Цаг хугацаа урсдагаараа урсаж, долоо хоногийн үйл явдал өрнөх жамаараа хөвөрлөө. Улс төр нийгмийн хүрээнд чамгүй олон асуудал өрнөсөн долоо хоног байсан.
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хөмрөх сануулга өгөв
Хууль тогтоох дээд байгууллага хийх ёстой ажил үүргээ гүйцэтгэн, хуульчлан хуралдав. Банкны тухай хууль болон Агаарын тухай, Доннорын тухай хуулиуд эцсийн хэлэлцүүлэгтээ шилжсэн. Үүнээс гадна парламентад чамгүй олон сонирхолтой үйл явдэл өрнөсөн билээ. Засгийн газрын томоохон шийдвэрийн нэг болох Монгол Улсын саалийн үнээ хэмээн нэрлэгдсээн ирсэн Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан явдал олны анхаарлыг маш их татсан юм. Энэхүү мэдээллийг олон нийтэд хүргээд удаагүй байхад араас нь иргэдэд хувь эзэмшүүлэх асуудлыг дахин тавьсан нь давхар цохилт байлаа. Гэхдээ арван хувийг нь л иргэдэд тараана. Харин нэгж хувьцааны ханш ямар байх, иргэд хэрхэн хувь хүртэж, хувьцааны ногдол ашгаа авах нь огт тодорхойгүйгээр шийдвэр гаргачихав. Дуулиан дагуулсан мэдэгдэл, мэдээллийн үнэн эсэхэд иргэд эргэлзэж тээнэгэлзсээр явна. Тэгвэл эдийн засагчид, учир мэдэх хүмүүс хувь хишиг хүртээд сууна гэдэг үлгэрийн далай. Төр мэдэлдээ авсан газар хэзээ ашиг тусаа өгч байлаа. Тийм түүх байхгүй гэж байгаа. Үүнийг он, цаг хугацааны эргэлтэнд харуулах биз.
Бас нэгэн томоохон үйл ажиллагаа болсон нь Чингис бондын өрийн эхний хэсгийг төлөх явдал байсан юм. Уг бондын өрний 500 сая ам.долларыг буйгаар бяцхан шоудаад амжив, У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар нар. Үнэн чанартаа өмнөх буюу Ж.Эрдэнэбатын засаглалын үед гуйж гувшин олж ирсэн хөрөнгө мөнгөнөөс ийнхүү бондын өр төлөөсөө өгч байгаа хэрэг. Үүнийг сошиал ертөнцөд “У.Хүрэлсүх мобайлдаж өр төллөө” хэмээн шуугих. Тиймээс гавьяаг энэ засаг үүрэх үү, үгүй юу гэдэг ч сонин. Магадгүй засгийн эрхийг гартаа атгаж, тамгыг нь эзэмшиж байгаагаараа У.Хүрэлсүх гавьяатай болох нь дамжиггүй байлгүй. Энэ мэтээр сайн сайхан чимээ анир тарж байх зуур засгийн сайд нар нэгнээ “нухах”, сөрөг хүчний зүгээс гүйцэтгэх засаглалыг түлхэн унагах асуудал өрнөв.
Уул уурхайн дэд сайд Д.Загджав Оюутолгойн асуудлаар таагүй үг унагасныхаа төлөө дулаахан тохилог өрөө, тухлаг ширээ сандалнаасаа салах асуудалд орооцолдчихлоо. Хэзээ мөдгүй л түүнийг авч хаях нь. Учир нь, Оюутолгой бол монголд ашиггүй, үйл ажиллагааг нь зогсоох ёстой хэмээсэн нь сандалнаасаа салах шалтгаан болсон хэрэг. Болчимгүй үгнийх нь хариултыг салбар хариуцсан сайд даруй өгч түүнийг огцруулах асуудлыг засгаар шийдүүлнэ гэж хэлсэн юм. Арга ч үгүй. Бүхэл бүтэн салбар хариуцсан дэд сайдын амнаас гарч боломгүй үгийг тэр унагасан. Тус орд нь Монгол төдийгүй дэлхийд танигдсан томоохон баялаг. Гэтэл түүнийг зогсоох ашиггүй уурхай хэмээсэн нь хачирхалтай. Энэ бол түүнийг салбарт тэнцэхгүй гэдгийг, өндөр албан тушаал хаших эрхгүйг тод харуулав. Гэхдээ тэрээр албан тушаалаасаа салахгүйн тулд ордноор эргэлдэж, тохой залган суух нөхдөө паналдах ажилд орсон. Энэ дуулиан тархах цагаар сураг нь алдарсан нэгэн эрхэм ордноор гороолж, хаалга татан яваа дүр зураг ажиглагдсан юм. Тэр нь, УИХ-д ажиллаж Оюутолгойн гэрээнд гарын үсэг зураад Монголын улстөрөөс алгуурхан алга болсон Д.Зоригт. Сонгуулийн үеэр телевизийн дэлгэцээр ухаантай цэцэн үг ярьж хэсэг үзэгдэж байгаад сураг алдарсан эрхэм дэд сайд огцрох чимээнээр ийнхүү гороолж яваа нь хардлага дагуулсан нь энэ. Магадгүй эрх ямбанд шунан яваа болов уу гэсэн бор шувууны жиргээ ордны хонгилоор тэнүүлчилсээр.
Долоо хоногийн сүүлчийн өдрүүдэд Засгийн газрыг хөмрөх, түлхэн унагаах асуудлыг сөрөг хүчнээс гарган тавьсан. Учир нь, хийж буй ажил нь нийгэмд халтай, сонгуульд өгсөн амлалтаасаа ухарсан зүйл хийсэнтэй холбоотой. Гэхдээ засаг хөрвөх нь Монгол Улсад тийм ч аш игтай зүйл биш. Мөн Хийж хэрэгжүүлэх ажил нь дөнгөж эхэлж байна гэсэн шүүмжлэлд ч өртөөд амжлаа. Цаашид төрийн түшээд буюу мэргэн бөөдийнүүд асуудлыг хэрхэн шийдэхийг харж суух л үлдэж байна. Ирэх долоо хоногт энэ асуудал хэр хүчтэй яригдахыг хүлээн сууя.
Утааны эсрэг хэвтээ жагсаал ба Үндсэн хуулийн өдөр
Тусгаар монголын нийслэл Улаанбаатар нэрээ нэлээд хэд солих нь. Утаанбаатар байсан бол өдгөө Угаартсанбаатар хэмээгдэх болжээ. Өнөөдөр их хотын утаа тортог, угаар хэрээс хэтэрч юун гамшиг цаашаа болчихоод байгаа цаг. Арван жилийн сурагч хичээлдээ явах замдаа угаартан эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол ч гарлаа. Үүнийг төр засгийнхан дуулаагүй сонсоогүй мэт таг чиг суусаар. Хууль тогтоох байгууллагын түшээд утаатай тэмцэнэ, цэвэр агаар амьсгалуулна хэмээн хий лоозонохоос цаашгүй. Жилийн жилд л энэ үгийг хэлж, гэр хорооллын гудмаар гороолдог. Энэ удаагийн гүйцэтгэх засаглал, парламентынхан ч мөн ялгаа алга. Засгийн тэргүүн нь утаатай танилцаад л, маскаа зүү монголчуудаа, нийслэлчүүдээ хэмээн уриалж даапаалаад. Цэцэн мэргэн түшээ цолтнууд утаагүй хэмээх тодотголтой зуухтай танилцаж, удаад нь утаа, угаартай дотночилон танилцсаар цаг хугацааг илээж байна. Агаарын тухай хуулиар утааг нам дарна гэж ярин, төрийн ордноо хуралдаж, хуульчилж суугаа. Өнгөрсөн он цагт ийм л арга хэмжээ авч байсан ч тусыг эс олж, утаа улам өтгөрч найрлагаа сайжруулан баяжуулсаар буй. Ийм л замаар төрийнхөн утаатай тэмцэж байхад түмэн олон угаартаж, ертөнцийн мөнх бусыг үзүүлэх дөхөж байна. Арга ядсан эцэг эхчүүд ТББ бий болгож төр, нийслэлийнхэнд дуу хоолойгоо өргөж байгаа ч тэд огт тоохгүй яваа. Ёстой л жингийн цуваа явж л байдаг гэдэг шиг. Элдэв жагсаал хийж дуу хоолойгоо өргөхөөр оролдсон ч амжилт үзүүлэхгүй байгаа бол энэ сарын 13-нд чимээ анир гаргалгүй хэвтэж жагсав.
Тухайн өдөр Үндсэн хуулийн өдөр тохиосон. Иргэд дүн өвлийн хүйтнээр хэвтэж, цэвэр агаар хүссэнээ илэрхийлж байхад дарга сайд нар их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, мөргөж явах. Бараг л жагсагчдын дээгүүр алхаад гарсан гэхэд болно. Үндсэн хуулиа хүндэтгэн одон медаль гардуулж байх тэд эцэг хууль заагдсан хамгийн том заалт, иргэдийн эрхийг хангах асуудал шавар шавхайтай хутгалдсан гэдгийг мэдэхгүй л яваа юм байх даа. Ядаж жагсагчидтай хоёр үг сольж, иргэдийнхээ амьдралыг тольдох сэтгэл байсангүй гэж үү.
Татварын нэмэгдэл МҮЭХ-г бухимдууллаа
Бараа бүтээгдэхүүний ханш нэмэгдэх гол үндэслэл нь татвартай холбоотой. Татвар нэмэгдсэнээр даган бүх бараа бүтээгдэхүүний ханш өсдөг нь ёс мэт болсон зүйл. Нэгэнт өссөн бол эргэж бууна гэдэг ёстой үлгэр. Парламентад 65 суудалтай МАН-ын зүгээс сонгуулийн мөрийн хөтөлбөртөө уг асуудлыг ярьж, нэмэх бус харин ч тогтвортой байлгаж багасгах талаар ярьж, иргэдээ татварын дарамтаас аварна гэж байсан санагдана. Гэтэл хэлснээсээ 360 битгийн хэл хэмээр зөрж, өнөө гайхал татварыг нэмэгдүүлэхээр болов. Энэ нь, иргэдийг бухимдуулж, МҮЭХ-г жагсаал хийхэд хүргэсэн. Өнөөдөр улсын төсвийн орлого нэг их наяд хол давсан орлогоор биелээд байгаа. Гэтэл иргэдийнхээ халааснаас татвар нэрийн дор 50 тэрбум орчмыг суйлах шаардлага байсан уу гэх асуулт урган гарсаар. Яагаад ийм алхам хийсэн нь ч өнөөг хүртэл таамаг төдий. Магадгүй ОУВС-гийн шахалтаар гэх үг байж ч болох. Гэхдээ тусгаар улсын бодлого ганц сангийн шахалт шаардлагаар эргэж хөрвөж байх ёстой гэж үү. Төрийн түшээд, олонхийн суудал авсан 65 үүнийг бодох хэрэгтэй биз ээ.
Ийнхүү долоо хоногийн үйл явдал өрнөж, нийгэм донсолсоор байгаа. Тэгвэл ирэх долоо хоногт үйл явдал хэрхэн үргэлжилж, ямархуу байдлаар өрнөхийг та бүхэндээ хүргэх болно.
Сэтгэгдэл (2)