйтэй таарч хүрзээр хөндийлж байж мулталж өгөөд тэр мөрөөр нь өөрсдөө зүтгүүлэн гарч, хэдэн жилээр ашиглалтад ордог ч үгүй, тэгсэн атлаа дээгүүрээ машин явуулдаг ч үгүй айхтар замын далангаас нэг юм салав.
Хунт нуурын урд гэсэн болохоор нь нуур хараад л явлаа, байдаггүй ээ. Гэнэтхэн Орхон голын шугуй харагдаад эхлэхээр нь эхний айлаас асуусанд Гансүхийнх энүүхэн зүүн дор, голын яг хойд эрэг дээр шахам байгаа гэлээ.
Өчигдөр утсаар ярихад Гансүхийн эхнэр нь хотод мал мах борлуулж яваа, шөнөдөө эргэнэ гэж байсан юм, ирчихсэн бололтой, гадаа нь жижиг машин, мотоцикль хоёр байж байна.
Бас л ажилсаг гялалзуур бололтой хүүхэн бидэнд сайхан боорцог, өрөм таваглаж цай аягалах зуур хууч хөөрлөө. Цамбаа лам утсаар ярьж танил болсон учир, -Хот явсан ажил бүтэмжтэй юу гэхэд, гэрийн эзэгтэй, -Махны үнэ ханш муухан л байна, гэхдээ яахав өгчихөөд л ирлээ. Та нарыг би манайхыг олохооргүй бол Орхоноо тултал яваарай гэж хэлсэн, үнэн байгаа биз дээ гэж байна.
-Сайхан нутаг юмаа. Харин яагаад сарлаг харагдахгүй шахам, монгол үхрүүд голдуу байгаа хэрэг вэ?
Гэрийн эзэн Гансүх: - Манай энд сарлаг нүд ам нь өвдөөд тохирдоггүй газар . Голын эрэг мөртлөө бараг л говь шиг хужиртай.
Тайван: -Ганбаагийнхаас сайн заалгасан хэрнээ засмалын далан дээр гарсан хойно ёстой эргүүтүүлж хаялаа шүү?
Гэрийн эзэгтэй:- Өө тэгдэг юм. Өглөө гарч орж болж байсан газрыг төд удалгүй хаагаад хаячихна. Шороо самарч түрж тоглож байгаа хүүхэд шиг л, тэгсэн атлаа дээр нь хийж байгаа юм бараг байхгүй. Эсвэл хойш урагш бууж сууж болдог байнгын нүхтэй баймаар юм. Өдөр бүр замынхны аашийг дагасаар бид ч бүр мунганаж гүйцлээ байна. Ганбаагийхнаар сонин юу байна? Ганбаагийн эхнэр Чука эгч чинь манай аавын төрсөн эгчийн охин нь байхгүй юу...
-Өө тийм үү, хоёр хүргэнийх нь бөөнөөрөө урд шөнө очсон.
-Бараг манай эндээс 10-аад км-ийн цаанаас очсон гэсэн үг. Манай дээрээс нийлээд айргаа өгчихөөч...гэсэн чинь ээж аавтай уулзах өөр яриа бий гэж байсан, тэгээд яваад очиж л дээ...
-Гансүх: -Эндээс Орхоны хойд эрэг дагаад зүүн тийш явахад Сайхан сум орно, мөн эргээ дагаад баруун урагш явбал 45 км яваад Өлзийт хүрч болно. Манайхаас авч байгаа айрагныхаа бичгийг Өлзийтөөс аваад гараарай. Тэндээсээ 30 км яваад л засмал зам руу гарчихна.
Ингээд эднийхээс авах 800 литр айргийг савлаж эхэллээ. Энэ зуур миний олж мэдсэнээр, эднийх Гандангийн лам нарын хэрэгцээнд айраг нийлүүлж байсан, одоо Япон руу айраг савлаж байгаа компанитай хамтарч эхэлсэн юм байна.
-Манай айраг сайхаан, уугаад үз...Хол газраас ирж байгаа, тэгээд ч сүм хийдийн хэрэгцээнд авна, лам хуврагуудад барих юм гэхээр нь манайх хэдэн зууг өгье гэсэн юм. Айргийг гадаадад гаргахдаа хатаагаад хуурай сүү шиг болгоод гаргадаг гэсэн, харин манай айргийг бол сүү шиг савлаж байгаа дуулдсан гэж ярих зуур гэрийн эзэгтэй сав болгоноосоо дээж амсуулж байлаа.
Би энэ завсар гэрийн эзэн Гансүхтэй сундлаад Хунт нуурыг харахаар давхилаа. Зүүн хойш хошуу ороогоод гараад очмогц л дундаа аралтай Их Хунт нуур цэлсхийн гарч ирээд, түүнээс залгаа ар тал руугаа Бага Хунт нуурын ус мэлтийж үзэгдэв.
-Манай энэ нуур чинь кинонд шардаг нуур шүү дээ.
-Ямар?
-“Багын найзууд” гэж монгол кинон дээр
-Аан тэгвэл би олж үзнээ, харин чи эндээс энэ хавийн нутгаа нэрлээдхээч?
-Тэр бололгүй яахав, Орхоны хойд тал нь Сайханы нутаг, урд тал нь болохоор Могодынх. Тэр Өндөр Жаргалант, тэгээд баруун тийш Дөрвөлжин уул, Хавтгай нуруу, түүний баруун үзүүрт Бүүвэйн гол байгаа. Энэ хойно болохоор Холбоо уул, Хоёр улаан үзүүр, Цагаанчулуут, Жонон, зүүн тийшлээд Цант, Мануулт гээд, бүхэлд нь бол Майлахын уулс гэдэг , тэгээд Хүнгэл, Улаан гозгор гэж бараг нэг амьсгаагаар хэллээ. Эргээд ирэхэд айргаа ачаад дуусч байлаа. Ингэж Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн малчин Гансүх /нутгийнхан нь Сүхээ л гэж дууддаг/ эхнэр Өлзий хоёртой сайхан танилцаад Өлзийт сумыг зорин хөдөллөө. Үүгээр айрагны аялал маань өндөрлөж байна гэсэн үг.
Дашинчилэнд хоноглосон хийгээд энэ суманд үзэж харсан сонин сайхан
... Ашиглалтад ордоггүй олон жил болсон, төмөр хүлэг, төрсөн бие хоёрыг “тамлаж” байдаг замыг Өлзийтөөс урагш засмал руу гарах гэж явахдаа үзлээ. Уг нь 30-хан км гэж байгаа энэ зам бол хэзээ ч юм тавиад орхичихсон гэж хэлж болохоор бөгөөд шороон далангийнхаа хоёр талд орж гараад л байна. Тайван уг нь сайн жолооч, чийрэгхэн гараар хүрдээ чанга атгаад нуга нуга дараад л явна, гэвч хонхор ёнхор, ус шалбааг, эргэлт мухар ихтэй тул бараг нэг цаг дэвхцсээр гарч ирэв. Би ч бас Үндэсний тв-ийнхээ буянгаар Монголын 200 хол илүү сумаар явж үзсэн хүн гэхэд энүүн шиг муу зам үзээгүй гэдгээ хэлсэн билээ.
Ядарч зүдэрсэн бид Булганы Дашинчилэнд оройтож хүрээд ор дэвсгэр олоод унаад өгөхийн мөрөөсөл боллоо. Сумын хойд захад таарсан хүнээс зочид буудал сураглатал, - сумын холбооны дэргэдхэн байгаа гэдэг юм байна. -Холбоо нь хаана ? гэтэл -төв рүү орохоор чинь аяндаа мэдэгдэнээ гэчихээд яваад өглөө. Үнэхээр л тийм байсан шүү. Цагаан хоолойгоор Монголын радио хүнгэнэж байгаа байшинг олоод тэрнийхээ баруун талд буудлаа ч харлаа. Биднийг буудалд төвхнөж байтал Төрийн дуулал яваад радио ч зогслоо...
Маргааш нь радиогийн дуунаар сэрэв. Навч нь шарласан мододтой нэгэн хашааны зүүн хойд талд байх 2-3 намхан байшин, дэргэд нь сумандаа л өндөр цамхаг, дээр нь дөрвөн тал руу харуулсан нарийхан гонзгой хэлбэртэй чанга яригчнаас Монголын радио дуугарч байнаа.
Сонин юм...бидний залуу багад бол ямар ч сумын холбооны антенн дээр том гээч бүрээний ам шиг цагаан хоолой зоосон байдаг, түүгээр нь радио дуугарч, заримдаа пажигнаж, эсвэл шивэгнэж байдагсан. Би харин сүүлийн нэлээн хэдэн жил ийм дүр зурагтай тааралдаагүй тул утсаа шүүрч аваад хэсэг тойрч хэдэн зураг буулгалаа... Сонсгол дуу нь их аядуухан, сонсогч хүүхдийн захианаас уншиж байгаа бололтой жигдхэн дуудаж, дөнгөж цухуйж буй нарны гэрэлд бүлээцэх гэсэн хэсэг шувуу огтхон ч тээршаасан шинжгүй, харин ч дасаж өөриймссөн гэлтэй бөөвийж үзэгдэнэ. Хойгуур нь тойроход хаалган дээрээ холбоо, шуудан, тоног төхөөрөмжийг нь хариуцсан 3 компанийн хаягтай, хуучны ёстой л бүхэл бүтэн түүх агуулсан жижиг байшин юм.
Монгол хүн ярьж байна
Монгол хэлээрээ ярьж байна
Монголын радио ярьж байна
Монгол улс ярьж байна /Ц.Чимиддорж/гэдэг билээ. Монголын радиог сонсгодог сумын холбооныхонд, Монголын радиог сонсож, энэ радиогийн дуугаар өглөөг угтдаг Дашинчилэнгийн хүн ард, хүүхэд багачуудад баярлах сэтгэл төрлөө...
...Өглөөний цайны дараа Цамбаа лам маань, Хар бухын балгасыг та үзсэн үү гэж байна. Дэргэд нь бол очоогүй, нэг удаа сайд дагаж яваад холоос барааг нь харсан гэсэн чинь очих уу? гэж байна. Уухайн тас...
Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно орших эртний хотын туурийг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг ажээ. Энэ хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно. Энэ балгасыг Киданы үетэй холбож үзэх гол үндэслэл нь Чин толгойн балгаснаас олдсон кидан бичээст дээврийн ваартай яг ижил хэлбэр маягийн ваар олдсон явдал гэнэ.
Хожим XVII зууны эхэн хагаст эртний энэ хотын хэрэм дотор дан чулуугаар хийсэн барилга байгууламжуудыг барьжээ. Энэ нь тус тусдаа бат бэх хэрэмтэй хэдэн том барилга дуган байсан бөгөөд барилгын чулууны өрөөс, бэхэлгээ зэрэг нь XVII зууны үеийн Монголын бусад шивээ бэхлэлтэд нийтлэг ажиглагддаг бөгөөд барилгын хэв загвар нь Төвд барилгын арга маягийг илэрхийлдэг гэж тэмдэглэсэн ч байдаг юм билээ.
Цамбаа лам бид хоёрт, хэрэм хашааны гадна талд байсан суварганы хэлбэр хийц хэвээрээ шахам үлдсэн нь их сонин байлаа. -Наадхыг чинь харуулын байр гэж зарим хүн маргасан байдаг юмаа гэж лам хэлж дуулдав. Би хариуд нь. –Яалаа гэж харуулын шлвгор хийхдээ дор нь бумбаных шиг бөмбөгөр хийхэв дээ, тийм юм гэж байхгүй. Харуул гарахад амар гээд налуу өндөрхөн юм л хийнэ биз дээ...гээд улам л суварганы хэв дүрсийг харуулаад байгаа дүр төрхийг нь аппаратанд буулгаж байлаа.
Дашинчилэнд буцаж ирэнгүүтээ би интернетэд орж Хар бухын балгастай холбоотой мэдээл хайлаа, гараад л ирж байна. Одоо мэдэгдэж байгаагаар нэгээс хоёр давхар нийт 12 барилга, 5 суварганы үлдэгдэл байжээ. Таван чулуун суварганы хамгийн том нь харьцангуй бүтэн хадгалагдан үлдэж хоцорсон бөгөөд хэлбэр хийцийн хувьд бусдаасаа ялгаатай байна.
Хар бух голын хөндий нь XVI-XVII зууны үед Халхын Түшээт хан аймгийн нутагт хамаарч байсан бөгөөд энд тус аймгийн ноёд язгууртнууд буддын шашны хийд барьж, шашин номын үйл ажиллагаа явуулж байжээ. Хар бухын балгасын чулуун байгууламжийг малтах явцад янз бүрийн бурхан‚ цац, бурхны шашны зан үйп гүйцэтгэхэд хэрэглэдэг эд зүйлс, тахилын ширээ зэрэг гарсан нь тэнд бурхны шашны хүрээ байсныг харуулж байна. Мөн чулуун барилгуудын еренхий бүтэц, зохион байгуулалт нь бурхны шашны хүрээ хийд гэдгийг ч илтгэж байна. Чулуун барилгуудын ханын өрлөг нь тухайн үеийн Төвөд барилгын өрлөгтэй төсөөтэй байна. XVI-XVII зууны үед Монголд бурхны шашныг дагалдан Төвөдийн уран барилгын мэдлэг ухаан нэвтэрч байсан бололтой гэж эрдэмтэд тайлбарлажээ.
Хар бухын балгас нь Халхын Түшээт хан аймгийн нутагт бурхны шашны Монголд дахь дэлгэрэлтийн нэлээд эрт үеийн түүхэнд холбогдох нь тодорхой бөгөөд 1626 оны орчим байгуулагдаад 1688 оныг хүртэл хурал номын үйл ажиллагаа явуулсан, Хар бухын хийд нэртэй байсан нь мэдэгдэж байна гэж бичсэн байлаа. Үүнийг багийнхандаа баяртайгаар уншин сонсгосны дараа аяны гал тогоо угсарч хавиргатай цуйван хийж идээд, ааш зан сайт буудлын эмэгтэйд баярлаж талахснаа хэлээд нийслэлийн зүг жолоо заллаа.
Аяны төгсгөл буюу дахин ийм аялалд уриарай гэж Цамбаа ламд хүссэн үг
Ийнхүү айраг идээ цуглуулж Архангай, Булганы зааг нутгаар аялсан 3 хоногийн аялал шувтарч байна. Айрагтай аялал гээд байгаа боловч олон шинэ танилтай болсон, сургийг нь дуулж байсан газар орноо тухтай очсон, сонин сайхан зүйл олныг үзсэн, сонссон, түүнийгээ бичиж тэмдэглээд сонирхсон хүнд уншуулья, харуулья гэж зорьсон ийм л аялал байлаа.
Цамбаа лам намайг энд тэнд явахдаа сэтгүүлчийн хувьд тэмдэглэл бичихийг шахаад байхгүй ч гэсэн харж хүлээдэг бололтой юм билээ. Энэ удаад ч гэсэн Архангай, Булганы зааг нутгийн сонин сайхныг бичүүлэх гэж намайг дагуулсан байх. Харин тэмдэглэлийнхээ эхлэл хэсэгт түүний тухай бичсэнийг бол таашаахгүй ч байж ч магад, гэхдээ би өөрөө шийдээд бичсэн юм. Хөтөч маань ямар хүн бэ гэдгийг мэдэхэд хэрэг болж магадгүй шүү дээ...
Жамсрангийн Эрдэнэцогт
2023-10-29 Улаанбаатар хот
Сэтгэгдэл (1)