
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын зургаадугаар хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын баруун бүсийн аймгуудад шүлхий өвчний SAT-1 хэвшил, харин зүүн болон төвийн бүсийн аймгуудад О хэвшил бүртгэгдэж, халдварын нөхцөл байдал тайван бус байна. Иймд өвчний вирус мал, амьтны шилжилт хөдөлгөөнөөр дамжин Хөвсгөл аймагт нэвтрэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт бусад аймгуудаас мал, амьтан нэвтрүүлэх, шилжүүлэн тээвэрлэх хөдөлгөөнийг 2026 оны зургаадугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглож байна. Хөвсгөл аймаг нь одоогоор мал, амьтны гоц халдварт өвчингүй, эрүүл бүс нутаг бөгөөд энэхүү статусыг хадгалах нь нэн чухал юм.
Булган, Архангай, Завхан аймагтай хил залгаа Тариалан, Жаргалант, Цэцэрлэг, Рашаант сумдын нутаг дэвсгэрт хяналтын цэг байгуулж, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллахаар шийдвэрлэлээ.
Иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллагууд холбогдох шийдвэрийг мөрдөн хэрэгжүүлж, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамтран идэвхтэй ажиллахыг уриалж байна.
















































