
Төв африкийн бүгд найрамдах улсад гарсан хүчирхийллийн улмаас 1000 орчим хүн амиа алдаад байгаа өнөө үед Европын холбоо нэмэлт цэргийн хүч илгээх талаар хэлэлцэж эхэллээ. Албаныхны мэдээлж буйгаар тус улсад энхийг сахиулж буй Францын 1,600 цэргээс гадна 700-1000 алба хаагчийг илгээхээр зорьж байгаа ажээ. Европын холбооны гадаад бодлого эрхэлсэн дарга Кэтрин Эштон дээрх саналыг гаргаж, бусад удирдагчдад хүсэлт тавьсан байна. Өнгөрсөн 12-р сард Төв африкийн бүгд найрамдах улсын христийн шашинтнууд лалын сүсэгтнүүдийн эсрэг тэмцэж, мөргөлдөөн хүчээ авсан юм. НҮБ-аас мэдээлж буйгаар мөргөлдөөний улмаас 1000 орчим хүн амиа алдаж, орон гэргүй бологсдын тоо нэмэгдэж байгаа ажээ. Тухайлбал, нийслэл Бангуй хотод 513 мянган хүн орон гэргүй болсон байна. Тус улсын 2,2 сая иргэний тэн хагаст нь тусламж шаардлагатай байгаа бөгөөд 100 мянган хүн хоргодох байранд амьдарч буй гэсэн баримт бий.