
Зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргаашнаас эхлэн арваннэгдүгээр сарын 1-ний хооронд Эстони улсын нийслэл Таллин хотноо болох гэж байна. Энэхүү тэмцээнд манай өсвөрийн 12 даамчин оролцохоор өнөөдөр эх орноосоо мордох юм.
2014 оны зуун буудалт даамын ДАШТ-д оролцох манай өсвөрийн тамирчдын бүрэлдэхүүнд 10 хүртэлх насны ангилалд Дорноговь аймгийн Э.Үйлстөгөлдөр, Г.Төгөлдөр, Орхон аймгийн Б.Сүхбат, 11-13 насны ангилалд Хэнтий аймгийн М.Лувсандорж, Өмнөговь аймгийн С.Мөнх-Оргил, Дорноговийн Ц.Чинзориг нар оролцож байгаа юм. Харин охидоос 10 хүртэлх насны ангилалд Завханы Б.Өнөржаргал, Дорноговийн Л.Надмид, Улаанбаатар хотын БЗД-ийн Б.Мөнжин, 11-13 насны ангилалд Хэнтийн Г.Дүүрэнбилэг, Э.Маргад, Дорноговийн С.Энхтүвшин нар орон орны шилдэг даамчидтай оюун ухаанаа сорино.




















































