2025 оны элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) энэ сарын 18-21-нд улс орон даяар явагдана. Нийт 35,939 шалгуулагч Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлсэн бөгөөд шалгалтын дүн оноог ил тод, автоматаар үнэлэх, хяналттай технологи ашиглан бодитоор дамжуулах юм байна.
Боловсролын үнэлгээний төвийн Үнэлгээний хэлтсийн дарга Э.Цэрэнцоодол мэдээлэхдээ “Шалгалтаа өгсөн даруйд шалгуулагчид анхны оноогоо шууд үзэх боломжтой. Шалгалтын бүх дүн зургадугаар сарын 22-нд их, дээд сургуульд илгээгдэнэ. Хариултын хуудсыг машинаар уншиж, бүртгэж, хэмжүүрт оноонд хөрвүүлдэг. Гар ажиллагаа огт орохгүй тул буруу тооцох, устгах зэрэг эрсдэл үүсэхгүй” хэмээн онцолсон.
Тэрчлэн шалгуулагчид шалгалт өгөхдөө илүү дэвтэр, тооны машин, гар утас авчрах шаардлагагүй бөгөөд бүх хэрэгсэл, бичгийн хэрэглэлийг шалгалтын байранд бүрэн хангаж өгнө.