2014 онд ОХУ-ын Сочи хотноо болсон өвлийн олимпийн тоглолтын үеэр тус улсын шилдэг тамирчид сэргээш хэрэглэсэн асуудал дэлхий даяар түгсэн билээ. Түүнээс шалтгаалан ирэх сард БНСУ-ын Пёнчан хотноо болох 2018 оны өвлийн олимпийн наадамд ОХУ-ын баг тамирчид улсынхаа нэрийн өмнөөс оролцох эрхээ хасуулсан. Хэд хоногийн өмнө ОХУ-ын 42 тамирчин Швейцарийн Лозанна хот дахь Спортын асуудал эрхэлсэн Олон улсын шүүх /CAS/-д ханджээ. Тэд шүүхийн шийдвэрээр насаараа олимпийн наадамд оролцох эрхгүй болгосныг шударга биш шийдвэр гаргасан хэмээн өргөдөл илгээжээ. Олон улсын олимпийн хороо 2014 оны Сочигийн өвлийн олимпоос медаль хүртсэн ОХУ-ын зарим тамирчин сэргээш хэрэглэсэн хэмээн үзэж, тэдний гаргасан амжилтыг хүчингүйд тооцсон. Мөн хэзээ ч Олимпийн наадамд оролцуулахгүй байх шийдвэр гарган, эрхийг нь хассан байна. Эрхээ хасуулсан тамирчид CAS-д хандсан бөгөөд энэ сарын 9-нд шүүх тэдний өргөдлийг хүлээн авснаа мэдэгджээ. CAS ОХУ-ын тамирчдын асуудлыг энэ сарын 22-28-нд хэлэлцэх бөгөөд нэгдүгээр сарын 31 гэхэд тамирчин тус бүрийн асуудалд хариу өгнө гэдгээ мэдэгджээ. ОУОХ 2014 оны Сочигийн өвлийн олимпоос шагнал хүртсэн ОХУ-ын 46 тамирчныг сэргээшийн хэрэгт буруутгасан. Гэвч хэргийг шалгах явцад тэшүүрчин Денис Юсков болон хоккейчин Анна Шохина нар буруугуй нь тогтоогдсон бол урган гулгалтын тамирчин олимпийн аварга Аделина Сотниковагийн хэрэг хаагдаж үлдсэн Сэргээш хэрэглэсэн 42 тамирчинд ОУОХ хатуу шийтгэл ногдуулсан байна.