
Израйлийн экс ерөнхий сайд Ариэл Шароны бие сүүлийн хоёр хоногийн дотор эрс муудаж, үхэлтэй тэмцэлдэж буй талаар хэвлэлүүд шуугьсан юм. Түүний амь нас дээсэн дөрөөн дээр байгаа өнөө үед Израйльчууд оршуулахад бэлдэж эхэлсэн талаар Аль-Жазера мэдээллээ. Шарон Негевт байрлах эх нутагтаа тайван нойрсохыг хүсч байгаа ажээ. 85 настай экс сайдын бие тун тааруу байгаа бөгөөд түүнийг шашны ёсоор оршуулах болно гэж Бенжамин Нетаньхугийн төлөөлөгч Марк Режев хэлжээ. Харин түүнийг оршуулах ёслолд Нелсон Манделатай адил дэлхийн удирдагчид оролцох эсэх нь тодорхойгүй байна. Шарон 2006 оноос эхлэн комд орж, эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэрээр 2005 онд 38 жилийн турш цэргийн хяналтан дор байсан Газын зурвасаас Израйлийн цэргүүдийг гаргаж байжээ.