Зургаадугаар сарын 22-ноос 24-нд ихэнх нутгаар, 25-26-нд нутгийн зүүн хагаст +30 хэмийг давж халж, уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны зургаадугаар сарын 22-ноос 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон говийн аймгуудын өмнөд хэсгээр, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Сэтгэгдэл (2)