
Энэ нь манай УИХ-аар 2009 оны 1 сарын 16-нд, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думаар 2009 оны 12 сарын 23-нд тус тус соёрхон батлагдсан Монгол Улсын олон улсын гэрээтэй зөрчилдсөн байж болзошгүй байна. Тус гэрээнд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай тусгагдсан байдаг.
Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хилийн заагийг тогтоох тухай” Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр тогтоолын 2,3 дугаар хавсралтаар баталсан ус болон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийн солбилцолд өөрчлөлт орууллаа.
“Монголросцветмет” ХХК Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд ХV-003595 дугаартай “Түйн голын эх”, XV-004211 дугаартай “Түйн гол” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлүүд эзэмшдэг. Эдгээр талбайн нийт хэмжээ 24670,6 га бөгөөд үүнээс 12060,6 га нь гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн давхцалтай байгаа юм.
Ордын асуудлыг шийдвэрлэх талаар Оросын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яаманд өнгөрсөн онд албан ноот бичиг ирүүлсэн юм. Энэ дагуу УУЯ, БОНХЯ, ГХЯ-ны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн Ажлын хэсэг энэ онд “Монголросцветмет” ХХК-ийн хайгуулын талбайд ажиллан дүгнэлт гаргасан байна.
Хуульд Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөх учиртай байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэснээр “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааг тогтворжуулаад зогсохгүй Монгол-Оросын хамтын ажиллагаанд чухал алхам болно гэж Засгийн газар үзлээ.