Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн төлөөлөл, “Экологи-Зайсан” ТББ-ийнхан өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд тус хорооны нутаг дэвсгэрт орших Чингис уулан дээр УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай барилга бариулах гэж байна гэж эсэргүүцэж, ийнхүү мэдээлэл хийсэн юм. Уг асуудал 2011 оноос эхлэлтэй. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Богд хан ууланд аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар 7.5 га газрын зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас авчээ. Авсан газар нь Чингис хааны дүрийг чулуугаар шигтгэж урласан уулын баруун талыг бүхэлд нь хамарч байгаа юм байна. Гэхдээ Л.Гүндалай тухайн газрыг өөрийн нэр дээр биш эгч Оюундалайгийн хүү Одсүрэнгийн нэр дээр бүртгүүлсэн гэж 11 дүгээр хорооны иргэд мэдээлж байна. Мөн Богд хан уул нь Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд багтдаг. Тухайн газарт оршин сууж байсан дөрвөн иргэнийг УИХ-ын гишүүн Л.Гүндалай бусдын эд хөрөнгөд халдсан гэж шүүхэд өгсөн. Иргэдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3-т зааснаар хэрэг үүсгэн прокурорын газарт хянаж байгаа гэж “Экологи-Зайсан ТББ”-ийн дэд тэргүүн Н.Жагар ярьж байна.
Иргэд энэхүү асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болд болон Ц.Оюунгэрэл нарт хандаад байгаа юм байна. Гишүүдийн зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн гэж ТББ-ынхан ярьж байна. Энэхүү газар нь тусгай хамгаалалтын бүс учраас иргэд өөрсдийн нэр дээрээ хувьчилж чаддаггүй байсан, түр эзэмшигч нэрээр төрд данслуулаад байжээ. Одоо харин газрын зөвшөөрлийг авахаар хөөцөлдөж байгаа гэж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (1)