Хууль тогтоох дээд байгууллагын зарим гишүүд үүрэгт ажлаа умартан өөр зүйлд санаашрах болсон нь олны гайхшралыг төрүүлэх болов. Арай үгүй байгүйдээ гэх ч бодол дагуулах. Үе үеийн парламент хийсэн үйлдлийнхээ төлөөсөнд нэр хоч зүүдэг байсан нь биш. Тэгвэл энэ удаагийнх нь арай л гэмээр нэр хоч авлаа.
Бүрэлдээд удаагүй байхад Хэнтий аймгийн тойрогт МАН-аас нэр дэвшин олны итгэл хүндэтгэлийг хүлээн эрхэм түшээ цол хүртсэн Д.Гантулга “бандааш” цол хүртсэнээр эхэлсэн. Айлд хонож асуудал үүсгэсэн тэрээр хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байхдаа “бандаашаа өмсөөд гарсаан” хэмээн хээвнэг хариулж байлаа. Нэг иймэрхүү дуулиан олныг алмайруулж орхив. Төрийн түшээ хүн ийм зүйл яриад зогсч байна гэдэг хэр зохимжтой вэ гэдэг ойлгомжтой. Саналаа түүнд өгсөн сонгогчид нь хүртэл нүүр хийх газаргүй болж, ёстой “бөгс улаймаар” гэдэг шиг асуудал үүссэн. МАН-ынхан ч үүнд нь ундуйцаж юу яриад байгаан хэмээн зэмлэсэн байдаг.
Тэгвэл ах намын хийсэн үйлдлийг дүү улс төрийн хүчнийхэн дурайж эхлэв. Ерөнхийдөө уралдаж, барьцаж байгаа юм уу даа. Баян-Өлгийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон Д.Мурат гишүүнтэй холбоотой таагүй мэдээлэл сошиал ертөнцөөс хальж, хэвлэл мэдээллээр түгж байна. Ёстой л эх захгүй юм болсон байгаа юм. Өнгөрөгч оны наймдугаар сард тойрогтоо очиж ажиллах үеэрээ Б. гэх бүсгүйг элдэвлэж, эрх ямбаараа далайлган оролдон, татаж чангаасан аж. Түүний энэхүү үйлдэл тус болоогүй учир дарамтлах, нүцгэн зураг илгээх үйлдэл гаргасан байна. Ийнхүү МАН, АН хоёр нэг нэгийн харьцаатай болов. Уг нь, ах гэдэг утгаараа МАН түрүүлж байсан ч залуу хүний хөл хөнгөн гэдэгчлэн АН гүйцээд ирэв. Үнэхээр ана мана байгаа биз. Ямар ч гэсэн хойно урд төрсөн гэлтгүй хийсэн үйлдлээрээ тэд уралдаж, парламентын өнгө төрхийг тодорхойлчихлоо.
Гэхдээ энд нэг зүйл л дутуу байна. Ах намынхан алдаа хийсэн хүнээ яах нь тодорхойгүй байгаа бол АН хэвлэлээр нэг шуугиулан хариуцлага тооцно гээд амлачихлаа. Өөрөөр хэлбэл, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай "УИХ-ын гишүүн Д.Муратыг дуудаж уулзана, ярина” гэж сүржин аргагүй хэлсэн. Түүний хэлсэн энэ үгний биелэл хэзээ юм бол. Ямартай одоогийн байдлаар уулзсан, хариуцлага тооцох асуудлын талаар чимээ анир алга.
Харин МАН-ын зүгээс Д.Гантулгын асуудалд ганц үг ган хийхгүй биз. Эрхэм гишүүн ч хэлсэн үгнийхээ талаар элдвийг бодохгүй явна. Төрийн ордноор баяр бахдалтайгаар алхалсаар. Аргагүй биз. УИХ-ын гишүүн буруутай зүйл хийгээд үйлдэл дээрээ баригдаагүй бол гэмгүй юм хойно. Мөн хэлсэн үгнийхээ төлөө хэзээ ч хариуцлага хүлээхгүй. Юу ч гэж дураараа чалчиж байсан хамаагүй гэсэн үг. Ална шулна, булна гэх байтугай үүнээс цаадахыг нь хэлсэн ч яах ч үгүй. Ийм дархан эрхтэй болохоор тэд дураараа дургиж ёстой ийм л бадрангуй юм болоод байгаа юм гэдэг шиг л баатар аятай тэд алхална.
Хэт бадрангуй гишүүдтэй байснаар эцсийн дүндээ энэ парламентын нэр “секси” гэдэг тодотголтой болжээ.
Сэтгэгдэл (8)