Гуравхан хоногийн өмнө Монголын Зохиолчдын Эвлэлийн 89 жилийн ой болоод өнгөрсөн билээ. Тэртээ 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр тус байгууллагыг нэрт зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх нар анх үүсгэн байгуулж байж. Монголын Зохиолчдын Эвлэл үүсэн бий болсон цагаас хойш Монголын олон зуун зохиолчид тус байгууллагын гишүүнээр элсэж, амьдрал уран бүтээлээ холбосон түүхтэй.
Зохиолдчын ойн баярын өдөрт зориулан жил бүр “Алтан Өд“ оны шилдэг бүтээл шалгаруулах ёслолыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Мэдээж орой нь онгод юугаа мялааж, орсон гарсан улстай охь шимийн дээж хүртэцгээсэн нь тодорхой. Зохиолч, яруу найрагчид гэдэг гудиггүй эмзэгхэн сэтгэлтэй, нэг жаахан муугаар яривал аминдаа арчаа муутай хүмүүс санагддаг. Гэгээн совинтой, гэнэн яруу сэтгэлд нь хар хорын хумсын толионы чинээ ч зай завсаргүй тэднийг ойлгоход сар жилийн хугацаа хэрэгтэй. Гаднаас нь өнгөцхөн харвал эрчүүд нь цөлх гүндүүхэн ч уянгалагч сэтгэл нь үргэлжийн мөнхөд 20 наст шиг л дүрэлзэж явдаг. Хэнэгггүйхэн царайлагч тэдний ихэнх нь хээ шаагүй гадаад үзэмжийг бүрдүүлэвч дурлаж ханадаггүй зүрх нь мөнхийн болзоонд яарч, эмзэгхэн залуугийнхаараа л уянгалж байдаг.
Заримдаа хачин адармаатай авирлаж өөрөөсөө бусдыг “өчүүхэн амьтад” хэмээн, агуу их “би”-гийн өвчинд нэрвэгдэнэ. 40 градусын нажид цэнгэл цээжийг нь гашуу оргиулсаар замхрах үед өчигдөр, уржигдрынхаа өндөрлөгөөс үнэн амьдралд буцан ирж эмзэглэл, гэмшлийн гашуун тойрогт орь ганцаар уйтгарлан суух нь олон. Уянга эгшгийн зохиролтой зүрхнийхээ хэмнэл бүрээр ертөнцөд ганцхан хувь найраг дуугаа үлдээгч тэдний хувь тавилан, ерөөл учрал ердөө л ганцхан хувь байх. Билэг авьяас, учрал тохиол дутуу заяасан хэсэг бүлэг хүмүүсийн үзэж дуулах нь байтугай, хойд насных нь зүүдэнд ч орж ирэхгүй гайхаж алмайрмаар гэгээн дурсгалт, намтар баян амьдралыг нэгэн насандаа туулаад өнгөрнө. Зарим нэг нь ёстой л огторгуйн саран алмайрч хээр хонотол нь шүлэглэн дуулж явсан цэл залуу насандаа харвасан од шиг нүд гялбам хурцхан гялалзаад бөхөж алга болно. Тэдний уйлж, дуулж, ууж, идэж явсан он жилүүд үлдэгсдэд үлгэрийн юм шиг л санагдана.
Он жилүүд улиран одохын хэрээр тэдний хэн явсан, хэрхэн уянгалсан нь намуухнаар замхран одовч ямархан нэгэн дуурьсал нь заавал ч үгүй он жилүүдийн шаргал түүхийг нэвтлэн хүмүүний зүрхийг догдлуулан эгшиглэж л байдаг. Дурлал, дарс хоёргүйгээр хорвоог туулж тэвчээгүй тэдний буун дуу шиг насандаа цахилаад өнгөрсөн хувь заяа нь учир битүүлэг бүхнээр дүүрэн ч ухаарал гэмшил нэвт шингээстэй байдгаараа хүмүүн заяа ногдсон болгонд сургаал хэлж, гэрээслэл болон мөнхөд үргэлжилнэм.
Залуухан, омголон тэдний тухай
Төрийн соёрхолт Дорнын их яруу найрагч О.Дашбалбар омголон залуу нас, гэгээн хайр, уянгат найргийн мөнхийн шүлэгч болж Монгол түмний сэтгэлд үлдсэн нэгэн. Наран мандах нутгийн хүү эр хүний ид насандаа бүтээлийн баринтагаа хумьсан ч тод сонин амьдрал нь өнөөдөр ч шинэхэн хэвээрээ. Учран хайрлалцаж явсан сайхан бүсгүйчүүдийнх нь тухай дуусдаггүй урт яриа түүний нэрийг улам ч тодотгох шиг болдог. Цамцаа дэрвүүлсэн жаахан хүү би Цагаан унага аа хөлөглөн одох юм Эмзэг сэтгэл хичнээн сэргэвч Эргээд бид хэзээ ч хүүхэд болохгүй Бага насны алтан өдрүүд Байн байн зүүдэнд ирэх юм... О.Дашбалбарын шүлэг ийн үргэлжилнэ. Тэгснээ гэнэтхэн тэсэрч: Бөөрөнхий энэ хорвоогийн бөөрөн дээр нь амьдарна Бөөн цагаан үүл шиг нүүж яваад дуусна Манатай энэ орчлонгийн магнай дээр нь амьдарна Мартахын аргагүй Анимаагаа хайрлаж яваад дуусна... хэмээнэ. Тийм дээ. Омголон тэр найрагч олон сайхан Анимаагаа хайрласаар яваад л дууссан. Одот тэнгэртээ одоо ч хайрласаар л яваа ч юм бил үү.
Гэртээ чи минь гэгээ Наддаа чи минь нар... Энэ бол нэрт соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж агсан гэргийдээ зориулж гэрийнхээ ханан дээр нүүрсээр бичиж үлдээсэн шүлэг. Хүний амьдрал урьдаас тааж мэдэхийн аргагүй учир битүүлэг байдагтаа л утга уянгатай, өрнөл, тайлалтай гэнэм.
М.Цэдэндорж орсон гарсан, уусан идсэн найз нөхөддөө “Битгий түрүүлгээ харж унтаж бай” хэмээн захидаг байж. Харин хатуу хорвоогийн даажинт тоглоом тэр л захиасаар өөрийг нь бурханы орон руу авч одсон түүхтэй. Халамцуу найрагч түрүүлгээ харж унтаад өдөн дэрэндээ амьсгал нь бүтсэн байсныг олсон гэдэг. Тэгэвч тэр өөрийгөө Амьд мөртлөө үхсэн юм шиг хүн байх юм Үхсэн байтлаа амьд юм шиг хүн ч байх юм ... хэмээн найраг шүлгээрээ мөнхөлсөн билээ. Төрийн хошой соёрхолт Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт нэрт яруу найрагч, эмч Т.Очирхүү Алтай нутагтаа амиараа холбоотой нэгэн байв. Хүмүүсээ надад урам хайрла, Хүсэл сэтгэл бадраах бүлээн дулаан сэтгэл ээ хайрла хэмээн дуун алдсан найрагч маань Төмөр замын байрандаа эхнэртэйгээ хоёул намуухан тайван амьдардаг байж.
Хаа ч явсан хайртай гэргийгээсээ хагацаж салдаггүй найрагчийн эмгэнэлт төгсгөл өр өвдмөөр харамсалтай. Унтраалгүй унтсан зурагт нь дэлбэрч бурханы харьяат болсон ч Ширхэг ганц чулуу нь ч сэтгэлийн угт уяатай Сэрүүн Алтай нутагтаа би хүлэг морин шиг аргамжаатай Аргамжааны тэр л чулууг тойрон идэшлэх хүлэг шиг Аяа эх орон чамдаа би тоосны үзүүрээс эргээстэй... хэмээсэн гэгээн найраг шүлгээрээ өнөөдөр ч оршсоор л байнам. Сэтгэлдээ галтай тэдний зууханд дүрэлзэх гал өнөөдөр ч бадамлан асаж байх шиг бодогдоно. Алтан нарны дор хүмүүн заяа ногдсоных утга учиртай амьдраад дуусахад удаан, богины ялгаа үгүй санагдана. Зохиолч, найрагчид гэдэг жирийн хүмүүс яавч биш ээ.Тэднийг амьдад нь хайрлаж агуу ихийг нь мэдрүүлж байгууштай.
Д.Энхтүвшин
Сэтгэгдэл (3)