
БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар 6 дугаар сарын 13–15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болсныг Гадаад харилцааны яам мэдээллээ.
Айлчлалын хүрээнд Ван И Монгол Улсын төрийн өндөр дээд албан тушаалтнуудад бараалхан уулзаж, мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм байна.
Хэлэлцээний үеэр талууд хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засаг зэрэг практик хамтын ажиллагааны асуудлууд болон олон улс, бүс нутгийн тулгамдсан сэдвүүдийн талаар санал солилцох аж.
Мөн БНХАУ-ын тал хоёр улсын төрийн тэргүүн нарын өмнө нь тохиролцсон харилцан ойлголцлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байгааг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь мэдэгдэлдээ онцолжээ.
Ван И хамгийн сүүлд 2022 оны наймдугаар сарын 7–8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан юм.
Л.Баяр























































